ЦАР ТАХАЛ | Сангийн сайд төсөвт ТОДОТГОЛ хийхийг хүлээн зөвшөөрлөө

2020 оны 11 сарын 13

УИХ өнөөдөр /2020.11.13/  цахимаар хуралдаж, Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг бүхэлд нь 86.8 хувийн саналаар эцэслэн баталлаа. Санал  хураалтад 68 гишүүн оролцлоо.

Төсвийн төслийг өргөн барьж, шат шатны хэлэлцүүлэг өрнүүлэх үед Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байсан билээ. Тиймээс ч Төсвийн тухай хуулиа дагаж, арваннэгдүгээр сарын 15-нд багтаан баталж буй 2021 оны төсөвт ТОДОТГОЛ хийх нь цаг хугацааны л асуудал гэдгийг ZINDAA.MN сайт өнөөдөр өглөө мэдээлсэн.

Тэгвэл  ирэх оны төсвийг онлайнаар хэлэлцэх явцад  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цар тахлын нөхцөл байдлын нийгэм, эдийн засаг дахь нөлөөллөөс хамааран тодотголыг чуулганаар оруулна гэдгээ өөрөө хэллээ.

 

2021 оны төсвийн төсөлд:

 

  • Орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь
  • Зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30 хувиар тооцож тусгасан.

 

Түүнчлэн төсвийн алдагдлыг 2020 оныхоос  2,692.8 тэрбум төгрөгөөр бууруулж, -2,153.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөн тусгаж оруулж ирсэн юм.

2020 оны наймдугаар сард УИХ-аас 2020 оны төсөвт тодотгол хийхдээ тэнцвэржүүлсэн алдагдлыг 5.1 хувиас өсгөн 12.5 хувиар баталсан билээ.

2021 оны төсвийн төсөлд алдагдлыг үүнээс ХОЁР дахин бууруулж тусгасныг Дэлхийн банкны зүгээс ЭЕРЭГ МЕССЕЖ гэж харж буйгаа илэрхийлж байсан.

Гэвч дотоодод цар тахлын халдвар алдагдсантай холбоотойгоор төсвийн алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьд барих боломж буурч байна.

Тухайлбал,  цар тахлын нөхцөл байдлаас хамаараад эхний байдлаар тооцож үзэхэд  аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлэх НДШ-ийн орлого тасалдаж, төсвийн алдагдал 1 их наядаар нэмэгдэж магадгүй болж байна. Уг нь өсвийн хөрөнгө оруулалтуудын зардлыг эргэн харах шаардлага үүсэж байгаатай эдийн засагчид, зарим гишүүд санал нэг байна.

Харин Сангийн сайд төлөвлөсөн төслүүд явдагаараа явна гэж өнөөдөр мэдэгдлээ.

Цар тахалтай холбоотойгоор төсөвт тусгасан 860 тэрбум төгрөг гэдэг бол ирэх оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд Хүүхдийн мөнгөнд олгох санхүүжилтийн дүн юм.

Коронавирусийг дотооддоо алдаагүй байх үед урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас авсан хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд энэ оны төсвийн алдагдал 5.1 хувиас 12.5 хувь болж өссөн юм.

Харин одоо цар тахал дотоодод алдагдаж тодорхой бус байдал улам нэмэгдэж буй учраас 2021 оны төсөв нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн тодотгол дагуулж таарах нь.

Мэдээж Мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих ямар орон зай байгаа вэ гэдэг асуудал зэрэгцэн яригдана.

Төсвийн бодлогоор эдийн засагт эрэлт, идэвхжил бий болгох шаардлагатай зэрэгцэн Мөнгөний бодлого зөөлрөх орон зайг өнгөрсөн хугацаанд  Инфляцын түвшин бага байсан нь олгож байсан билээ.

Түүнчлэн цар тахлын энэ үед үнэ хөөрөгдөхгүй байх, инфляцыг барих чиглэлд анхаарч ажиллах нь төсөв, мөнгөний бодлогын хэрэгжих орон зайг тэлэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.222.163.98) 2020 оны 11 сарын 16

Хэн наадахыг чинь тооцож Ийм их доллар зээлэх гээд бгаа юм бэ? Ихэнх хумуус хийлгэхгуй гэж Байхад бас баахан зээл гуйлгачилахаа боль Чи.

0  |  0
ghbg;(66.181.178.227) 2020 оны 11 сарын 14

Ковидын вакцин 60 %-д нь авах юм бх. ҮЛдсэнийх ньМӨНГИЙГ ОФФШОРТ ХИAСЭН МӨНГӨНӨӨСӨӨ ГАРГА!!!

3  |  0
Тахал(202.179.25.144) 2020 оны 11 сарын 13

Хамгийн аюултай тахал тээгч хэн бэ? Мэдүүлгээ нууж маршрутаа худал мэдүүлсэн тахал тээгч биет юм байна. Бас covid 19 тусаад эдгэрсэн хүмүүс маш аюултай тахал тээгч гэж байна.

1  |  0
Top