АНУ-ын Сонгуулийн комисс ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг тоолсоор байна. Хэдийгээр санал хураалтын дүн эцсийн байдлаар гараагүй байгаа ч Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байден одоогийн байдлаар тэргүүлж байна.
Цагаан ордны төлөө өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчийн сонгуулийн штаб өөр өөрсдийн нэр дэвшигч ялсан гэж мэдэгдэв. Нэр дэвшигчид ялалт байгуулахын тулд сонгогчдын коллегийн 538 гишүүний 270 санал авах ёстой. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп 214, Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден 264 санал тус тус аваад байна.
Энэ жил коронавирусний цар тахлын улмаас саналыг мөн шуудангаар авсан тулд саналын тооллого удаашрах төлөвтэй.
Гол анхаарал савалгаатай буюу санал хураалтаас өмнө нэр дэвшигчдийн боломж тэнцүү байсан мужуудад хандаад байна.
“Fox News” сувгийн мэдээлснээр, одоогийн байдлаар таван мужийн дүнг зарлаагүй байна.
Пенсилван мужид /коллегийн 20 санал/ саналын хуудасны 88.43 хувийг тоолоод байгаа бөгөөд Трамп 51.1 хувиар тэргүүлж байна.
Жоржиа мужид /коллегийн 16 санал/ саналын хуудасны 99.59 хувийг тоолоод байгаа бөгөөд Трамп 49.9 хувиар тэргүүлж байна.
Мичиган мужид /коллегийн 16 санал/ саналын хуудасны 99.11 хувийг тоолоод байгаа бөгөөд Байден 50.3 хувиар тэргүүлж байна.
Невада мужид /колллегийн зургаан санал/ саналын хуудасны 74.76 хувийг тоолоод байгаа бөгөөд Байден 49.3 хувиар тэргүүлж байна.
Аляск мужид /коллегийн гурван санал/ саналын хуудасны 52.94 хувийг тоолоод байгаа бөгөөд Трамп 63.6 хувиар тэргүүлж байна.
Умард Каролина мужид саналын хуудсыг бүрэн тоолсон ба Трамп 50.11 хувиар тэргүүлж байна.
Мичиган мужид /коллегийн 16 санал/ Жозеф Байден 50.3 хувиар тэргүүлж байгаа ба Невада мужид тэргүүлбэл тэрбээр ялалт байгуулах боломжтой болно.
Трампын сонгуулийн штаб Мичиган мужийн шүүхэд хандан санал тооллогын явцад бүрэн оролцоог хангах хүртэл энэ муж дахь саналын тооллогын зогсоохыг шаардсан. Тус штаб мөн Пенсилван болон Висконсин мужийн шүүхэд ийм асуудлаар хандаад байна. Висконсин мужид хоёр нэр дэвшигчид нэг хүрэхгүй хувийн зөрүүтэй байгаа юм. Хожим нь Трампын штаб мөн Жоржиа мужийн шүүхэд хандаж, санал тооллогыг зогсоохыг шаардав.
Сэтгэгдэл ( 0 )