Ч.Хүрэлбаатар: Нэг хүний цаана олон мянган хүний эрх давхар шийдэгддэг

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг томиллоо. Энэ бол УИХ анх удаа томилгооны сонсгол явуулах замаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг хараат бусаар, ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулалт явуулж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилж байгаа явдал аж. УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулсан юм. Ингэхэд нэр дэвшигч Д.Сүнжид, Г.Нарантуяа нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувийн, нэр дэвшигч Б.Энхболд 67.5 хувийн, нэр дэвшигч Х.Мөнхзул 60 хувийн, нэр дэвшигч Ж.Хунан 57.5 хувийн санал авч, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилогдов. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.


Л.ЭНХ-АМГАЛАН:

-Монгол Улс хүний эрхийн хуультай болоод өдгөө 19 дэх илтгэлээ гаргаж байна. Манайх цаасан дээрээ хүний эрхийг хамгаалах сайн хуулиудтай. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан нийт 50 гаруй гэрээнд нэгдсэн байдаг. НҮБ-д хүний эрхийн тайлангаа ч өгдөг орон. Харамсалтай нь, амьдрал дээр Үндсэн хуулиар олгогдсон 18 эрх бүгд зөрчигдөөд байгаа. Зөвхөн амьд явах эрхээр жишээ авъя. Монгол Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 25 мянган хүн өртөж амь насаа алдаж, тахир татуу болсон байна. Үйлдвэрлэлийн ослоор жилд 400-500 хүн амь насаа алдаж байгаа. Өнөөдөр агаар, орчны бохирдол ямар байгаа билээ. Цаашлаад залилангийн хэрэг тамтагаа алдсанаар “Хөдлөх, үл хөдлөх өмч шударгаар олж авах эрх” ч алдагдаж байгаа гэх мэтээр дурдвал 18 үндсэн эрх зөрчигдөж байна. Энэ зөрчигдөж байгаа эрхүүдийг хамгаалж, цаасан дээр байгаа хуулиудыг хэрэгжүүлээрэй.

С.ОДОНТУЯА:

-Нэр дэвшиж байгаа хүмүүсийн анкетыг харахад бүгдээрээ гадаадад сургууль төгссөн, мэргэжилтэй, мэдлэгтэй мундаг хүмүүс юм. Гэхдээ би нэг зүйл дээр сэтгэл маш дундуур байна. Өнөөдөр Монгол Улсад хүний эрх зөрчигдөхөд хэдхэн хүн л дуугардаг. Нөгөө Ганжавхлан, Энхжаргал, Арвинтариа, Оюунгэрэл, Занаа гэх мэт. Энэ хүмүүс “Хүний эрх зөрчигдөхөд би үгээ хэлэх ёстой, дуугүй өнгөрч болохгүй” гэсэн байдлаар ханддаг. Тиймээс эдгээр хүмүүсээс нэр дэвшээд зарим нь ороод ирэх болов уу гэж горьдож харсан. Мэдээж, энэ хүмүүс ажлаа сайн хийх магадлалтай. Та нарын сошиалд бичсэн зүйлүүдийг харахад хүний эрх зөрчигдсөн тухай бичсэн зүйл нэгийг ч үзсэнгүй. Шинжлэх ухааны бүтээлүүд маш их байна. Бидэнд конторын, заавал албан тушаал авчихаад дуугардаг албан тушаал нэг их хэрэгтэй биш. Монголчууд хүний эрхийн тэмцэгчдийг хүсээд байгаа юм.

Б.БАЯРСАЙХАН:

-Үндэсний комиссын үйл ажиллагаа олон нийтэд төдийлөн нээлттэй байдаггүй. Одоо цахим орчны аюулгүй байдалд дэлхий нийтээрээ анхаардаг болсон. Цахим орчинд хүний эрх, хүүхдийн эрх маш их зөрчигдөж байгаа. Ажлын байран дахь бэлгийн дарамт байна. Энэ мэт Монгол Улсад хүний эрх зөрчигдөж байгаа бүх зүйл танай ажил болно. Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисс иргэдээс хол хөндий байдаг шүү. Гэтэл танайд гадаадын төсөл хөтөлбөр, санхүүжилт, хөрөнгө нэлээд орж байдаг. Ямар ч төсөвгүй хүний эрхийн төлөө тэмцэж байгаа ТББ байгууллага бий. Үүнийг бодож ажиллаарай.

Ш.АДЬШАА

-ХЭҮК гэдэг байгууллага илтгэл тавьж, УИХ түүнийг нь сонсдог нэр төдий байдлаар ажиллаж ирсэн гэж ойлгодог. Энэ цаг үеэс эхэлж өөр зүйлийг бодож үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа. ХЭҮК гэхээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн асуудал үүссэн хүмүүсийг анхаардаг гэсэн ойлголт төрүүлэхээр ажиллаж ирсэн. Энэ бол хийх ажлынх нь нэг л хэсэг. Үндсэн хуульд заасан амьд явах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн асуудлыг шинэ шатанд гаргаж ажиллах хэрэгтэй байгаа.

Ц.ТУВААН:

-Нэг ийм зүйл байна. Төв аймагт ялангуяа МАН эрх барьж байгаа сумдуудад уулзалтаар явж байхад дарга нар нь хүмүүсээ дарамталдаг. Өөрсдөө ороод ирж чадахгүй мөртлөө цагдаа явуулаад бичлэг хийлгээд, зургийг нь авхуулаад үүдэнд нь зогсоодог. Тухайн уулзалтад орж байгаа хүмүүсийн зургийг авдаг. Дараа нь өнөө дарга нар “Энэ уулзалтад очсон тэр хүний садан төрөл юу билээ, төрийн албанд хэн нь ажилладаг билээ” гээд дарамт үүсгэдэг шүү. Үндсэн хуульд хүний гарал угсаа, нийгмийн байдал, эрхэлсэн ажлаар нь ялгаварлаж үл болно гэсэн байдаг.

Б.ЭНХБАЯР:

-Хүний эрхийн үндэсний комисст нэр дэвшигчид бол мэргэжлийн байх, улс төрийн нөлөөлөлгүй байх шаардлагыг хангаж байна гэж үзэж байгаа. Нам дамжсан нэг ч хүн алга. Та бүхэн өнөөдөр УИХ-аас мандат авч байгаа. Та бүхний дээр УИХ-аас өөр юу ч байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагуудыг түдгэлзүүлдэг чөлөөлдөг хуулийг 2019 оны гуравдугаар сард УИХ-аас баталсан. Энэ хууль Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчдөг үү гэдгийг асууя. Та бүхэн өнөөдөр томилогдвол гадаад улсын байгууллагын төлөөлөгчийн газарт томилогдоогүй шүү. Монгол төрийн төрийн өндөр албан тушаалтнаар томилогдож байгаа. Үндсэн хуулийн хүний эрхийн бүлэглэл амьд явах эрхтэй гэж эхэлдэг. Үндсэн хуулийг сахиулагчид хэнтэй ч үзэлцэх чадвартай байх ёстой. Индэр дээрээс дарга хэлэнгүүт Үндсэн хуулиа нулимж байгаа хүн хүний эрхийн манаанд зогсож чадахгүй шүү. Ж.Хунан болиорой. Даргаас айдаг хүн, хүний эрхийн сахиулагч байж чадахгүй.

Г.ЗАНДАНШАТАР:

-Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд бол Үндсэн хуулийн цэц биш. УИХ-аар батлагдсан хуулийн буруу, зөвийг Үндсэн хуулиар зөвхөн ҮХЦ шийдвэрлэнэ. УИХ дээр УИХ-ын гишүүд олон ургальчаар үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ энэ батлагдсан хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.

Ч.ХҮРЭЛБААТАР:

-Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Намтруудыг нь үзлээ. Бүгдээрээ хүний эрхийг дээдэлдэг орнуудад суралцаж, ажилласан юм байна. Хэлэх хоёр зүйл байна. Хүний эрхийг хамгаалаад явахаар хүссэн, хүсээгүй хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөтөн, эзний эрх ашиг хөндөгдөж таарна. Тэр эзэн, мөнгөтэй хүн, эрх мэдэлтэн бол өөрийн гэсэн хэвлэлтэй байгаа. Ийм үед та бүхэн өөрсдийнхөө байр суурийг хатуу барьсан, зарчмаа барьсан байр суурьтай хандаж байх учиртай шүү. Нэг хүний эрх зөрчигдсөн байна гээд хаяж ерөөсөө болохгүй. Нэг хүний цаана олон мянган хүний эрх давхар шийдэгдэх магадлалтай. Ганцхан өргөдөл ирлээ гэхэд та бүхэн сайтар судалж үзэж байх учиртай. Хамгийн зөв хэлбэрээр нь шийдэх учиртай. Ингэвэл яг түүнтэй адил мянга мянган хүний асуудал шийдэгдээд явна шүү. Зарчмаа хатуу барь. Тэр эзэмшсэн мэргэжил, олсон боловсрол, үзэж харсан бүхнээ бариад явахад зарчим л хэрэгтэй. Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 137 орноос 110-д орсон байгаа. Хэн нэгэн хүнээс хамааралтай шүүх байхад хүний эрхийг яаж хангах юм. Энэ бол бидний гамшиг шүү. Үүнийг засахад та бүхний оруулах хувь нэмэр асар их. Хараат бус шүүхтэй байж хүний эрх хэрэгжинэ. Томилогдож очоод хүмүүс өөр болдог. Зарим нь өсдөг, нэг хэсэг нь зарчмаа алдаж бусдын бууны нохой болдог. Тэгээд олон хүний горьдлогыг нураадаг. Тиймээс монголчуудын горьдлогыг та бүхэн ажил үйлсээрээ хариулаарай. Хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй эзний явуулгаар ажлаа явуулж болохгүй шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top