Дэлхийн шилдэг өгүүллэг
Бид энэ долоо хоногт дэлхий дахинд нэрд гарсан гадаадын зохиолчдын сонгодог өгүүллэгүүдийг толилуулахаар шийдлээ. Уран зохиолын бие даасан төрлийн нэг өгүүллэг нь XVIII-XIX зууны зааг дээр бүрмөсөн бүрэлдэн тогтжээ. ХХ зууны дунд үе гэхэд өгүүллэгийн төрөл нь өнөөдрийн өндөрлөгт хүрч эдүгээ цагт орон орны мянга түмэн уншигчийн сонирхлыг татдаг болоод байна. Ялангуяа, Америк, Франц, Япон, Англи, Орос, Испанийн зохиолчдын бичсэн үе үеийн өгүүллэгүүд онцгой байрыг эзэлдэг боллоо.
Дэлхийн сонгодог өгүүллэгийн ертөнцөд таныг урьж байна.
Франц Кафка
Австрийн зохиолч Франц Кафка (1883-1924) нь Праг хотноо Германы худалдаачин еврейн гэр бүлд төрсөн. Амьд ахуйд нь "Ажиглалт" гэдэг нэртэй найман богино өгүүллэгийн нь түүвэр, “Галч", "Хувирал" зэрэг цөөн хэдэн өгүүллэг нь тус тус хэвлэгджээ.
Анчин Гракхус
Хоёр хүү далан дээр суун шоо хаяцгаан, нэгэн эр сэлэм далайсан баатар эрийн сүүдэрт хөшөөний гишгүүр дээр сонин уншиж, нэг охин худаг дээр хувиндаа ус дүүргэн, жимс худалдагч бээр барааныхаа хажууд хэвтээд тэнгис рүү харан байлаа. Уушны газрын гүнд хоёр эр дарс тавьчихсан сууж буй нь хоосон үүд, цонхоор нь харагдмой. Эзэн нь өмнө нь нэгэн ширээнээ үүргэлэн суух аж. Гурван шурагт завь онгоц усанд туугдсаар явж байгаа мэт бяцхан боомтод дайвалзан байна. Цэнхэр кительтэй эр газарт бууж татлагыг цагирагт бэхлэв. Завь онгоцны ахмадын араас мөнгөн товчтой хар хүрэм бүхий хоёр эр дамнуурга дамнан явах бөгөөд түүний дээр цэцгэн хээтэй, цацагтай том торгон алчуурын дор лавтайяа нэг хүн хэвтэж байлаа. Далан дээр байгсдын хэн нь ч ирэгсдийг анхаарч үзсэнгүй, тэр ч байтугай бас л аргамжаатайгаа ноцолдсоор байгаа завь онгоцны залуурчийг хүлээхээр тэднийг нь дамнуургаа газарт тавихад нь ч хэн ч ойртож ирсэнгүй, хэн ч тэднээс юу ч асуусангүй, хэн ч тэднийг анхааралтай ажигласангүй. Залуурч бээр хүүхэд тэвэрч үсээ задгай тавьсан нэгэн эхнэр боомтын тавцан дээр үзэгдэхэд бас түр саатаад сая гүйцэн ирж усны ойролцоо зүүн талд харагдах хоёр давхар шаравтар байшин руу зангасанд дамнуургачид ачаагаа аван намхан боловч нарийхан баганууд бүхий хаалгаар авч оров. Нэгэн бяцхан жаал цонх нээн эл цувааг үүдээр орж алга болохыг үзээд цонхоо яаран хаав. Гашуудлын тууз бүхий бортгон малгайтай эр боомт руу одсон нарийхан, сүрхий муудсан гудамжнуудын нэгнээр бууж ирлээ.
Өрөөний хаалга тогших зуураа бортгон малгайгаа хар бээлийтэй баруун гартаа авлаа. Даруй үүд нээгдэж тавь орчим бяцхан банди нар хоёр эгнээ болон жагсаж мэхийн ёслов. Дамнуурга дээрээс бүтээлгийг авсанд ширэлдсэн үс, сахал, анчин хүнд л байвал зохих борлосон царайтай нэгэн эр хэвтэж байлаа. Тэрбээр хөдөлгөөнгүй, бодвол амьсгаагүй, нүд нь аниастай хэвтэж байх хэдий боловч зөвхөн эргэн тойрны нь байдал л энэ бол үхсэн хүн бололтой гэдгийг илэрхийлмой. Хотын дарга дамнуурга руу хүрч очин хэвтэж байгаа хүний цохон дээр гараа хүргээд өвдөг сөхрөн сууж мөргөж гарав. Тэгэхийн хамт дамнуурга дээрх эр нүдээ нээн шаналгаантай янзтай инээвхийлэн эрхэмсэг эр рүү нүүрээ хандуулан ийн хэлэв: "Чи хэн бэ?" Хотын дарга эрхэм өвдөг сөхрөн сууж байснаа босож ийн хариуллаа: "Рива хотын дарга байна". Дамнуурга дээр байгаа эр тамиргүй гараа сунган нэгэн хүнхэр сандал руу заан, хотын даргыг урилгын нь дагуу суусны эцэст ийн хэлэв: "Эрхэм хотын дарга аа, үүнийг би мэдэж байсан боловч эхний эгшинд бүгдийг нэгмөсөн мартчихсан агаад бүх юм холилдож хутгалдан байсан тул би бүгдийг мэдэж байвал сайн сан гэж өөр зуураа өгүүлж байсан болой. Та ч гэсэн бас намайг анчин Гракхус гэдгийг мэдэж байгаа нь лав. "Тэгэлгүй яах вэ, та өнгөрдөг шөнө өөрийгөө надад мэдэгдсэн болой. Бид хэдийнэ унтчихсан байлаа. Гэтэл эхнэр минь шөнө дундын үес намайг дуудан сэрээж, "Салваторе, чи цонхон дээр байгаа тагтааг хараач" гэсэн авай. Намайг Салваторе гэдэг юм. Үзэхүл үнэхээр нэгэн тагтаа байсан агаад тэр нь эр тахианы хэр том нэгэн байсан авай. Тэгээд тэрээр миний чихний хажууд нисч ирж суун, "Маргааш өглөө насан эцэс болсон анчин Гракхус ирнэ, түүнийг хотынхоо нэрийн өмнөөс хүлээн авагтун!" гэж шивэгнэсэн авай. Анчин бээр толгой дохин уруулаа шилэмдээд, "Тийм ээ, тагтаанууд миний урд нисэлдэн байсан юм. Гэхдээ эрхэмсэг хотын дарга аа, та намайг Ривад хоцрох ёстой гэж итгэж байна уу?" гэж асуув. "Үүнийг би баттай хэлж чадахгүй. Та насан өөд болсон бус уу?" гэж хотын дарга хариу өгүүлэв. "Тийм ээ, та үүнийг харж байна шүү дээ. Олон жилийн өмнө, асар олон жилийн өмнө миний бие Германд агч Шварцвальдад зээр хөөж яваад асганаас унаснаас хойш үхчихсэн юм" гэж анчин өгүүллээ. "Гэхдээ та амьд байна шүү дээ" гэж хотын дарга хэлбэл анчин хариуд нь "Тодорхой хэмжээгээр, тодорхой хэмжээгээр би амьд байгаа минь үнэн. Үхлийн минь завь залуурын буруу залалт, залуурчийн нь эгшин зуурын анхааралгүй байдлаас болж үзэсгэлэн төгөлдөр төрөлх нутгийн минь дундуур эргэсэн бөгөөд би юу болсныг мэдээгүй ч газар дэлхий дээр үлдэн тэр цагаас хойш дэлхийн уснаа завь минь аялан явааг мэдэж байнам. Энд миний бие нутаг орон болох Шварцвальддаа зээр хөөн хад цохионоос унан унатлаа амьд сэрүүн анчин Гракхус байсан үеэсээ хойш хэвтэж байнам. Бүх юм зүй ёсоороо болсон юм. Би ан хөөж хад цохионоос унан нэгэн хавцалд цус нөжиндөө холилдон хэвтэж байгаад үхсэн бөгөөд энэ завь онгоц намайг нөгөө ертөнцөд аваачих ёстой юм. Тэгээд үхлийн өмсгөлийг хуримын өмсгөл өмсөж буй охины адил аз жаргалтайяа өмсөн энд хэвтээд хүлээж байсан авай. Гэтэл золгүй явдал тохиолдох нь тэр" гэж анчинг хэлсэнд хотын дарга биеэ хамгаалах мэт гараа өргөн байж ийн өгүүлэв. "Тун муу хувь тавилан байна. Тэгээд та үүнд ямар ч буруу үгүй юу?". "Ямар ч буруу үгүй. Би анчин байсан хүн. Энэ минь буруутай гэж үү? Тэр үед чонотой байсан Шварцвальдад би анчнаар томилогдсон юм. Отож анаж байгаад буудан онож арьсыг нь хуулж авдаг байсан минь буруутай гэж үү? Ажил минь ариун дагшин ажил байсан юм. "Шварцвальдын цуут анчин" гэж намайг нэрлэцгээдэг байлаа. Энэ минь буруу гэж үү?" хэмээн анчин хэлэв. "Би бол үүнийг шийдэхээр дуудагдсан нэгэн биш. Гэхдээ миний бодоход үүнд ямар ч буруу үгүй мэт бас санагдах юм. Гэхдээ эцсийн бүлэгт хэн буруутай байж таарах вэ?" хэмээн хотын дарга асуусанд анчин, "Завь онгоцны ахмад. Миний энд бичиж байгааг хэн ч уншихгүй, хэн ч надад туслахаар ирэхгүй, үгссэн мэт бүгд надад туслахаас татгалзсаны учир үүдэн бүхэн, цонх бүхэн хаалттай агаад бүгд орондоо орон хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх тул миний хувьд бүх ертөнц хоногийн газар мэт болжээ. Би хэдэн зууны турш амьдарч яваа нэгэн билээ" гэв. "Гайхалтай юм. Гайхалтай юм. Тэгээд та манай Рива хотноо үлдэх бодолтой байна уу?" гэж хотын дарга асуусанд анчин бээр инээвхийлэн байж наргианаа хөгжүүлэхийн тулд хотын даргын өвдгөн дээр гараа тавин ийн өгүүлэв: "Тийм бодол алга. Би энд байна гэдгээсээ илүү мэдэх юм надад алга, илүү хийх ч юм алга. Миний завь онгоц залуур жолоо үгүй бөгөөд үхлийн доод бүсийн үлээх салхинаа туугдан явдаг юм".
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )