Б. Батжаргал: Морин хуур наадамд хэн түрүүлэх бол гэсэн догдлолоор дүүрэн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 31

“МОРИН ХУУР – 2019” буюу МОНГОЛ ТҮМНИЙ “БҮХ НИЙТИЙН ДУУ ХУУРЫН НААДАМ - 2020” – ЫН ЯВЦЫН ТУХАЙ ӨЛГӨЦ

2020 он дэлхийн түүхэнд тод үлдэнэ. “Цар тахал” хэмээгч гайт өвчин бүх дэлхийг дайны байдалд уяад удлаа. Хүн бүрий л залхлаа. Гэсэн хэдий ч мэргэн удирдагч - намынхаа удирдлагаар монгол түмэн маань эл эмгэгээс зайдуухан байцгаалаа. Гэрийнхээ бүх хаалга үүдийг таг цоожилсон маань үр дүн өгсөн. Өгч ч байгаа. Хумхын тоос шиг жижиг амьтнаас болж, дуу хуурын наадам маань болдог сар шинийн өмнөө хийгдээгүй тул намар, өвлийн сар дамнуулан ийн болж байна.

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо шав хийсэн шинэ даргатай болж. Нэр нь Батхуяг. Овгийг нь тогтоож авсангүй. Ихэд догь, хөгжим урлагаа гадарладаг байрын хүн санагдсан. Бид нэг удаа хамтдаа зурагтын нэвтрүүлэгт орж, “Морин Хуур - 2019” наадмын эхний шалгаруулалт болох явцын үед хамтран ажилласан туршлага буй. “Морин Хуур” наадмын түүхэн амжилтуудыг сэтгүүлч С. Ууганбаяр саяхан ийн өгүүлснийг та бүхэндээ мэдээлэл болгож эшлэе:

“...Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж анхны “Морин хуур”-ын эзнээр УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байсан бол дараа жилийнх нь наадамд Б.Магсаржавын “Зүүдэн бороо” дуу тэргүүлсэн нь өдгөө ч мартагдаагүй, улам л тодорч байна. Өдгөөгөөс 29 жилийн өмнө УГЗ хөгжмийн зохиолч Д. Баттөмөр "Бодлын цагаан хун" дуугаа энэ наадмын дэвжээнээс төрүүлсэн бол өдгөө энэ “хун” элин халин эрчээ авахын зэрэгцээ нэрт дуучин А.Долгорыг түмэн олноо “Тайзны цагаан хун” хэмээн нэрлүүлсэн бүтээл. Энэ мэт “Морин хуур” наадам нь өөрөө олон өвөрмөц онцлогтой. Ерөөсөө жил жилийн наадмаас түрүү хүртсэн дуунаас гадна үзэгч, сонсогч түмний зүрхэнд үүрд үлдсэн бүтээл, ой санаанд тодорсон дуучид, дотоод чанад нэвтэрсэн шүлгүүд төрсөөр байсныг дурдах нь зүйн хэрэг. “Морин хуур” наадмыг авьяас билэг нь цалгисан их авьяастнууд удаа дараа хүртэх нь бий. Тэгвэл энэ наадмын түүхэнд хамгийн олон “Морин хуур”-ын эзнээр тодорсон хүмүүс бол Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1990 онд “Хүн тэнгэр”, 2001 онд “Амраг минь дээ”, 2013 онд “Бурхан халдун” дуугаар, Төрийн шагналт Б.Шарав 1990 онд “Монгол туургатны гал голомт”, 1995 онд “Хайрхан уулын бараа”, 2012 онд “Монгол газар шороо мину” дуугаар, УГЗ Б.Бямбабаяр 1992 онд "Орхон түшээ мөрөн”, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ тус бүр гурван удаа хүртжээ. Нэрт хөгжмийн зохиолчдын гурван гурвын есөн бүтээлээс харахад “Морин хуур” наадмын өөрийн өнгө аяс, чадал чансаа харагдах биз ээ.

 Энэ есөн бүтээл нь өнөөдөр мэргэжлийн урлагийн байгууллагуудад ус агаар мэт хэрэгтэй байгаагаас гадна ард түмний зүрх сэтгэлд ч он цагийг даан эгшиглэсээр байна. Монголын билэгт найрагчдын бүтээлийг тодруулдаг “Морин хуур”-аас дөрвөн насаар ах “Болор цом” наадмыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүртээ гурав хүртсэн байдаг. Үүнийг яах гэж дурдав аа гэвэл Б.Лхагваүсрэн+Н.Жанцанноров, Д.Цоодол+ Б.Шарав гээд жишихээр нэгэн зүйл ойлгогдоно биз ээ. Б.Лхагвасүрэн найрагчийн хувьд “Морин хуур” наадамд гурван дуугаа түрүүлгэсэн нь энэ наадмын бас нэг содон амжилт болж үлдэх магадлалтай. Жилдээ ганц болдог “Морин хуур” наадам нь энэ жил 33 дахь жилдээ болж байгаа бол 32 түрүүнээс есийг нь гуравхан хүн “эзэмшдэг” гэхээр аргагүй авьяас билэг, ур чадвар, мэдрэмж шаарддаг гэдгийг ч давхар илтгэсэн хэрэг. Тэгвэл энд үлдсэн 23 түрүүнээс хоёроор нь хүртсэн авьяас билэгтнүүд бас бий. Тухайлбал, “Морин хуур”-ын анхны эзэн УГЗ Ч.Сангидорж болон УГЗ Д. Цэцэрлэг, УГЗ Т. Сэр-Од, СТА Цэн.Эрдэнэбат нар тус бүртээ хоёр удаа хүртсэн гэхээр энэ наадмын найман түрүү дөрвөн уран бүтээлчид оногдоно гэсэн үг. Тэгэхээр 17 түрүү нь долоохон хөгжмийн зохиолчид хадгалагдаж, 15 түрүүг он оны шилдэг дуунууд хүртсэн байх нь...

”. Манай хөгжмийн зохиолч, дууны хөгжмийн зохиолч, ая зохиогчид маань энэ удаад “Морин Хуур” наадмаа тэсэн ядан хүлээсэн нь илтэд. Сайхан, сайхан дууны уран бүтээл илгээж. Урлаж. Энд “мэргэжлийн ” дууны төрөлд эгшиглэсэн зарим онцолмоор Дуучин Д. Эрдэнсувдын дуулсан 247 тоот кодтой “Ээждээ оёсон дээл” уран бүтээл манай “Хүрээ дуу” – ны уламжлал илт байна. Энэ ч сайн хэрэг. Цэрэг эх орны хэд хэдэн сайхан уран бүтээл ирж (“Монгол минь амгалан байна” - Цагдаагийн “Сүлд” Чуулгын цөөхүүл найрал дуу (Код - 202), “Халх гол аав хоёр” – Хадхүү, Уранболор, Болор – Эрдэнэ, Отгонжаргал (225)). Байгаль дэлхийн сэдэвт уянга сайтай дуу ч байна (“Сайхан намар”, МУГЖ С. Ганзориг (253); “Талын хээ” – Ж. Хишигбат (133); “Зүрхний сондор нутаг” – О. Хүрэлбаатар (119)). Эцэг эхийн элбэрлийн сэдэвт “Ижий бидэн хоёр” – С. Баттулга (137) бас сайхан дуу байна. Энэ жилийн “Морин Хуур - 2019” наадмын нийтийн болон мэргэжлийн дууны төрөлд нэгэн дуу яахын аргагүй анхаарал татав. Энэ дууны нэр нь “Бүүвэй дэлхийдээ”. Б. Уранзолбоо дуулж. Нууц код нь: 124. Энэ дуу юуны өмнө эмэгтэй бүдүүн хоолой буюу “альт” (аргил меццо ч байж болно) хоолой дуулж байгаагаараа анхаарал яахын аргагүй татна. Бид цээл гургалдайн хоолойтой МУАЖ А. Долгор, МУАЖ Б. Жавзандулам, МУГЖ Б. Эрдэнэтуяа, МУГЖ Ө. Уянга нараар эмэгтэй хоолойг төсөөлөөд дасчхаж. Гэтэл энэ аргил эмэгтэй хоолойг анхлан сонсоход зогтусахаас аргагүй болж байна. Ийм төрлийн хоолойд зориулсан манай анхан туурвил байх. Ерөөсөө. “Бүүвэй дэлхийдээ” дуунд монгол дууны хөгжмийн зохиомжид хийгдэж буй хэд хэдэн шинэчлэлийн чанартай яруу хэрэглүүр ажиглагдах мэт. Эл дуу жир дуу гэхээсээ илүүтэй өрнөлийн өгүүлэмжит дуурийн “ари” - ны шинжийг агуулах мэт. Магад тодорхой хэмжээгээр “романс” маягийн төрхтэй авч, монгол үндэстний дууны үндсэн хоёр шинж болсон урт ба богино дууны сүлэл гэлтэй сонихон бүтвэртэй байх ба хуурын татлага ч төгсгөл хэсэгт оролцох нь нээлтийн чанартай гэлтэй. Ер нь энэ дууг ноот сэлттэй нь сайтар судлах хэрэг болох нь. “Айргийн дугараа” гэж ард олонд “хит” болох дуу давхиж явааг энд бас сануулмаар... Энэ мэтчилэн “Морин Хуур - 2019” монгол түмний дуу хуурын баяр наадам үзэгч, уран бүтээлийн уралдахуйн эсийг өдөөсөн “хэн түрүүлэх бол ?” хэмээсэн догдлолоор дүүрэн байна. 2020 оны 11 – р сарын 14 – нд “Морин Хуур - 2019” дууны уралдаан дүнгээ гаргана.

БҮХ УРАН БҮТЭЭЛЧДЭД АМЖИЛТ ХҮСЭХ Л ҮЛДЛЭЭ. ДОКТОР Б. БАТЖАРГАЛ 2020 оны 10 дугаар сарын 31 – ний өглөө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top