Коронавируснээс шалтгаалсан энэ удаагийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал уламжлалт бус гарц, гаргалгаа, маневр нэхэж буй талаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн эдийн засагчид, судлаачид байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Эдийн засагч Ө.Ганзориг zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Хямралын үеэр бодлогын хүүгээ бууруулах уламжлалт арга хэмжээ авах нь үр дүн муутай болохыг 2009 оны Их хямралаас хойш улс орнуудын Төв банкууд зөвшөөрч, уламжлалт бус арга хэмжээний нөлөөлөл хурдан гардаг гэдгийг практик дээр мөрдөж байгаа” хэмээн сануулан хэлж байсан. Түүнчлэн манай улсын тухайд хямрал тохиож байхад мөнөөх л хуучин арга барилаараа, алдаанаасаа суралцдаггүй хэвээрээ байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д эдийн засгийн мэдлэгтэй, тэрдундаа орчин үеийн эдийн засгийн практик ойлголттой хүн бараг алга байна. Улс орноо, эдийн засгаа аврахын тулд уламжлалт бус арга хэмжээнүүдийг авах шийдвэр гаргасан хүмүүс нь эргээд гэмт хэрэгтэн болох вий, хариуцлага хүлээх вий гэсэн айдас хүйдэстэй байна гээд хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх.
Хөл хорио тогтоосон эхний үед Монгол Улс эдийн засгийн маш хүнд нөхцөл, долларын өрийн дарамтад байгааг харгалзахгүйгээр, сэтгэлийн хөөрөлд автаж нүүрсний экспортоо сар шахам хааснаас болж чухал үед 200 гаруй сая ам.долларын орлогоо алдсан. Монголбанкны зүгээс бодлогын хүүг дараалан буулгаж, одоо найман хувьд хүргээд байна. Мөнгөний бодлогын энэхүү шийдвэр эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй гэж би хувьдаа үзэж байна. Бодлогын хүүгийн нөлөө угаасаа 6-9 сараар хоцорч гардаг. Нөгөө талаас нэгэнт банкууд зээлээ зогсоож байгаа энэ үед бодлогын хүүгээр оролдоод тэр нь зээлийг идэвхжүүлэх арга хэмжээ болохгүй. Монголбанкны зүгээс заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулсан нь урт хугацаандаа зөв алхам боловч богино хугацаанд нөлөө үзүүлэхгүй. Учир нь Монголын банкууд хөрвөх чадварын илүүдэлтэй 10 гаруй жил явж байгаа. Банкууд эдийн засагт итгэхгүй байгаа нь гол асуудал болохоос биш тэдэнд мөнгө дутагдалтай байгаа юм биш” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяр “Төв банкууд мөнгөний бодлогын уламжлалт бус арга хэрэгслийг их хэрэгжүүлж байна. Монголбанкны хувьд ч бас цаашдаа уламжлалт бус бодлогын арга хэрэгсэл рүү зорих уу?” гэсэн асуултад дараах хариултыг өгч байна.
“Дэлхийн Төв банкууд уламжлалт бус бодлого руу орж байгаа. Гэхдээ үүн дээр ОУВС-гаас хоёр зүйл зөвлөсөн байсан. Уламжлалт бус бодлого үр дүнтэй байхын тулд нэгдүгээрт, санхүүгийн зах зээлийн хөгжил чухал юм байна. Хоёрдугаарт, тухайн улсын засаглал буюу институцийн чадавх. Энэ хоёр үзүүлэлт нь уламжлалт бус бодлого үр дүнтэй хэрэгжих үү гэдэг дээр их чухал нөлөөтэй гэсэн байгаа. Энэ агуулгаараа бид ч бас их анхаарал хандуулж байна. Хэдийгээр уламжлалт бус бодлогын зорилго, бодлого зөв байх хэдий ч, хэрэгжилт дээрээ сайн анхаарахгүй бол эдийн засгийнхаа тэнцвэртэй хөгжил, зах зээлийн үр ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөнгөний бодлогын хорооны сүүлийн хурлаар уламжлалт бус бодлогын хүрээнд Төв банкнаас репо санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах замаар банкуудын тодорхой секторт олгосон зээлээр баталгаажсан активыг репо хэлцлээр 2 хүртлэх жилийн хугацаатай авах эрхийг нээж өгсөн. Энэ хүрээнд бэлтгэл ажил хангагдаж байгаа. Мөнгөний бодлогын хүүг бууруулсан шийдвэр 2-4 улирлын дараа эдийн засаг, санхүүгийн системдээ нөлөөлж эхэлдэг. Харин репо санхүүжилтээр банкуудын активыг худалдан авснаар илүү богино хугацаанд банкуудын зээл гаргах сонирхлыг нэмэгдүүлэх буюу санхүүгийн зуучлалыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой. Энэ нь уул уурхайн бус салбарын экспортыг дэмжихийн зэрэгцээ дотоодын зээл олголтыг нэмэгдүүлнэ. Наймдугаар сарын байдлаар зээл олголт өмнөх жилтэйгээ харьцуулахад 5 хувиар буурсан байгаа. Тэгэхээр бодит секторыг дэмжих хэрэгцээ өндөр байна гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )