Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтад зайлшгүй шаардагдах сонгогчдын төлөөллийн 270-аас илүү саналыг Жо Байден цуглуулж чадсан хэдий ч тэр дороо Цагаан ордон руу орчихно гэсэн ойлголт биш аж. Сонгуулийн дараах нөхцөл байдал ихэвчлэн хялбаршуулсан үйл явц байдаг хэдий ч энэ удаад нэгдүгээрт, шинэ Ерөнхийлөгч албан тушаалаа авах хугацаа эхлээгүй байгаа, хоёрдугаарт, хэрэв Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан шүүхээр заргалдахад хүрвэл асуудал нэлээн хүндрэх төлөвтэй байна. Тэгвэл цаашдын үйл явдлууд хэрхэн өрнөх бол.
Жо Байден ялчихлаа, цаашид яах вэ!?
Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нэгдүгээр сарын 20-ны үд дунд эхэлнэ хэмээн АНУ-ын Үндсэн хуульд заагджээ. Уламжлал ёсоор Вашингтон дахь Капитолын толгод дээр Дээд шүүхийн даргын оролцоотойгоор Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол явагдаж, тэд албан ёсоор үүрэгт ажилдаа орцгоодог. Энэ удаад бүх зүйлс төлөвлөсөн ёсоор явагдвал Жо Байден, Камала Харрис нар 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж, албан тушаалаа хүлээн авах юм.
Шилжилтийн (Завсрын) үе гэж юу вэ?
Энэ нь, сонгуулийн үр дүнг батламжлах болон шинэ Ерөнхийлөгч албан тушаалаа хүлээн авахын хоорондох үе юм. Ирээдүйн Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Засгийн бүхий л эрхийг гартаа авахад бэлтгэх зорилгоор энэхүү шилжилтийн хугацаанд өөрийн багаа бүрдүүлнэ. Энэ удаад Байден өөрийн багийг хэдийн бүрдүүлэн, санхүүжүүлэх эх үүсвэрээ хүртэл олчихсон учраас тэд шилжилтийн үед зориулсан вебсайт бүтээгээд амжжээ.
Багийн гишүүд Ерөнхийлөгчийн засаг захиргааны ажилтнуудыг сонгож, тэдэнтэй бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэн, төрийг удирдах явцад бэлтгэнэ. Холбооны янз бүрийн агентлагууд өөрсдийн төлөвлөсөн үйл ажиллагаа, төсөв, хэнд ямар үүрэг, хариуцлага оногддог талаар мэдээлэл өгөхийн тулд энэхүү багтай уулзалт зохион байгуулна. Иймэрхүү маягаар шилжилтийн үеийн багийнхан шинэ засаг захиргаанд зайлшгүй шаардлагатай бүхий л мэдээллүүдийг цуглуулан, тангараг өргөх ёслолын дараа түүнд туслалцаа үзүүлэхэд бэлэн болж, зарим үед тус багийн гишүүдээс Ерөнхийлөгчийн засаг захиргаанд уригдан ажиллах тохиолдол гардаг.
Шилжилтийн үед ямар нэршлүүд ихэвчлэн хэрэглэгддэг вэ?
Сонгогдсон Ерөнхийлөгч: Нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулсан хэдий ч шинэ Ерөнхийлөгчийн хувьд тангараг хараахан өргөөгүй тохиолдолд энэхүү нэршлийг хэрэглэнэ.
Кабинет: Жо Байден өөрийн кабинетдаа хэнийг оруулахыг хүсэж буйгаа мөдхөн зарлах юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй хамгийн ойр ажиллах өндөр тушаалын эрх мэдэлтнүүдийн нэрсийг зарлана. Үүнд дүрэм ёсоор, Засгийн газрын үндсэн агентлаг, газруудын удирдлагууд багтдаг. Нэр дэвшигчдийг батламжлах сонсгол: Засгийн газрын удирдах албан тушаалд Ерөнхийлөгчийн санал болгож буй олон нэр дэвшигчид эхлээд Сенатаар дэмжигдэх ёстой. Байдены сонгосон хүмүүсийг Сенатын зөвлөлүүд хэлэлцээд, дараа нь тухайн нэр дэвшигчийг дэмжих эсэх саналыг хураах юм. Селтик: Сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд Жо Байден тусгай албадын онцгой хамгаалалтад орох учраас тэрбээр Селтик хэмээх кодчилсон нэршилтэй болжээ. Нэр дэвшигчид өөрсдөө кодчилсон нэршлээ сонгодог бөгөөд Трампыг Могул хэмээн нэрлэдэг байсан бол, харин Камала Харрис өөртөө Пионер хэмээх нэршлийг сонгосон аж.
Сонгуулийн үр дүн шүүхээр шийдэгдэхэд хүрэх болов уу?
Энэ удаад иймэрхүү нөхцөл байдалд хүрч ч магадгүй. Трамп “Байдены талд гараад байгаа бүхий л мужууд” дахь саналын дүнгийн талаар заргалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, ямар ч батлах баримтгүй атлаа өөрийгөө луйвардуулчихсан мэтээр яриад байгаа аж. Түүний багийнхан энэ асуудлаар зарга үүсгэхийн тулд шилдэг хуульчдын эрэлд гарсан тухай зарим эх сурвалж мэдээлсэн байна. Тэд шуудангийн саналыг эсэргүүцэн зарим мужийн шүүхэд хандаж, дараа нь Дээд шүүх хүртэл ч явах магадлалтай юм. Гэвч энэ бүх нэхэмжлэлүүд санал хураалтын үр дүнг өөрчлөхөд тусалж чадахгүй хэмээн ихэнх шинжээчид үзэж байна. Трампын сонгуулийн багийнхны шаардлагаар зарим мужуудад дахин санал тооллого явагдаж болзошгүй ч энэ нь сонгуулийн үр дүнг төдийлөн өөрчилж чадахгүй аж.
Камала Харрис шилжилтийн үед юу хийх вэ?
Камала Харрис АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч бөгөөд шилжилтийн хугацаанд өмнөх засаг захиргааны туршлагаас суралцан, өөрийн багийг бүрдүүлэхэд мөн анхаарах юм. Дэд Ерөнхийлөгч Цагаан ордны Баруун жигүүрт ажиллах хэдий ч уламжлал ёсоор Вашингтоны баруун хойд зүгт байрлах тэнгисийн цэргийн ажиглалтын төвийн газар нутаг дээр амьдран, ажил-гэрийн хооронд 10 минутын хугацааг зарцуулах аж.
Цагаан ордон руу ороход хэр хүндрэлтэй вэ?
Өнөөгийн нөхцөлд энэ бол маш энгийн зүйл. Харин түүний анхны эзэд болох Ерөнхийлөгч Жон Адамс, түүний гэргий Эбигейл нар 1800 онд Цагаан ордон руу орох үед бүтээн байгуулалтын ажил нь хараахан дуусаагүй байсан учраас нэлээн хүндрэл бэрхшээлтэй байсан аж. Дөрвөн жилийн хугацаанд дотор засал чимэглэл нь тодорхой хэмжээгээр муудах, мөн Ерөнхийлөгч нарын гоо сайхны таашаал өөр өөр байдаг учраас шинэ эзэд зарим тавилгыг өөрчилж, засвар хийхэд хүрдэг. Цагаан ордны зөвхөн өрөөнүүд гэхэд 132, угаалгын өрөө 35 байдаг учраас засвар тохижилтод зориулан Конгрессийн зүгээс төсөв хуваарилдаг юм байна. Тэргүүн хатагтай Мелани Трамп загварын ертөнцийн төлөөллийн хувьд Цагаан ордонд олон зүйлийг өөрийн таашаалд нийцүүлэн өөрчилсөн бөгөөд тэдний нэг нь Зул сарын баялаг эд хэрэгслүүд аж.
Байден ажлаа юунаас эхлэх бол
Трамп урдын адил Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч Ардчилсан нэр дэвшигч тангараг өргөснийхөө дараа ямар алхмууд хийж эхлэх тухай Америкийн хэвлэлүүд мэдээлээд эхэлсэн байна. Сэтгүүлчдийн таамаглаж буйгаар, Жо Байден албан тушаалаа авангуут өмнөх Ерөнхийлөгчийн гаргасан олон шийдвэрүүдийг цуцлах болно гэжээ. Үүнд:
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Biden гайхалтай ерөнхийлөгч болно .
Дандаа америкийг сулруулах заалт америкийн эсрэг хүнийг зайлуулах хэрэгтэй.
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37