Трамп хожигдсон ч “ТРАМПИЗМ” үхээгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

АНУ-ын нэр хүндтэй хэвлэлүүдийн таамгаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Жозеф Байден ялаад байна. Харин Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам шүүхдэлцэхээр зэхжээ. Дэлхийн хэвлэлүүд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар юу гэж бичсэнийг хүргэж байна.

АНУ

Politico: Трамп жирийн бус улс төрч байсан тул 2016 онд ялалт байгуулсан. Харин 2020 онд Байден жирийн улс төрч учраас ялалт байгуулав. Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн уцаартай жиргээ, хараал зүхэл, сэтгэл зүйн хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, бүхий л хэм хэмжээг нураасан байдлаас залхсан сонгогчид улс төрийн хэвийн гольдролд буцаж орохыг шийджээ. Байден улс төрийн тодорхой асуудал, сэтгэл хөдөлгөм амьдралын гашуун түүхийн хамт сонгуульд орж ирж, Цагаан ордонд тогтвортой байдлыг бий болгоно гэж амласан. Тиймээс америкчуудад өдөр бүр ерөнхийлөгчийнхөө тухай бодох эсвэл жиргээнээс нь айж сэрэх шаардлагагүй болно. Трамп өрсөлдөгчөө амьдралдаа таарсан хамгийн уйтгартай хүн гэсэн ч Байдены ийм байдал сонгогчдод таалагдсан бололтой.

Associated Press: 2020 оны сонгуулийн сурталчилгаа Трампыг хөдөө нутгийн цагаан арьстнууд хэр их дэмждэг болохыг илтгэв. Тэд Трампыг албан ёсны Вашингтон, Холливуд болон эрх мэдлийн бусад төвийн эсрэг хатуу тэмцсэн жирийн бус ч өөрсдөд нь илүү ойр хүн гэж хүлээн авдаг байв.

Харин Байденд Америкийн нийгэмд үүсээд буй гүнзгий хагарлыг даван туулах арга зам хайхаас өөр аргагүй бөгөөд Вашингтонд нам хоорондын зөвшилцөл гэх урлагийг дахин сэргээх шаардлага гарна.

The New York Times: "АНУ, БНХАУ-ын харилцаа хоёр улсын дипломат харилцааны 40 жилийн түүхэнд байгаагүйгээр хүйтрээд байна. АНУ-ын Европ дахь холбоотнууд өөрсдийгөө хаягдсан мэт санаж, ОХУ-тай байгуулсан хамгийн чухал цөмийн гэрээ дуусгавар болж, Иран радио идэвхт материалын нөөцөө нэмэгдүүлж байгаа бол БНАСАУ цөмийн зэвсгээ гайхуулж байна. Дэлхийн дулаарал, дүрвэгсдийн хямрал, ядуу буурай орнууд дахь өлсгөлөнгийн аюул, цар тахлын талаар ярих ч хэрэггүй. Энэ бүх асуудал Байденыг хүлээж байна.

АРГЕНТИН

La Nacion: АНУ болон дэлхийг бухимдуулсан таван өдрийн дараа Жо Байден, ардчилсан намынхан Цагаан ордноо буцаан авлаа. Сүүлийн 100 жилд байгаагүй өндөр ирцтэй сонгууль хагарч, бутарсан улс орныг илчиллээ.

БРАЗИЛ

Globo: Байдены ялалт Доналд Трампын Цагаан ордонд өнгөрүүлсэн тайван бус дөрвөн жилийн төгсгөл ирснийг илтгэж байна. Гэхдээ түүний ялалт нь улс орон амар амгалангийн эрин үе рүү шууд орно гэсэн үг биш.

МЕКСИК

Universal: Трампын бодлогоос үлдсэн үлдэгдлээс бүрэн ангижрахын тулд Байденд маш нарийн улс төрийн маневр хийж шаардлагатай. Ийм нөхцөлд  Байден онгоцоо жолоодохын сацуу нэгэн зэрэг будах шаардлагатай тулгарна.

ИХ БРИТАНИ

Sunday Times: Байден хилэгнэж, хуваагдсан, эдийн засгийн хямрал дагуулсан коронавирусний цар тахлын гурав дахь давлагаанд нэрвэгдэж, сульдсан улс орныг өвлөн авч байна. Ихэнх ардчилсан намынханд чонын амнаас гараад барын аманд орсон мэт мэдрэмж төрж байна.
 


ГЕРМАН

Spiegel: Доналд Трампын засаглалын хүнд бөгөөд тэсвэрлэшгүй дөрвөн жил дуусаж байна. Орчин цагийн түүхэнд энэ ерөнхийлөгч шиг хүмүүсийг бие биеийх нь эсрэг турхирсан хүн үгүй. Тэрбээр нийгмээ хагаралдуулж, дэлхий даяар холбоотнуудаа айдаст автуулж, худал хуурмаг байдлаараа АНУ дахь улс төрийн соёлыг хордуулж, тоомжиргүй эс үйлдлээрээ уур амьсгалын өөрчлөлт, коронавирусний цар тахал гэх мэт дэлхийн асуудлыг улам гүнзгийрүүлсэн. Эцсийн эцэст Доналд Трамп өөрөө өөртөө бүдэрлээ. Түүнд өөрийн өнгө аяс, хэв маяг, бодлогынхоо зарим хэсгийг өөрчлөх боломж байсан. Ерөнхийлөгчийн хувьд тэрбээр илүү нээлттэй, энэрэнгүй байж, сэтгэл гаргаж, америкчуудын удирдагч нь болох боломжтой байсан. Гэвч тэр энэ боломжоо алдсан.

ФРАНЦ

AgoraVox: Доналд Трамп Цагаан ордныг тэргүүлэх хугацаагаа дөрвөн жилээр сунгаж чадсангүй. Гэхдээ тэрбээр бүгд найрамдахчуудад “трампизм” гэсэн өв үлдээж байна. Ардчилсан намынхан ялсан ч энэ үзэл суртал тус улсад бүрэн үндэслэжээ. Трамп ялагдсан ч трампизм үхээгүй. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн парадокс нь байлаа. Арванхоёрдугаар сарын 14-нд болох сонгогчдын коллегийн санал хураалт коллегийн гишүүдийн үнэнч байдлыг харуулах болно. Урвалтыг үгүйсгэх аргагүй. 2016 онд бүгд найрамдахчуудын хоёр сонгогч Трампаас, Ардчилсан намын таван сонгогч Хилларигаас урваж байсан гашуун түүх бий.

ИТАЛИ

La Stampa: “Нойрмог” Байден сүүлчийн эцэс төгсгөлгүй шөнийн дараа Пенсилван дахь шийдвэрлэх үсрэлтийн өмнө сэрж, Америк мөрөөдлийг хар дарсан зүүд болохоос сэргийлэв. Ялалт хүндхэн олдож, маргаан дагуулсан ч барууны бүх ардчилалд доргилт өгч, түүхийн явцыг өөрчилнө. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль тус улсын төдийгүй манай гарагийн ирээдүйд хамгийн чухал арга хэмжээ боллоо. Энэ удаад Цагаан ордны төдийгүй америк ухамсар, эрх чөлөөний үзэл баримтлал, ардчиллын үзэл санааг дэнчинд тавьсан байв.

ХЯТАД

CGTN: Байдены шинэ засаг захиргаа Америкийн эдийн засгийг тогтворжуулах томоохон сорилтой тулгарна. Трампаас ялгаатай нь Байден улсынхаа эдийн засгийн хямралын ноцтой байдлыг дутуу үнэлээгүй ч хүнд асуудал хүлээж байна. АНУ, БНХАУ-ын харилцааны хурцадмал байдлыг намжаахын хувьд, боловсон хүчин, геополитик, дипломатын арга хэрэгслийн өөрчлөлт зэрэг гурван зүйл найдвар төрүүлж байна.

ТУРК

Sabah: Ерөнхийлөгчөөр хэн сонгогдсоноос үл хамааран Трампыг сонгуульд ялсан гэж итгэлтэй хэлж болно. Тэрбээр хэвлэл мэдэллийн хэрэгслүүд, улс төр, бүр твиттерийг хүртэл ялсан. Түүний засаглал дөрвөн жилийн турш маргаан дагуулсан. Ийм нөхцөл байдалд саналын бараг тал хувийг авна гэдэг том амжилт. Трампизм ялсан. Цаашид юу болохыг дэлхий хүлээж байна.

ИРАН

Sobh-e No: Бид Трамп ялагдсан баярлах ёстой ч Байден ялсан нь тийм ч таатай бус. Трампгүй дэлхий илүү дээр гэдэг нь тодорхой. Трампын ялагдал баярлууштай үйл явдал. Харин Байден илүү суларсан улс төрийн тогтолцооны төлөөлөл болно. Байдены ялалт бол ухаангүй дайсны оронд гарч ирж буй хуурамч дайсны илрэл.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.131) 2021 оны 10 сарын 21

Барууны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ардчилсан намыг үргэлж магтсан сайшаасан мэдээлэл нийтлэж, сөрөг хүчний намыг муулсан гутаасан мэдээлэл нийтлэж байгаа нь шударга бус сэжигтэй санагдаж байна

2  |  0
Заагч(202.179.31.251) 2021 оны 10 сарын 21

Байден зөнөг юу ч шийдэж чадахгүй жагсаал цуглаан үргэлжилнэ луйвардаж ялах аядсан үнэндээ Трамп ялсан байден обамагийн бөгс долоож хужаад долигнож 8 жил дэд ерөнхийлөгч маягтай өмнө нь байсан.Америкт гийгүүлсэн юм үнэхээр түүний хувьд юу ч байхгүй хамгийн муу зөнөсөн новш зуун мянгыг зуун сая гэж андуурсан сүүлд мэтгэлцээнд Трампыг Жорж гэж хэлсэн зөнөсөн хэн ч биш өвгөн америкт залуу ерөнхийлөгч үнэхээр дутагдаж байна.Монголд сайнгүй 4 жил даанч харамсалтай.

3  |  1
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 10

Байден зөнөг юу ч шийдэж чадахгүй жагсаал цуглаан үргэлжилнэ луйвардаж ялах аядсан үнэндээ Трамп ялсан байден обамагийн бөгс долоож хужаад долигнож 8 жил дэд ерөнхийлөгч маягтай өмнө нь байсан.Америкт гийгүүлсэн юм үнэхээр түүний хувьд юу ч байхгүй хамгийн муу зөнөсөн новш зуун мянгыг зуун сая гэж андуурсан сүүлд мэтгэлцээнд Трампыг Жорж гэж хэлсэн зөнөсөн хэн ч биш өвгөн америкт залуу ерөнхийлөгч үнэхээр дутагдаж байна.Монголд сайнгүй 4 жил даанч харамсалтай.

1  |  1
Top