ОЛОН ӨНГӨ: Монголын минь буян дэлгэртүгэй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Хэзээ ч билээ ахмад тууварчны хэлсэн үг сэн. “Ай даа, хойшоо мал туухад ч асгартал уйлмаар үе гардаг даа” гэж. Айлаас ирсэн хэдэн хонь тогтохгүй яаж зовоодог билээ. Тэгвэл тал талаас цугласан зуу зуун хонь зүг чиггүй зүтгэж, тууварчин хүний сэрэмж, самбааг чамгүй сорьдог гэх. Тууврын мал үдлэхээрээ сүрэг сүргээрээ ижилсээд, нутаг нутгийн зүг харж хэвтэнэ. Хамраа сартайлган салхи үнэрлэнэ, нутгийнхаа үнэрийг хайна.

Хилийн зурваст хүрүүт тууврын мал үймж, урагш хөдлөхгүй цахлан гэдийж, туусан хүнийхээ уур омгийг арга ядтал барж өгнө. Тэгж тэгж байснаа цохлоод ирсэн үйлийн үрийг яалтай ч билээ гэх шиг нутгийнхаа зүг нэг чанга майлчихаад эргэж ганц ч харалгүй цаашаа явчихдаг гэнэ лээ. Түүнийг харсан тууварчдын зүрх хоосорч, нүдний аяганд нулимс эрхгүй дүүрнэ... 

Сая 30 мянган хонь монгол хүний сэтгэлийн элч болж, харьд одов. Халуун амийг нь таслалгүй, машин машинаар ачиж, хүнд өгсөн хонин сүрэг минь майлалдан майлалдан одов. Малынхаа хэлээр “Эзэн тандаа ээлээ өгсү. Эх Монголыг минь хамгаалаарай!” гэж захин захисаар одсон болов уу.

Мал нь хүртэл нутагтаа хоргодон тэмцдэг Монгол минь.

Монголынхоо төлөө харьд одсон сүрэг минь.

Хавтгай ууцтай

Халив сүүлтэй

Халзан цагаан 30 мянган хонины маань

Хишиг буян дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.42) 2020 оны 11 сарын 03

Одоо өгсөн юмныхаа араас зууралдаад байвал олсон юм маань юу ч болохгүй шүү. Бид орсуудад гэхэд л хэдэн саяар нь өгсөн. Хойшоо гарсан хонь шил архины үнэ хүрдэггүй байсан тийм үе бий шүү.

0  |  0
Top