Хэнтий аймгийн цар тахлын үеийн бэлэн байдлыг хангууллаа

2020 оны 10 сарын 22

Дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахлын хоёрдахь давалгаанаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед  манай улсын хувьд ч орон нутгийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн хэсгүүдийг чадавхжуулах цогц сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах орон нутгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах, байнгын бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж практик сургуулилтыг явуулж байгаа юм.

 Ажлын хэсэг өнгөрсөн сараас эхлэн Баян-Өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад ажилласан бол энэ сарын 21-22-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, аймгийн шуурхай штабын багийн гишүүдийн бэлэн байдлыг хангууллаа.

 Хэнтий аймаг нь ажлын хэсгийн сургалт хийсэн 7 дахь аймаг. Тус аймаг нь газар зүйн байрлалаасаа хамааран Дорнод, Сүхбаатар аймгуудаар дамжин өнгөрдөг  хот, хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурван удаагийн салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийхэд “Дунд магадлалтай” гэсэн үнэлгээтэй гарсан. Энэ тохиолдолд аймаг, нийслэлийн мэргэжлийн багууд идэвхжиж байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмжтэй юм.

Сургалтаар коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх удирдлагын тогтолцоо, хяналт, эрсдэлийн үнэлгээ, түүний харилцаа холбоо, олон эх сурвалжит мэдээллийн тандалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, хавьтлын судалгаа, хилийн нэвтрэх цэгийн хяналт зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллагууд сургалт, илтгэл практик сургуулилт зэргийг хослуулан явууллаа.  

  Хоёр өдрийн сургалтад тус аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон холбогдох 120 гаруй мэргэжилтнүүд танхимаар, 18 сум, 4 тосгоны Онцгой комиссын 80 орчим алба хаагч цахимаар сургалтад оролцлоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод, Сүхбаатар аймгуудад үргэлжлэн ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top