Цар тахлын халдварыг дотооддоо алдсанаас үүдэн нийгэм, эдийн засагт тодорхой бус байдал үүсэх өндөр эрсдэлтэй болсон энэ үед УИХ-аас 2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг батлах гэж байна. Хуулийн хугацаа ёсоор арваннэгдүгээр сарын 15-ны өдөрт багтаан төсвийг хуульчлан батлах ёстой юм.
Улс орон даяар Бүх нийтийн бэлэн байдал зарлан, хатуу хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдал учраас гишүүд байгаа газраасаа төсвийн эцсийн хэлэлцүүлэгт оролцон, батлах гэж байна.
Ирэх оны төсвийн төсөлд Орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, Нийт зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30 хувь, Төсвийн алдагдлыг 2020 оныхоос 2,692.8 тэрбум төгрөгөөр бууруулж, -2,153.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөн тусгаад буй юм.
Энэ оны наймдугаар сард УИХ-аас 2020 оны төсөвт тодотгол хийхдээ тэнцвэржүүлсэн алдагдлыг 5.1 хувиас өсгөн 12.5 хувиар баталсан билээ.
2021 оны төсвийн төсөлд алдагдлыг үүнээс ХОЁР дахин бууруулж тусгасныг Дэлхийн банкны зүгээс ЭЕРЭГ МЕССЕЖ гэж харж буйгаа илэрхийлж байв.
Тэгвэл дотоодод алдагдсан цар тахлын хүрээг богино хугацаанд хумьж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа энэ үед төсвийн алдагдлыг ирэх онд 2 дахин бууруулах боломж бүрдэхгүй ч байж болзошгүй гэсэн болгоомжлол үүсэж байна.
2020 оны эхний арван сарын хугацаанд Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй ч нийгэм, эдийн засагт тодорхой хязгаарлалтуудыг хийсэн нь СОРИЛТ авчирсан.
Хэдий тийм ч “Засгийн газар өмнөх жилүүдэд харьцангуй сайн ажиллаж, эдийн засгийн нөөц боломж бүрдүүлж, дансандаа бага ч гэсэн хуримтлал үүсгэж чадсан нь шок орж ирсэн эхний үед төсөвтөө шууд тодотгол хийхгүйгээр хариу арга хэмжээ аваад явчих боломжтой байсан. Санхүүгийн орон зай бага ч гэсэн байсан учраас эхний саруудад цар тахлын эсрэг тодорхой арга хэмжээ авч чадсан гэж харахаар байна. Төсвийн орлого тасалдаж байсан ч тодорхой хэмжээгээр цар тахлын эсрэг төсвийн хариу үйлдэл үзүүлсэн” гэж Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсныг сануулъя.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа өнгөрсөн саруудад авч хэрэгжүүлсэн бодлогын талаар хэлэхдээ:
“Ковид-19” өвчнөөс шалтгаалсан эрсдэлтэй нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг би хувьдаа цаг алдалгүй, тодорхой дэмжлэг болсон арга хэмжээнүүд болсон гэж үзэж байна. Бусад улс орнууд ямар арга хэмжээ авч байгааг бүгдийг нь судалж байгаа. Ийм үед бүгдийг нь тултал дэмжих бололцоо угаасаа байхгүй. Аж ахуйн нэгжүүд, айл өрх, иргэдээ орлоготой байлгах тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг, 1, 2 дугаар багцаар авч хэрэгжүүлсэн нь тодорхой өгөөжөө өгч байна. Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгааг харахад ч манай улсыг тодорхой үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн юм байна гэж дүгнэсэн байна.
Эдийн засаг хумигдаж, саармагжсан үед төсвийн бодлого эдийн засагт эрэлтийг бий болгох ёстой. Дагаад бодлогоо хумьчихвал эдийн засагчдын хэлдгээр борц болно. Буцаад сэргээхэд илүү их өртөг зардал шаардана. Тиймээс эдийн засгаа дагаж бодлогоо хумихгүйгээр, мөчлөг сөрсөн бодлого барьж, тогтворжуулах чиглэлд ажиллаж байгаа” гэж байсан юм.
Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг харахад Монгол Улсад шинэ нөхцөл байдал үүсэж байна. Засгийн газар дараа дараагийн арга хэмжээнүүдийг авах хэрэгцээ шаардлага үүсэж болзошгүй болов.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс гадна бодлого, шийдвэрийн өөр ямар орон зай байгаа вэ гэдэг асуудал яригдаж таарна.
Тухайлбал, ирэх оны төсвийн төсөлд алдагдлыг энэ жилийнхээс хоёр дахин бууруулсан нь коронавирусний эрсдэлтэй үед БОДЛОГЫН ОРОН ЗАЙ ҮЛДЭЭЖ БАЙНА гэж харж болох уу гэсэн асуултыг эдийн засагч Б.Даваадалайгаас асуухад:
-Ямар ч байсан эерэг мессеж болж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хангаж байна. Төсвийн алдагдлаа нэг жилийн дотор хоёр дахин бууруулна гэдэг амаргүй алхам. Хэрэв үүнийгээ хэрэгжүүлээд 5.1 хувьдаа барьж ажиллаж, чадвал Монгол Улсын Засгийн газар эргээд төсвийн зөв бодлого, тогтвортой байдал руу буцаж байгаа юм байна гэж харагдахаар байна. Төсвийг дотор нь задлаад ярьвал эдийн засагчид янз бүрийн л байр суурьтай байгаа байх. Төслөөс харахад зардал буурч, орлогын төсөөлөл нэмэгдсэн байна. 2021 онд орлогоо 25 орчим хувиар өсөхөөр тооцсон нь бага зэргийн өөдрөг тооцоолол байна уу гэж харж байна. Засгийн газар ирэх онд эдийн засгийн өсөлт 7 хувийг давна, 42 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төсөөлсөн. Энэ боломжгүй зүйл биш л дээ. Ихэнх орнуудад ирэх онд эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт давамгайлж байгаа. Дэлхийн банкны зүгээс ч эдийн засгийн өсөлт 5 хувийг давах болов уу гэж төсөөлж байгаа. Хэрэв Засгийн газар төлөвлөснийхөө дагуу орлого нэмэгдүүлэх арга хэмжээнүүдээ үр дүнтэй хэрэгжүүлж чадвал 7 хувь гэсэн өсөлтийг бий болгох боломж бүрэн байгаа. Үүнийн тулд төлөвлөсөн арга хэмжээгээ цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Гааль татварын шинэчлэл бол маш чухал. Ялангуяа уул уурхайн экспорт дээр гааль, татварын шинэчлэлийн хэрэгжилт чухал. Зардлын гол бууралт нь урсгал зардал дээр ажиглагдаж байна. Нийгмийн халамж буюу Хүүхдийн мөнгө оны хоёрдугаар хагасаас буурна. Нийгмийн даатгалын шимтгэлийг аваад эхэлнэ. Өмнө нь хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ихэнх нь буцаад хэвийн байдалдаа орж байгаа учраас орлого, зарлага аль аль талдаа нөлөө үзүүлэх болов уу” гэсэн хариултыг өгч байсан.
Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас хамаараад эхний байдлаар тооцож үзэхэд аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлэх НДШ-ийн орлого тасалдаж, төсвийн алдагдал 1 их наядаар нэмэгдэж магадгүй болж байна. Мэдээж төсвийн хөрөнгө оруулалтуудын зардлыг эргэн харах шаардлага үүсэж байгааг хэлэхэд илүүдэхгүй байх.
Цаашлаад цар тахлын тархалт хумигдах эсэхээс төсвийн алдагдал хамаарна. Өнөөдөр гишүүд төсвийг хуулийн хугацаанд баталсан ч тодотгох нь цаг хугацааны асуудал болох биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )