Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2020 оны 11 сарын 04

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн  III хуралдаан  болж, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ”, “Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааны ажлуудын эцсийн тайланг хэлэлцэж, хүлээн авлаа.

“Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааны ажлаар удирдлагын шинжлэх ухааны онол, аргазүйн үндсэн дээр улсын нөөцийн үүрэг зориулалт, ангилал, бүтэц зохион байгуулалт, удирдлагын болон боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо, удирдлагын арга барилыг шинжлэх ухааны үүднээс судлан тодорхойлсон байна.

Тус судалгааны ажлыг шийдвэр гаргагчид улсын нөөцийн удирдлагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход шууд авч ашиглах боломжтой бөгөөд зарим үр дүнг судалгааны ажлын явцад практикт хэрэглэж эхэлснээрээ онцлог юм.

Харин “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ” судалгааны ажлаар Гамшиг судлалын хүрээлэнгийн Галын лаборторид сүүлийн 10 жилд шинжилсэн нийт сорилтын дүнгийн 42%-ийг зөвхөн хөөсөнцөр хавтан болон түүнийг дүүргэгчээр ашигласан сэндвич хавтан эзэлж байгаа ба эдгээр материалын 86.84% нь галын аюулын өндөр зэргийн аюултай ангилал /хүчтэй шатдаг, хялбар дөллөж авалцан асдаг, хүчтэй тархдаг/-д хамаарч байгааг тогтоожээ.

 Цаашид барилгын гал түймрийн аюулын эрсдэлийг бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарал зохих зөвлөмжийг боловсруулан, салбарын алба хаагчид болон аж, ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангаж байгааг онцоллоо.

Мөн хуралдаанаар Шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүдийн сонгон шалгаруулалтад тус хүрээлэнгээс техник, технологийн салбар, геологи, газарзүй, байгаль орчны салбар, нийгмийн ухааны салбар, хими, биологийн салбарын бага чуулганд тус тус эрдэмтдийн төлөөллөө нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top