МУ-ын Үндсэн хуулинд иргэн хүн амьд явах эрхтэй гээд заачихсан байдаг. Гэтэл олон хүн өвчнөөс бус эдгээх гэж уусан эмнээсээ хордож байна. Манай улсад одоогийн байдлаар 34 эмийн үйлдвэр, 190 орчим эм ханган нийлүүлэх төвүүд болон 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол улс эмийнхээ 90 хувийг импортоор авдгаас ОХУ-аас оруулж ирж байгаа эмийн 80 хувь нь хуурамч байдаг гэсэн яриа бий. Манайхан хямдыг нь бодож Эрээнээс хуурамч бараа оруулж ирдэг шигээ өндөр үнэтэй үйлчилгээ өндөртэй атлаа дуурайлган хуурамчаар үйлдсэн эмүүдийг олноор оруулж ирдэг аж. Саяхан таван сарын сүүлчээр Улсын мэргэжлийн хяналтын газар нийслэлийн эмийн сангуудад шалгалт хийжээ. Энэ үеэр МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй Виагра, Нитроглицерин, Баралгин, Бифидумбактерин, Саридон, Глицерин шахмал эмүүд, Реамбирин тарилгын шингэн, Дексон нүдний дусал, Цифрокс, Тетрациклин, Флуцинарын тосон түрхлэг зэрэг эмийг худалдаалж байсныг хурааж авч устгасан байна. Зөвхөн нэг удаагийн шалгалтаар илэрсэн нь энэ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Монголчууд хоолондоо бус эмэндээ хордож байна” гэж өгүүлсэн нь хуурамч эмийн хэрэглээ өндөр байгааг салбарын сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг билээ. Ер нь улсын эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж авах гол шалгуур нь хямд үнэ . Тэгэхээр хямдхан үнээр эм биш хор худалдан авдаг гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр нийт эмийн 10 хувийг санаатайгаар үйлдвэрлэсэн хуурамч эм эзэлдэг бол манайхан энэ арван хувийн найман хувийг нь оруулж ирдэг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Нөгөө талаар иргэд эмчийн жороор олгосон эмүүдийг хэрэглэхээсээ илүү дур мэдэн аптекаас жоргүй эм авдаг нь хуурамч эмийн хэрэглээг өөгшүүлж байна. Өнгөрсөн өвөл томуугийн үед эмнэлгүүд парацетамолын хордлогод орсон хүүхдүүдээр дүүрэн байсан болон N1 H1 вирусын халдварын үед хуурамч терафлю орж ирсэнээс хуурамчийг нь уусан хүмүүс нас барсан гэж ярьдаг. Үгүйсгэх аргагүй л мэдээлэл. Хүмүүсийн байнга хэрэглэдэг дебазол, парацетамол, А,С витамин, аналгин зэрэг эмүүд хэдийнэ хуурамч эмийн жагсаалтанд багтжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан 170 эмийг шинжилж үзэхэд дөнгөж 27 нь л стандартанд нийцсэн гэсэн мэдээлэл байдаг аж. Энэ бол эм биш хор эмийн сангуудаар дүүрэн байна гэсэнтэй ялгаагүй. Бүсгүйчүүдийн гоолиг сайхан бие хаатай болъё гэсэн хүсэл дээр тулгуурласан тураана, таргалуулна гэсэн эмнүүд болон үр зулбуулах эмнүүд үр дүнгээ өгөлгүй харин орон иргэдийн маань амь насыг авах тохиолдол цөөнгүй гарах боллоо. Амьд явах эрх аюулгүй хоол хүнс, эм тарианаас ихээхэн хамааралтай гэдгийг анхааралдаа авахгүй бол угаасаа цөөхөн монголчууд маань уусан эмэндээ хордож үхэх аюулын харанга дэлдээд байна. Хүний амь насаар бизнес хийж хуурамч эм тариа оруулж ирж байгаа цагаан халадтай алуурчдыг гэсгээх цаг нэгэнт болжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )