Дэлхийн тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-д явагдаж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бичин, өмнө нь явагдсан сонгуулийн кампанит ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, сонгуулийн дараа юу тохиолдож болзошгүй тухай урьдчилсан таамаг дэвшүүлэхээр оролдоцгоож байна.
Сонгуулийн үр дүн шүүхээр шийдэгдэхэд хүрэх үү
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн үр дүн шүүхээр шийдэгдэж болзошгүй хэмээн Financial Times таамаглажээ. Бүгд найрамдахчууд ч, ардчилагчид ч шүүхийн болзошгүй “тулаанд” бэлдэж байгаа бөгөөд баталгаатай ялалт байгуулахын тулд шүүхийн байгууллагад хандаж магадгүй гэдгээ Трамп мэдэгдээд байгаа аж.
Гэвч сонгуулийн дараа хууль шүүхээр шийдэгдэх явдал үүсэх нь санал хураалтын өдөр юу тохиолдох, урьдчилсан байдлаар санал тоолох үед өрсөлдөгчдийн хоорондын зөрүү хэр их байхаас голчлон шалтгаалах юм. Урьдчилсан санал хураалттай холбоотойгоор саяхан үүссэн шүүхийн нэхэмжлэхүүд нь нэр дэвшигчид юун дээр илүүтэй “үзэлцэхийг” харуулсан төдийгүй зарим тохиолдолд ирээдүйн маргааны эх үүсвэрийг тавьсан гэж болно.
Санал хураалтын үр дүнг харгалзалгүйгээр Трамп өөрийгөө ерөнхийлөгчөөр зарлах уу
Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, өөрийгөө ерөнхийлөгчөөр зарлаж болзошгүй хэд хэдэн үндэслэл байх магадлалтай талаар Guardian үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр цар тахлын оргил үед сонгууль явагдаж буй нөхцөл байдал нь иймэрхүү маргаан үүсэх шалтгаан болж, сонгогчдын сэтгэл санааны өөрчлөлтүүд нь Трамп-д дээрх хүслээ гүйцэлдүүлэх боломж олгож магадгүйг онцлон дурдсан байна.
Олон сая сонгогчид урьдчилсан байдлаар саналаа өгч, тэдгээрийн нэлээд хэсэг нь шуудангаар саналын хуудсаа илгээсэн явдал АНУ-ын сонгуулийн түүхэнд урд өмнө тохиолдож байсангүй. Шуудангаар ийнхүү олон санал илгээсний улмаас сонгуулийн хэсгийн хороодын ажилтнууд саналыг тоолж, дүнг мэдээлэхэд ихээхэн хугацаа зарцуулан, энэхүү ажиллагаанд нэлээдгүй хэдэн өдөр шаардагдахаар болоод байна. Хэрэв Трамп бүх саналыг тоолж дуусахаас өмнө нэлээн олон мужид илүүрхэхэд хүрвэл өөрийгөө ялагчаар зарлаж болзошгүйг сонинд мөн өгүүлсэн аж.
Түүхэнд урд өмнө тохиолдож байгаагүй зүйлс гарах боломжтой юу
Хэрэв Трамп Цагаан ордныг орхихоос татгалзвал юу болох бол гэх асуултад Independent анхаарлаа хандуулсан байна. Иймэрхүү тохиолдолд Трампыг Цагаан ордноос хүчээр гаргах болно хэмээн өмнө нь Жо Байден өгүүлж байжээ.
Өнөөгийн Ерөнхийлөгч өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байж болзошгүй тухай сүрдүүлгүүд уг сониныхны санааг ихээхэн түгшээж буй бололтой. Учир нь, засгийн эрхийг энхийн замаар шилжүүлэх явдал Америкийн нийгмийн үндэс болж, сонгуулийн маргаан үүссэн тохиолдолд хэн нэгэн нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзах явдал гаргуулахгүйн тулд асуудлыг хурдавчлан шийддэг байсан учраас одоогийнх шиг нөхцөл байдал өмнө нь гарч байсангүй.
Хэрэв Трамп Байденд ялагдсан хэрнээ өөрийн албан тушаалыг орхихоос татгалзахад хүрвэл шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөхийн өмнөх хэд хоногт Америк орон түүхэндээ анх удаа урьдчилан таамаглашгүй нутаг орон болох магадлалтай аж.
Америкчууд ирээдүйдээ итгэл муутай байна
Энэ удаагийн сонгуулийн голлох онцлогуудын нэг болох коронавируст цар тахлаас үүдсэн ажилгүйдлийн өндөр түвшин нь америкчуудын улс орныхоо ирээдүйд итгэх итгэлийг бууруулж байна хэмээн New York Times бичжээ.
АНУ-ын ирээдүйн тухай санаа зовнил нь бусад ихэнх асуудлуудаас дээгүүр тавигдаж байгаа талаар саналаа өгч буй сонгогчид өгүүлсэн байна. Улс орных нь ирээдүй хямралын үед ажлын байраа алдах, КОВИД-19-өөр өвчлөх, эсвэл хүчирхийллийн гэмт хэргийн золиос болохоос ч илүүтэйгээр тэдний санааг түгшээж байна гэжээ.
New York Times болон Siena College-ийн зүгээс зохион байгуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчид америкчуудын дараагийн үеийнхний амьдрал өнөөгийнхөөс ч муу болох вий гэдэгт санаа зовинож буйгаа илэрхийлсэн байна. Мөн АНУ-д ардчилал устаж алга болох вий гэдэгт тэд ихээхэн санаа зовж байгаа тухай уг сонинд онцлон дурджээ.
АНУ-ын оршин суугчид сонгуулийн системдээ итгэл алдарчээ
Тус улсын олон иргэд өөрийн орны сонгуулийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандан, үл итгэх явдал нэмэгдсээр байгаа тухай Los Angeles Times-ын тоймч Николас Голдберг бичсэн байна. Түүний өгүүлснээр, энэхүү итгэл алдрах явдал нь илүү гүн гүнзгий хямралын тусгал болж байна гэжээ. Улс төрийн олон ургальч үзэл бэрхшээлтэй тулгарч, харин хариуцлагагүй хайхрамжгүй явдал хаа сайгүй газар аван, зөвхөн сонгуулийн үйл явц гэлтгүй засгийн газар ч өөрөө хууль ёсны байдлаа сонгогчдын нүдэн дээр алдахад хүрэх аж.
“Хоёр долоо хоногийн өмнө би тодорхойгүй олон сонгогчид оролцсон зорилтот бүлгийг ажигласан юм. Тэд бараг бүгдээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд итгэхгүй байгаагаа модераторт хэлж байсан бөгөөд мөн өнөөгийн ерөнхийлөгчид итгэдэггүй, бас түүний өрсөлдөгчийг ч хүндэтгэдэггүй гэдгээ илэрхийлж байсан” хэмээн Голдберг дурджээ.
Америкийн Засаг захиргаа болон түүний явуулж буй бодлогод итгэлгүй хандах байдал үүссэн нь ихэвчлэн өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой гэж үзэж байна. Тэрбээр өнгөрөгч дөрвөн жилийн туршид засгийн үндсэн институтууд болон сонгуулийн системийг, Ардчилсан намыг, Холбооны мөрдөх товчоо болон тагнуулыг, чөлөөт хэвлэлийг, эрдэмтэд, төрийн албан хаагчдыг зай завсаргүй шүүмжилж байсан билээ. Тэр мөн өөрийн өрсөлдөгчдөө гэмт хэрэгтнүүд, социалистууд, аюултай этгээдүүд, галзуучууд гээд хүссэн үгээрээ нэрлэн, доог тохуу хийсээр байв.
“Зүүний соёлтой” хийсэн тэмцлээрээ Трамп дурсагдах болно
Зүүний үзэл сурталтай хийсэн тэмцлийнхээ ачаар Трампын засаглал дурсагдах болно хэмээн USA Today-ын тоймч Шарлотт Эллен дүгнэжээ. Тэрбээр өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн олон бодлогыг зогсоож, эсвэл эсрэгээр нь эргүүлсний “ачаар” тэднийг зүүний соёлын дарангуйллаас дөрвөн жилийн хугацаатай “чөлөөлсөн” аж.
Сурагч охин тань зарим хөвгүүдтэй /биологийн хувьд эрэгтэй боловч өөрийгөө эмэгтэй гэж боддог/ хамт бие засах өрөө болон хувцасны өрөөгөө хуваалцаж, зөвхөн охидод зориулсан тэмцээнд тэдгээр хөвгүүдтэй уралдах нь таныг эгдүүцүүлдэг бол харин Трампын Америкт энэ нь хэвийн үзэгдэл юм. Мөн ирээдүйн үрийнхээ амь насыг хамгаалах, цагдаа нарыг дэмжих, галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрөх, Израилын талыг баримтлах зэрэг нь Трампын Америкт хэвийн үзэгдэл бөгөөд хэрэв энэ удаагийн сонгуульд Трамп ялагдахад хүрвэл энэ бүхэн хормын төдийд “утаа” болж, зүүний үзэл сурталчдын эрхэмлэдэг өөр “хэвийн байдалд” эргэн орох болно гэж тоймч онцлон өгүүлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Trump аль хэдийн ялагдсан .
Binden garval dehii sununu