SM ЗӨВЛӨЖ БАЙНА | Нүд сэтэлж, томруулах мэс засал хамгийн элбэг хийгдэж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

“SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг Zindaa.mn сайттай хамтран бэлтгэдэг "SM ЗӨВЛӨЖ БАЙНА" тогтмол булан энэ удаад охид бүсгүйчүүдийн их сонирхдог нүд сэтэлж, томруулах мэс заслын талаар тус эмнэлгийн их эмч Ц.Энхжаргалтай ярилцлаа.


- Нүд сэтлэх, томруулах мэс засал гэж яг ямар мэс заслыг хэлж байна бэ?

-Энэхүү мэс заслыг дэлхийд Ази үндэстэн, тэр дундаа Солонгос, Хятад, Монгол гэх мэт орнуудад их хийдэг л дээ. Сүүлийн үед манай улсад Гоо сайхны мэс заслын салбар хурдацтай хөгжихийн хэрээр энэ төрлийн нүдний сэтэлгээ хийх мэс заслыг охид бүсгүйчүүд их хийлгэж байна. Манай эмнэлгийн хувьд ч гэсэн энэхүү нүдний сэтэлгээ хийх мэс засал хамгийн элбэг хийгддэг.

Олон улсад нүдний урд хэсгийн харах талбайг хаасан илүү арьсан бүтцийг “Epicanthic Fold” буюу “Монгол үрчлээ” гэж албан ёсоор нэглэдэг юм. Ингэж нэрлэж байгаа учир нь Монгол ген давамгайлсан үндэстний нүдний өвөрмөц онцлог ийм байдаг. Жишээ нь Монголчуудаас гадна Солонгосчууд, БНХАУ-ын хойд хэсгийн нүүдэлчин угсааны үндэстэн, Орос ба Европын Монгол генийн удамтай улсуудад ийм онцлог нүдний бүтэцтэй хүмүүс элбэг байдаг шүү дээ.

Ялангуяа БНСУ-д гоо сайхны Пластик мэс засал өндөр хөгжсөн байхын зэрэгцээ үндэстний онцлогийн хувьд Монголчуудтай төстэй дээрх “Монгол үрчлээ” тод илэрсэн хүмүүс их байдаг тул энэ төрлийн мэс заслыг олноор хийж хөгжүүлж ирсэн байдаг.

- Таны яриа их сонирхолтой байна. Ер нь ийм нүдний өвөрмөц бүтэцтэй байх нь гоо зүйн талаасаа хүнд үзүүлэх ямар нөлөө байдаг юм бэ?

-Мэдээж Монголчуудын дунд дээрх “Epicanthic Fold”  буюу үндэстний өвөрмөц шинж нь тод илэрсэн хүмүүс элбэг шүү дээ. Тэглээ гээд энэ нь тухайн хүний эрүүл мэнд, энгийн амьдралд сөргөөр нөлөөлөх зүйл огт байхгүй.

Харин гоо зүйн талаасаа хүний нүдийг жижиг, хоорондоо хол зайтай мэт харагдуулдаг сул талтай байдаг. Бас үүнийгээ дагаад хамар намхан харагдуулдаг гэх мэт гоо зүйн талаасаа яривал хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл болж болно.

Иймд бүсгүйчүүд маань нүдээ гоё том харагдуулах, урт харагдуулах, нүүрний төвд байрлах гоо зүйн хамгийн чухал эрхтэн болох хамраа өндөр харагдуулах гэх мэт хүсэл шалтгааны улмаас гоо сайхны мэс заслын эмнэлэгт хандаж мэс засал хийлгэдэг.

Мөн энэхүү мэс засал маань хэсгийн мэдээ алдуулалттай харьцангуй хялбархан хийгддэг бөгөөд хүндрэл багатай байдаг тул сонирхон хийлгэх охид бүсгүйчүүд олон байна.

 

- Тэгвэл нүдийг урагш сэтлэхээс гадна арагш нь сэтлэх мэс засал гэж их ярих боллоо. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Нүд урагш сэтлэх мэс заслыг анх хийж эхэлсэн бол энэхүү мэс засал маань хөгжихийн хэрээj арагш сэтлэх, доош татаж томруулах гэх мэт пластик мэс заслууд хийгдэх болсон л доо. Нүдийг арагш нь сэтлэх мэс заслыг хийж байгаа гол шалтгааны нэг бол нүдний ерөнхий хэлбэр төрхийг өөрчлөх явдал байдаг. Тухайн хүний нүдний төгсгөлийн хэлбэр нь дээшээ чиглэсэн байна уу, доошоо чиглэсэн байна уу гэдгээр хамаараад имиж төрх бол эрс өөр болдог юм.

-Нүдийг урагш арагш сэтлэх мэс засал хийхэд үр дүнд нь нүд хэр хэмжээнд томордог юм бэ? Ямар үр дүн гардаг бэ?

Үүн дээр охид бүсгүйчүүд маань зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг онцолмоор байна. Манай эмнэлэгт хандан ирж мэс засалд орж байгаа охид бүсгүйчүүд маань бүгд л үүнийг их асуудаг. Мөн ихэнх хүмүүс их буруу ташаа мэдээлэлтэй байдаг.

Сэтэлгээ мэс засал хийлгээд нүд маш том болно, эсвэл хүссэн хэмжээгээрээ томруулж болно гэсэн ойлголттой байдаг. Энэ бол буруу юм аа...

Энэхүү мэс заслын үр дүнд 2-3 мм орчим л урагш ба арагш томруулах боломжтой байдаг. Мөн энэхүү хэмжээ маань тухайн хүний нүдний бүтэц онцлог зэргээс хамаараад хүн болгон харилцан адилгүй байдаг. Бас энэхүү мэс заслыг хийлгэхийг хүссэн болов ч хийх боломжгүй буюу шаардлагагүй хэмжээнд үр дүн багатай хүмүүс байдаг.

Гэхдээ хэдийгээр 2-3мм гээд хэлэхээр их бага юм шиг сонсогдож байв ч хийсний дараа харагдах үр дүнгийн хувьд бол маш их томорсон, хэлбэр нь их өөрчлөгдсөн харагддаг юм.

Иимд охид бүсгүйчүүд маань гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж сайн зөвлөгөө мэдээлэл авч байж энэхүү мэс заслыг хийлгэж байгаарай гэж зөвлөх байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top