УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт, С.Батхүлэг нарыг танилцууллаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын саналаар нэр дэвшигч тус бүрээр санал хураахаар шийдсэн юм. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Ц.Цогтыг дэмжиж УИХ-д танилцуулахаар тогтсон бол “Голомт”-ын гэгдэх тодотгол аваад байгаа С.Батхүлэгийг эсэргүүцэв. Улмаар гишүүд картаа сугалан хуралдааны танхимыг орхиж гарсан тул тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Нэгэнт ирц хүрэхгүй, гишүүд эсэргүүцэж гарсан учраас танилцаагүйд тооцож байна” гэв. Ийнхүү С.Батхүлэгийг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлсэнтэй Байнгын хорооны гишүүд хоёр дахь удаагаа танилцахаас татгалзлаа. Хуралдааны үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
С.Бямбацогт:
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нэр дэвшигчдийг сонгон шалгаруулж оруулж ирэх үүрэг Шүүхийн ерөнхий зөвлөлд байдаг. УИХ, холбогдох Байнгын хороо танилцаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч нар томилогддог. Өөрөөр хэлбэл, УИХ бол ерөөсөө танилцах л үүрэгтэй байгууллага. 2020 оны тавдугаар сард байх аа, Улсын дээд шүүхийн нэр дэвшигчдийн танилцуулах материалыг ирүүлсэн юм билээ. Хууль зүйн байнгын хороо танилцахгүй байсаар өдийг хүргэсэн. Өнгөрсөн долоо хоногт бид танилцсан. Тэр үед УИХ-ын гишүүд “Зарим нэр дэвшигч шаардлага хангахгүй байна” гэдэг зүйл хэлсэн. Үүнтэй холбоотой нэмэлт, тодруулга материалыг авсан. Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хоёр нэр дэвшигчийн материалыг дахиж бүрдүүлж, УИХ-ын гишүүдэд ирүүлсэн байгаа. Ингээд оруулж байгаа. Шаардлага хангасан эсэх талаар ШЕЗ-ийн төлөөлөл үг хэллээ. Бид шүүдэг байгууллага биш. Үнэхээр хангасан хүмүүсийг оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Цааш нь яаж шийдэх нь Ерөнхийлөгчийн асуудал болох байх.
Ш.Раднаасэд:
-Наад Шүүхийн ерөнхий зөвлөлийн өөрсдийнх нь алдаа юм л даа. Түүнээс С.Батхүлэг гэж хүнийг энд авчирч шүүгээд, яллаад байгаа асуудал биш юм. Жишээлбэл, Оюунтунгалаг гэж нийслэлийн Давах шатны шүүхийн шүүгч мөн үү. Шалгаруулалтын үеэр 98 хувьтай хамгийн өндөр оноо авсан байна. Тэгвэл яагаад түүнийг Дээд шүүхийн шүүгч байж чадахгүй гэж үзээд С.Батхүлэгийг оруулж ирсэн юм бэ. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл та бүхний гаргаж байгаа Дээд шүүхийн шүүгчээр ажиллах хүнийг сонгосон байдал энэ албанд тушаалд ажиллах хүний мэргэшил, мэргэжил, ёс зүйн бусад бүх зүйл дээрээ ойлгомжгүй байна.
С.Амарсайхан:
-С.Батхүлэгт нэр дэвших эрх нь байгаа хэдий ч олон жил ажилласан, дагнасан мэргэшсэн шүүгчдээ хаячихаад оруулж ирж байгаа нь өөрөө зарчмын бус байна. Ядаж анхан шатны шүүхэд ганц хоёр жил ажиллачихсан. Шүүхийн процесс дадлага, туршлага гээд бүхий л талаар нь өөрөө мэдлэгээ олоод авчихсан хүмүүсийг оруулж ирэх чадваргүй болчихсон юм уу. Монгол Улсад дагнаж ажиллаж байгаа шүүгчид ийм хэмжээнд болтлоо цөөрчихсөн эсвэл чадваргүй болчихсон хэрэг үү. Дараалан оруулж ирж байгаа чинь яг л ийм ойлголтыг төрүүлээд байна шүү. Шүүгчид мэргэшсэн, дагнасан байх ёстой.
Б.Энхбаяр:
-Би энэ Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярт “Миний хөгшин одоо болио” л гэж хэлмээр байна. Хуулийн шаардлага хангахгүй хүн удаа дараа оруулж ирж, УИХ, УИХ-аар дамжуулж ард түмнийг доромжилж байна. Энэ нэмэлт тарааж өгсөн материал дээр энэ хүний Нийгмийн даатгалын шимтгэлийнх нь хуулбарыг өгсөн байна л даа. Таван жил өмгөөллын товчооноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлсөн байна. 2006 оны дөрөвдүгээр сараас 2015 оны хоёрдугаар сар хүртэл арван жил “Голомт” банкнаас НДШ-ийг нь төлжээ. Өөрөөр хэлбэл, “Голомт” банкны ажилтан байна гэдэг нь энэ нотлох баримтаар ирсэн байгаа юм. Нөгөө талаараа ирүүлсэн материал дотор сэжигтэй баримт ч байна. Шүүхэд төлөөлөх эрх буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг С.Батхүлэг нэр дэвшигч 2013 оны аравдугаар сарын 25-ны Монгол Улсын Дээд шүүхийн 13,14 дугаартай шийдвэрээр авсан байна. Энэ гэрчилгээг хуульчийн гэрчилгээг үндэслэж олгодог. Гэтэл энэ хүн хуульчийн гэрчилгээгээ 2014 оны долоодугаар сарын 7-ны өдөр 43/01 дугаартай гэрчилгээ авсан гэдэг баримт ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхэд шүүхэд төлөөлөх эрхийг авахдаа бүрдүүлэх ёстой хуульчийн гэрчилгээгээ Дээд шүүхээс гэрчилгээ авснаасаа жилийн дараа авсан байгаад байна. Ийм журам зөрчигдсөн байх үндэслэлтэй баримт нэмэлтээр ирчихсэн. Тиймээс энэ эргэлзээг нягталж байж хэлэлцэх ёстой гэдэг үндэслэлээр хойшлуулах горимын санал гаргаж байна.
Ж.Сүхбаатар:
-Өмнө нь энэ асуудлаар байр сууриа хэлсэн. Хуулийн шаардлага хангахгүй байна. Дээр нь улс төр, ёс зүйн шаардлагаа ч хангахгүй байна. Иргэд бол луйварчнаас намайг хамгаалах байх гээд шүүх дээр очиж байгаа. Луйварчдыг хамгаалаад гаргачихлаа гээд цөхрөөд байгаа шүү дээ. Бид шударга ёсны тухай ярьдаг ч эцсийн дүндээ шүүх дээр л шийдэгддэг. НДШ төлсөн баримтыг нь харахад дандаа “Голомт” банкинд ажиллаж байсан нь тодорхой байна. Ийм хуулийн шаардлага хангаагүй нь Үндсэн хууль зөрчсөн юм болно шүү. Өөрийг нь би нэрээ татаач гэж хэлсэн. Ичиж улайхгүй орж ирээд л суучих юм. Ялгаварлан гадуурхсан асуудал байхгүй. Өөрийнх нь материал дээр ийм байна. Шүүгч нараас жаахан ич л дээ. Би иргэний хувьд чамаас айгаад байгаа байхгүй юу. Үүнийг хэлэлцүүлж болохгүй. УИХ-ын босго өндөр байх ёстой. Хувь хүний хувьд тухайлаад байгаа юм алга. Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа асуудал болохоор хэлээд байна. Нэг аж ахуйн нэгжийг ялгаж байгаа ч юм биш. Өнөөдөр манай нийгэмд улс төр, аж ахуйн нэгжүүдийг дамнасан мафи байна гээд ярьдаг. Тиймээс эргэлзээ үүсгээд байгаа юм. Танай ажиллаж байсан аж ахуйн нэгж олон төсөл хэрэгжүүлж байна. Маргаан гарна, гарч ч байгаа. Та 40-өөд хэрэг дээр ажилладаг гэж ярьсан. Тэгэхээр сонирхлын зөрчил үүсвэл яах гэдэг үүднээс хэлж байна.
Ш.Адьшаа:
-Шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг Дэгийн тухай хуульд заасны дагуу оруулж ирж байхад нэг жилийн өмнө шүүхийг шинэчилнэ гэж ярьж байсан Хууль зүйн яаманд ажиллаж байсан хүмүүс ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Би лавлагаа авсан. Гэтэл Хууль зүйн байнгын хороо хүнийг эвгүй байдалд оруулдаг, Шүүхийн ерөнхий зөвлөлд, Монголын өмгөөлөгчдийн холбоонд итгэдэггүй байдал гаргаж байна. Шударга шүүхийг байгуулна гэж та нар сонгуульд гарч ирсэн. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулаад орж ирж байхад ингэж болдог юм уу. Та нар өөрсдөө шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлж байна. Хууль зөрчиж байгаа гэвэл Эрүүгийн хуулиар шалгуул л даа. Та нарт таалагдахгүй бол хэлэлцдэггүй жишгийг та нар тогтоож байна. Энэ хүний асуудлыг танилцая гэсэн саналтай байна.
Ц.Мөнх-Оргил:
-Хойшлуулах биш танилцахаас татгалзах саналтай байна. Хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хүнийг оруулж ирээд байна. Хэрэв бид хойшлуулбал, танилцвал өөрсдөө хууль зөрчинө. Шүүхийн ерөнхий зөвлөл хууль зөрчсөн асуудлыг оруулж ирж байгаа. Булгийн эх нь булингартай учраас адаг нь булингартай байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл удаа дараа ийм алдаа гаргасан учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн асуудлыг ярих шаардлагатай. Шүүхийн ерөнхий зөвлөл ийм болохоор шүүх шинэчлэгдэхгүй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )