Өвс, тэжээл тариалангийн талбай дээрээ л ХЯМД ҮНЭТЭЙ гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Аравдугаар сарын дундуур цочир хүйтэрсний улмаас “8900 га талбайд таригдсан 170 мянган тонн төмсийг хурааж амжилгүй хаяхад хүрсэн, тийм учраас хүссэн хүмүүс нь боломжоороо аваарай” гэсэн мэдээлэл хэсэгтээ олны анхаарлыг дагуулсан. Яг л энэ хүйтрэлттэй уралдан тариаланчид өвс, тэжээлээ амжиж хураажээ. Өвс, тэжээлийн худалдаа хотын баруун зах руугаа төвлөрч явагддаг учраас “5 шар”, “22-ын товчоо” орчимд үнэ ямар байгааг сураглалаа. Өчигдрийн байдлаар өвс 10-12 мянга, ногоон тэжээл 10 мянга, овьёосны ногоон тэжээл 10 мянга, будааны ногоон тэжээл 12 мянган төгрөгийн үнээр төвлөрсөн захад худалдаалагдаж байна. Харин 25 кг хивэг 16 мянга, мөн адил хэмжээтэй “Алтан тариа”-н хивэг 17 мянга, 50 кг улаанбуудайн хивэг 40-45 мянган төгрөгийн үнэтэй бол орос овьёос 35 мянга, монгол овьёос 32 мянга, монгол хорголжин тэжээл 30 мянга, “Хурд” морины тэжээл 38 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.­

Өнгөрсөн жил ид хүйтрэх нэгдүгээр сард “5 шар” орчимд хивэг 12500-15 мянга, овьёос 28-34 мянган төгрөгийн хооронд зарагдаж байсан гэхээр энэ өвөл хивэг, овьёос ялимгүй үнэд оржээ. Худалдан авалт харьцангуй багатай хотын зүүн тал “Цайз” орчимд хивэг, овьёосны цөөн хэдэн худалдааны цэг байдаг. Тус цэгүүд дээр шуудай хивэг 16 мянга, орос овьёос 34-35 мянга, орос хорголжин тэжээл 28500, тэжээлийн будаа 25 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Худалдагч Ц.Баттөгсийн хэлж буйгаар зориод ирсэн хүмүүстэй 500 төгрөг татаад тэжээлээ худалдаалдаг гэнэ. Мөн вандуй, овьёос, арвай, улаанбуудайн холимог тэжээлийг өвлийн дүн хүйтнээр малдаа өгвөл тарга тэвээрэг сайн авдаг гээд худалдан авахаар сурдаг хүн олон байдаг аж.

 

Дорнодын өвс хотод “ирэхээрээ” 2000 төгрөгөөр үнэд орчихдог

Дорнод аймаг нь хадлангийн бүс нутаг арвинтай. Жилд 1400 орчим тонн өвс, 500 гаруй тонн тэжээл бэлтгэж нөөцөлдөг байна. Энэ жилийн хувьд ч мөн адил нөөц бэлтгэхээр ханцуй шамлан дийлэнх нөөцөө бүрдүүлжээ. Тус аймагт тариалангийн талбайгаас нь очоод өвс, тэжээл авбал “22-ын товчоо”-н дээр зарагдаж байгаагаас лав 2000 төгрөгийн татуу гэдгийг малчид хэлж байна. “22-ын товчоо”-н дээр Дорнодын өвс дунджаар 11 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж. Харин ногоон тэжээл 12 мянган төгрөгөөс буухгүй гэж ченж н.Дорж хэллээ. Тэрбээр өвс, тэжээлийн үнийн тухайд “Нэг ачааны машинд 2000 гаруй боодол өвс багтдаг гэхээр хамгийн хямддаа 10500 төгрөгөөр бодож өгнө. Ингэж ахиухан авбал үнээ татна уу гэхээс аймгаас нь очиж цаг, мөнгөө зарцуулж авчирсан учраас 11 мянгаас нэг их буулгахгүй өвсөө зарна. Өнгөрсөн зун хур ихтэй, хадлан багатай жил байсан учраас өвсний хомсдол их байна. Өмнөх жилүүдийг бодвол “22-ын товчоо”-н дээр өвс зарж байгаа ченжүүдийн тоо ч бага, өнөөдөр 20 орчим машинд өвс зарж байна. Өнгөрсөн жилийн өдийд бол ид бужигнаж байдаг сан” гэж хуучиллаа.

 

"Төв аймагт тариаланчдаас очиж авбал өвс 9000 төгрөгийн үнэтэй"

Энэ жил Төв аймгийн ихэнх сумдад зуншлага гайгүй ч дөрвөн сум гантай, зургаан сум гандуу байжээ. Тиймээс аймгийн аюулгүйн нөөцөд 600 тонн өвс, 150 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэн нөөцлөх ажлын гүйцэтгэгчээ өчигдөр сонгон шалгаруулжээ. Өвс, тэжээлийн үнийн тухайд тариалангийн талбай дээрээ 9000-10 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Ялангуяа Улаанбаатартай ойрхон сумдын тариаланч, малчид талбай дээрээсээ өвсөө борлуулах нь илүү хялбар гэж хэллээ. “22-ын товчоо” руу орж байгаа Төв аймгийн өвсний үнэ харин харьцангуй хэлбэлзэлтэй дунджаар 11-13 мянга, ногоон тэжээл бол 15 мянган төгрөг хүртэл ч үнээр зарагдаж байгаа сурагтай. Ченжийн гар дамжаад ингэж үнэд орж байгаа гэдгийг малчин Х.Зундуй ярив. Буруу технологиор хурааснаас цайраад харласан ногоон тэжээлийг 9000-тай хямд зарж байгаа газар ч бий гэнэ. Авах хүний өөрийн л сонголт мэдэх учраас 9000-15 мянган төгрөгийн үнэтэй Төв аймгийн өвс, тэжээлээс иргэд, малчид сонголтоо хийн авах болж байна. Төв аймгийн тариаланчдаас очиж өвс, тэжээл авдаг малчид нь ихэвчлэн говийнхон байдаг гэнэ. Тэр дундаа Өмнөговь аймагт зуншлага муу байсан учраас өвлийн бэлтгэлээ сайтар базаахын тулд өвс, тэжээл авч байгаа гэв. Энэ жил Архангайгаас ирж өвс авах хүмүүс нэмэгджээ. Нутгийн иргэдийн хувьд нэг айл 50-100 боодол өвсийг л өөрсдийнхөө хэрэгцээнд авдаг байна.

Сэлэнгийн тариаланчид ногоон тэжээлээ дунджаар 8000 төгрөгөөр зараад дуусаж байна

“Сэлэнгэ аймаг дахь тариалангийн талбайгаас арвай, овьёосны холимог ногоон тэжээлийг зорьж очоод авбал 7500 төгрөгөөр өгч байгаа” хэмээн Д.Батсүх нүүр хуудастаа бичсэн байна. Түүний хэлснээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын тариаланчид өвс, тэжээлээ бэлтгэж, борлуулаад бараг л дуусаж байгаа аж. Ерөнхийдөө талбай дээрээсээ өвс, тэжээлийг 7500-8500 төгрөгөөр зарж борлуулжээ. Дарханы зам засвартай байгаа учраас энэ жил тээвэрлэлт хийж, зардал мөнгө болохоос илүүтэй нутагтаа өвс, тэжээлээ зарж байгаа гэнэ. Түүний мэдэх хоёр, гурван ч тариаланч хот орж борлуулаагүй. Хотод аваачиж өвс, тэжээлээ зарвал наанадаж 11 мянган төгрөгөөр зарахгүй бол зардлаа нөхдөггүй байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн зарим суманд өвс, тэжээлийн гарц гайгүй байгаа хэдий ч маш хурдан зарагдаад дуусаж байгаа гэнэ. Саяхан цас ороод баруун болон говийн аймгуудаас малчид, тариаланч, ченжүүд ирж өвс, тэжээлийг худалдаж авах нь элбэгшжээ. Техник сайтай л бол хадлангаа хадаад, өвс, тэжээлээ бэлтгэхэд ядах юмгүй гэдгээ тариаланчид хэлж байна.

Харин өвс, тэжээлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийн тулд зарим аймагт хөрөнгө олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргаад удаагүй байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүсэлт гаргаж гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Тус үнэлгээгээр Баянхонгор аймаг “маш их”, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгууд “их” эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Энэ мэт байдлыг харгалзан үзээд зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Аймаг дундын отрын бүс нутаг Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана гэж Засгийн газрын аравдугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Түүнчлэн ХХААХҮЯ-наас өвс, тэжээл, хивэгний экспортыг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хязгаарлах шийдвэр гаргаад хэрэгжиж байгаа билээ. Засгийн газрын бодлого шийдвэр, малчид, тариаланчид, ченж нарын уялдаа холбоотой байдлын үр дүнд өвс, тэжээлийн үнэ цаашид нэмэгдэхгүйгээр боломжийн хэмжээнд тогтож, нөөц хангалттай хуримтлагдана хэмээн найдъя.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top