С.Мөнгөнчимэг: Онцгой тохиолдолд төсөв дээр тодорхой алдагдлыг авч явах нь зайлшгүй зүйл

2020 оны 11 сарын 10

 

Эдийн засаг хумигдаж, саармагжсан үед төсвийн бодлого эдийн засагт эрэлтийг бий болгох ёстой. Дагаад  бодлогоо хумьчихвал эдийн засагчдын хэлдгээр борц болно. Буцаад сэргээхэд илүү их өртөг зардал шаардана. Тиймээс эдийн засгаа дагаж бодлогоо хумихгүйгээр, мөчлөг сөрсөн бодлого барьж, тогтворжуулах чиглэлд ажиллаж байгаа.

 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй КОВИД & ТӨСӨВ сэдвийн хүрээнд ярилцлаа.


-Шинэ оны төсвийн төслийг өргөн баригдсаных нь дараа буюу нэг сарын хугацаанд л илүү анхаардаг, тойрон хэлэлцдэг  хандлага манайд тогтсон. Төсвийн төсөл боловсруулах үйл явц дахь хөндлөнгийн оролцоог хангаагүй, зохицуулаагүйтэй холбоотой байх л даа. Уг нь төсөв боловсруулах, боох, хэлэлцэх процесс бүтэн жилийг  хамардаг шүү дээ. Эдийн засагчдын байр суурийг сонсоход ирэх  оны төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Та Сангийн дэд сайдын хувиар шинэ төсвийн төслийг ус, шүүсийг нь сайн шахсан гэж үнэлж, дүгнэж чадах уу?

-Өөрийн тань хэлж байгаа үнэн л дээ. Хуулийн хугацааны дагуу төсвийн төслийг аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн барьж, арваннэгдүгээр сарын 15-наас  өмнө батлах ёстой байдаг. Энэ хугацаанд хүмүүс төсөвт илүү анхаарал хандуулдаг. Төсвийн төслийг боловсруулах процедур тодорхой төлөвлөгөө, шалгууруудын хүрээнд бүтэн жил үргэлжилдэг. Улсын төсөв, санхүүгийн бодлогыг  барьж байгаа Сангийн яамны мэргэжлийн баг олон судалгаа, олон асуудлууд дээр харьцуулалт хийж, төсвийн төслийг боловсруулдаг. Төсөв гэдэг бол эдийн засгийг  тогтворжуулах, өсөлтийг бий болгох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэрэг  Засгийн газрын урт хугацааны бодлого үйл ажиллагааг дэмжсэн, нийгмийн  хөгжлийн суурь  асуудлуудыг агуулгадаа шингээхийн сацуу улс орон нэг жилийн хугацаанд ямар зорилт дэвшүүлж, ямар үр дүн гаргаж болох вэ гэдэгт чиглэсэн богино хугацааны зорилтуудыг ч давхар шингээж байдаг. Монгол Улс хүний төлөө л гэсэн нийгмийг цогцлоохыг зорьж байгаа  шүү дээ. 

Тэр ч утгаараа Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа  хүний суурь асуудал болох боловсрол, эрүүл мэндийн шинэчлэлийн асуудлыг чухалчилж бодлого, хөрөнгө оруулалтаа  хандуулж буй  нь хамгийн эхэнд тодотгох онцлог гэж үзэж байна. Хоёрдугаарт, дэлхий нийтэд “Ковид-19” өвчнөөс шалтгаалаад нийгэм, эдийн засгийн тодорхой бус,  саармагжсан нөхцөл байдал үүссэн хэвээрээ байна. Тиймээс цар тахлаас ард иргэдийн эрүүл мэнд болон бодит орлогыг  хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ давалгаанд хүчтэй өртүүлэхгүй байх,  аль болох хохирол багатай  даван туулах чиглэлд анхаарч, төсвийг боловсруулсан.  

-Төсвийн төсөл дэх хөрөнгө оруулалтын зарим зардлууд шүүмж дагуулж байна. Хөрөнгө оруулалтын зардлыг тооцохдоо ямар бодлого барьсан  бэ?

-Ирэх онд хөрөнгө оруулалтын зардалд 1.6 их наяд төгрөг тусгасан. Шилжих зардал, шинээр баригдах, концесс гээд дотроо ялгаатай байгаа. Ер нь бол хуучин эхэлсэн байсан хөрөнгө оруулалтуудыг дуусгая. Дуусгахгүй байгаад байвал он он дамнаад, өртөг зардал нь өсөөд, үр ашиггүй болох учраас нэгэнт эхэлсэн ажлуудыг богино хугацаанд шахаад дуусгая гэсэн бодлого барьсан учраас ирэх онд  шилжих хөрөнгө оруулалтууд буюу өмнө нь  эхэлчихсэн хөрөнгө оруулалтууд дийлэнх нь байгаа юм.

-Он дамнан баригдах Соёлын төвийн 32 барилгыг шилжих хөрөнгө оруулалтад тусгасан байсан. Үүнийг таны хэлж буй бодлоготой холбож ойлголоо. Тэгвэл дээр нь  нэмээд шинээр долоон соёлын төв барихаар төсөлд тусгажээ. Соёлын төвийн барилгууд эдийн засагчдаас их шүүмж дагуулдаг.  Ялангуяа цар тахлаас хамаарсан эрсдэл өндөр энэ үед эдгээр зардал эрэмбийн хувьд хойшоо байх ёстой гэцгээж байгаа шүү дээ?

-Би нийгмийн чиглэлээр ажиллаж байсан учраас  үүн дээр өөрийн хувийн байр суурийг илэрхийлье. Монгол Улс хүнийхээ төлөө л гэсэн нийгмийг хөгжүүлэхийг зорьж байгааг эхэнд хэлсэн шүү дээ. Тэр ч үүднээс харахад хүнийхээ хөгжилд зориулж байгаа зардал  гэж үүнийг үзэж байна. Орон нутаг дахь  иргэд хөгжихөд соёлын төв чухал нөлөөтэй. Соёлын төв гэхээр л хааяа нэг  кино гардаг, эсвэл бүжиг болдог,  улиралдаа нэг цугладаг газар гэж бодож болохгүй. Орон нутагт  хүмүүс амьдарч байгаа. Тэнд байгаа хүмүүсийн хөгжих,  үйлчилгээ авах эрх, бололцоог төр засгийн зүгээс бодлогоор дэмжих ёстой. Би бол Соёлын төв барихаар тусгасан зардлыг буруутгахгүй. Нийслэлд амьдардаг  залуус  ч гэсэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг эрэлхийлдэг, шаарддаг шүү дээ. Хүн нийгмийн амьтан. Тухайн хувь хүний хөгжилд хэрэгтэй төрийн үйлчилгээ, бусад үйлчилгээнүүдийг дамжуулан хүргэх нэг гол суваг нь соёлын төв байдаг. Соёлын төвийн асуудал бол нийгмийн суурь болох хүний хөгжил рүү чиглэсэн шийдвэр юм. Ер нь сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг нийгэмд чухал хэрэгтэй зүйлс рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, дэд бүтцийг орхигдуулаад, хэтэрхий удаан хугацаанд явсантай холбоотойгоор сүүлийн гурав, дөрвөн жилд хэрэгцээ, шаардлага нь улам нэмэгдсэн дүр зураг харагдаж байгаа юм.

 

Нэгэнтээ эхэлсэн хөрөнгө оруулалтуудыг дуусгахгүй он он дамнавал, өртөг зардал нь өсөж, үр ашиггүй болно.

 

-Та өмнө нь ХНХ-ын дэд сайдаар ажиллаж байсан. Манай улс хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоо шинэчлэн гаргадаг. Одоо бидний яриад буй сургууль, цэцэрлэг, соёлын төвийн хүрэлцээгүй байдал нь Монгол Улс хөгжлийн бодлогоо хүн амын өсөлтийн төлөвтөө нийцүүлж тодорхойлж, шийдвэрлэдэггүйтэй л холбоотой харагдаж байна?

-Сүүлийн жилүүдэд бодлогын уялдаа холбоо харьцангуй  сайжирч  байгаа. Ер нь үнэн л дээ. Хүн байгаа газар л амьдрал өрнөж, хэрэгцээнүүд нэмэгдэж байгаа. Хүн ам хаанаа яаж өсөх юм, ирээдүйд ямар байх юм, тэдэн  жилийн дараа  хэдэн сургууль, цэцэрлэг хэрэгтэй байх вэ гэдэг нь газарзүйн байршлын хувьд ч гэсэн тодорхой болоод явсан бол өөр. Тийм уялдаа муу байснаас зарим газар сургуулиуд гурван ээлжээр хичээллэх, зарим газар нь хүнийхээ тоотой уялдаагүй илүү хүчин чадалтай сургууль ашиглалтад орсон  зэрэг жишээ бий. Гэхдээ одоо харьцангуй үүнийг тооцож, төлөвлөдөг болсон. Энэ бүгд түрүүний хэлсэн хүнээ гэсэн нийгмээ хөгжүүлэхийн тулд хөгжлийн бодлогоо  хүн ам зүйн бодлоготойгоо уялдуулахын чухлыг харуулж байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд төрөлт  нэмэгдэж байгаа. Өмнө нь жилд 40-50 мянган шинэ хүүхэд мэндэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд  дунджаар 75-80 мянга болж өсөөд байна. Манай улсын хүн амын дийлэнх нь залуу.  Тиймээс одоо  залуус  давамгайлж байгаа энэ үедээ хүнийхээ нөөцийг, ялангуяа залуус маань дэлхийн түвшинд, томоохон компаниудад ажиллаж чадаж байгаа нь их нөөц боломж байгааг харуулж байна. Харин  зөв төлөвлөж,  ашиглах л зайлшгүй шаардлага байгаа.

-Төсвийн алдагдал оны сүүлээр таван их наяд шүргэх тооцооллыг тодотголоор баталсан. Коронавирусний халдвар, тархалтаас сэргийлэх хүрээнд хөл хорио тогтоож болзошгүй эрсдэл хэвээрээ байна. Ирэх оны төсвийн төсөл эдгээр нөхцөл байдалтай хэр нийцтэй байгаа вэ?

-Аливаа төлөвлөлтөд 100 хувь бүх юмыг тооцох боломж байхгүй ч эрсдэлээ бүгдийг л тооцохыг чухалчилж,  ирэх оны төсвийг боловсруулсан. Хамгийн том эрсдэл нь “Ковид-19” байна. Хоёр дахь том эрсдэл нь манай эдийн засаг уул уурхайгаас нэлээн хараат байдаг учраас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ирэх оны төсвийн том эрсдэл. Гэхдээ бид дэлхийн эдийн засаг, дотоодын  нөхцөл байдалтай орлого, зарлагаа уялдуулж тооцож буй учраас тооцоо судалгаатай төсөв болсон гэж үзэж байна. Нөгөө талдаа дэлхийн улс орнуудад вакцины  хөгжүүлэлт  сайн хийгдэж байгаа учраас итгэл найдвар байна. Бусад улс орнуудыг харахад ч “Ковид-19” цар тахал гарснаас хойш төсвийн алдагдал нь  нэлээн өндөр хувиар тооцогдож байна. Хагас жилийн тооцооллоор улс орнууд ДНБ-ийхээ 10-30 хувийн  төсвийн алдагдал  хүлээж байна. “Ковид-19”-ийн эдийн засагт учруулж буй хор нөлөө Дэлхийн II дайнаас   эдийн засагт учирсан сөрөг нөлөөллөөс илүү байна гэдгийг эдийн засагчид, судлаачид хэлж байна.

-Улс орнуудын төсөв өндөр алдагдал хүлээж байгаа л даа. Манай тухайд бүс нутагтаа бол төсвийн алдагдлын хэмжээгээр өндөрт тооцогдож байгаа шүү дээ?

-Энэ жил “Ковид-19” өвчин гарсан. Өнгөрсөн наймдугаар сард нөхцөл байдлаа тооцож үзээд, төсвийн тодотгол хийж,  ДНБ-ий тэнцвэржүүлсэн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцож баталсан. Эдийн засаг хумигдаж, саармагжсан үед төсвийн бодлого эдийн засагт эрэлтийг бий болгох ёстой. Дагаад  бодлогоо хумьчихвал эдийн засагчдын хэлдгээр борц болно. Буцаад сэргээхэд илүү их өртөг зардал шаардана. Тиймээс эдийн засгаа дагаж бодлогоо хумихгүйгээр, мөчлөг сөрсөн бодлого барьж, тогтворжуулах чиглэлд ажиллаж байгаа. Төсвийн алдагдалд яах аргагүй л “Ковид-19”-ийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд мөнгөн дүнгээрээ өндөр дүнтэй байгаа. Нэгэнт эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудыг үргэлжлүүлж байгаа. Тэдгээр хөрөнгө оруулалтуудын цаана хувийн аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж үлдэх гээд хичээж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын зардлууд ирээдүйн эрсдэлийг бууруулж, бага өртөг зарцуулж хүндрэлийг давах юм байна гэдэг үүднээс мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж байгаа. Хааяа нэг онцгой тохиолдолд төсөв дээрээ тодорхой алдагдлыг авч явах нь зайлшгүй байх ёстой. Үүнийг ирээдүйд эдийн засгаа тогтвортой байлгахын тулд төлж байгаа зардал ч гэж хэлдэг л дээ. Магадгүй бид төсвөө алдагдалгүй байлгана гээд зардлаа хумьчих юм бол ирээдүйд эдийн засагт  тогтворгүй, савлагаатай байдал үүснэ. Тэр үед одоо гаргаснаас илүү зардал, цаг хугацаа шаардана. Тиймээс зөвхөн нэг жилийн хугацаанд тодорхой эрсдэл үүрээд,  урт хугацааны тогтвортой байдлаа хангах зарчмаар л  бодлогоо барьж байгаа юм.

-Эдийн засгаа борц болгохгүйн тулд арга хэмжээнүүд авч байна гэж Сангийн сайд өмнө нь хэлж байсан л даа. Өнгөрсөн хугацаанд авсан арга хэмжээнүүд даацтай, хүртээмжтэй  байж чадсан болов уу. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр хувийн хэвшлүүд, аж ахуйн нэгжүүд өөрсдийг нь дэмжих  бодлогын орон зайг төр засаг олж харахгүй байна гэх юм л даа?

-“Ковид-19” өвчнөөс шалтгаалсан эрсдэлтэй нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг би хувьдаа  цаг алдалгүй, тодорхой дэмжлэг болсон арга хэмжээнүүд болсон гэж үзэж байна. Бусад улс орнууд ямар арга хэмжээ авч байгааг бүгдийг нь судалж байгаа. Ийм үед бүгдийг нь тултал дэмжих бололцоо угаасаа байхгүй. Аж ахуйн нэгжүүд, айл өрх, иргэдээ орлоготой байлгах тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг, 1, 2дугаар багцаар авч  хэрэгжүүлсэн нь тодорхой өгөөжөө өгч байна. Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгааг харахад ч манай улсыг тодорхой үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн юм байна гэж дүгнэсэн байна.

-Төсвийн  бодлого тэлэхэд мөнгөний бодлого хатуурах нь нийцтэй гэх тайлбар зонхилдог. Энэ удаад төсөв тэлээд, мөнгөний бодлого ч зөөлрөөд байна. Ер нь эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх чиглэлд төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтуудын уялдаа оновчтой байж чадаж байгаа болов уу?

-Таны хэлдэгээр заавал төсвийн бодлого, мөнгөний бодлого нь эсрэг хэлбэрээр ажиллах нь нийцтэй гэсэн үг биш л дээ. Төсвийн бодлого, мөнгөний бодлого нь эсрэг хэлбэрээр ч, мөн  зэрэгцэх байдлаар бодлогоо авч хэрэгжүүлдэг. Энэ нь эдийн засаг ямар байна, нөлөөлөл нь юу байна, эрэлтийнх үү, нийлүүлэлтийнх үү, эдийн засагт гаднын нөлөө байна уу, байхгүй байна уу гэдгээс хамаардаг. Энэ ч утгаараа энэ удаагийн нөхцөл байдалд  үнэлэлт, дүгнэлт хийж тодорхой бодлогуудыг авч хэрэгжүүлж байна. Яг өнөөдрийн нөхцөлд  төсөв, санхүү, мөнгөний бодлогууд нэг нэгийгээ дэмжих буюу зэрэгцэх хэлбэрээр бодлогоо авч хэрэгжүүлбэл арай эрсдэл багатай байна.

-Төсөв, мөнгөний бодлого эдийн засгийн хэлбэлзлийг тогтворжуулах ёстой байтал манай тухайд эсрэгээрээ даамжруулж байна гэсэн судалгаа байсан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төсвийн мөчлөг сөрсөн бодлогыг сүүлд буюу  2017 оноос л авч хэрэгжүүлж байгаа. Сүүлийн гурав, дөрвөн жилд огцом савлагаа үүсгэхгүй, харьцангуй тогтвортой явж байгаа гэж харж байна. Эдийн засгийг өсгөхөөс илүү тогтвортой, ойлгомжтой байлгах нь урт хугацаандаа өсөлтийг бий болгоно. Эдийн засаг нэг жил их өсөөд, дараагийн жил их  буураад байх нь бүр илүү хор уршигтай, эрсдэлтэй. Эдийн засгийн тогтвортой байдал тал руу хандсан, мөчлөг сөрсөн бодлогыг сүүлийн хэдэн жил тууштай хэрэгжүүлж, үр дүн гаргаж буйг ОУВС ч хэлж байгаа шүү дээ. Төсөв, санхүүгийн бодлого савлагаа үүсгэж байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй байна.

-Манай улс  нөгөө л нэг уул уурхайн салбарын  хэт хамаарлаа оны эхний хагаст  хүчтэй  мэдэрсэн. Ер нь Сангийн яам гэдэг газар энд тэндээс төвлөрүүлсэн мөнгийг хуваарилахаас гадна эдийн засгийн бүтцээ эрүүлжүүлэхийн тулд ямар бодлого чиглэл барьж байгаа вэ гэдгийг тодруулж асуумаар байна?

-Эдийн засаг уул уурхайгаасаа хамааралтай байгааг  бүгдээрээ л ярьдаг. Хамаарлыг бууруулах, эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулах тал дээр хаа хаанаа л ажиллаж байгаа. Эдийн засагчид ч санал бодлоо хэлдэг. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх талаар Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох  “Алсын хараа-2050”-д тодорхой заасан байгаа.  Уул уурхайгаас гадна аль салбар маань нөөц боломжтой байна вэ гэхээр хөдөө аж ахуйн салбар харьцангуй давуу талтай харагдаж байгаа. Мөн  хүнд үйлдвэр, аж үйлдвэр, боловсруулах салбар гээд импортыг орлох,  экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эхний зорилго. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалтыг татах, ложистик, дэд бүтцийг хөгжүүлэх суурь ажлуудыг шат дараалалтайгаар авч явуулж байгаа. Мэдээж тодорхой цаг хугацаа шаардагдана.  

ЖДҮ-ийн салбар  бие даасан агентлагтай, эрх зүйн шинэ орчинтой болсон учраас тогтолцоогоо зөв болгох чиглэлд ажиллах хэрэгтэй.

-Төсвийн бодлогоор эдийн засгийн төрөлжилтөө дэмжих ёстой. Гэтэл ирэх оны төсөвт ЖДҮ-ийн салбарт төсвөөс шинээр санхүүжилт олгохгүй, зээлийн эргэн төлөлтөөс төслүүдээ санхүүжүүлэхээр тусгасан байна лээ. Цар тахал ЖДҮ-ийн салбарт ч хүндрэл үүсгэж байгаа учраас шинэ төслүүдээ бодлогоор дэмжиж болохгүй юу?

-ЖДҮ-ийг дэмжихэд ирэх оны төсөвт яагаад мөнгө тавигдаагүй вэ гэхээр энэ чинь эргэлтийн хөрөнгөтэй сан. Үнийн дүнг нь  харахад нэлээн өндөр байгаа юм. ЖДҮ-ийг хариуцдаг тусдаа агентлагтай боллоо. Өнгөрсөн онд хуулиа шинэчлэн батлууллаа. Хууль эрх зүйн орчин нь бүрдээд, тусдаа бие даасан агентлаг болсон учраас нэг жилийн хугацаанд тогтолцоогоо зөв болгох чиглэлд ажиллах байх гэсэн хүлээлттэй байна.  Олон жил болсон өндөр дүнтэй эргэлтийн хөрөнгө мөнгөө зөв голдиролд оруулж, төсөл хөтөлбөрийг шалгаруулахдаа шударга, нээлттэй байгаасай.  Ирэх онд энэ сангийн эргэлтийг нэлээд багаар тооцоход  200 тэрбум төгрөгийн боломж байна гэж үзсэн. “Ковид-19”-ээс шалтгаалсан  хүндрэл үүсэж буйг үгүйсгэхгүй. Цаашдаа зөв голдиролдоо ороод явах юм бол дараа нь ЖДҮ-ээ дэмжих тал дээр төсвөөс дэмжлэг өгөөд явалгүй яахав. Хувийн хэвшлээ л дэмжих хамгийн гол зүйл шүү дээ.

-Цар тахлаас хамаараад уул уурхайн салбар дахиад уналаа гэхэд эдийн засгаа дотоод хөшүүргээрээ өдөөх ёстой. Тэр үүднээс харахад дотооддоо ЖДҮ-гээ дэмжих нь зөв болов уу гэж харагдаад байна?

-Цар тахлын үеийг даван туулахын тулд гадаад талдаа илүү нээлттэй байж, экспортоо нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтэц төмөр зам барих, боомтуудын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Энэ үед илүү гадна талаасаа эх үүсвэрийг эрэлхийлэх, бэлэн байлгах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй байдаг. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл дотоодод бүтээмж байхгүй болж, дотоод нөөц боломж муудна гэсэн үг л дээ. Гэхдээ цаашдаа  ЖДҮ-ийн сангийн тогтолцоо нь ойлгомжтой,  голдирол нь зөв, шударга явах юм бол энэ салбар илүү л үр дүнтэй байна шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг бид үр ашигтай байхын төлөө л зарцуулж байгаа. Сангийн яам үр ашиггүй байгаа зүйлд татвар төлөгчдийн мөнгийг хуваарилахгүй байх л бодлого барина. ЖДҮ-ийн салбар шинэ агентлагтай, эрх зүйн шинэ орчинтой болсон учраас ихээхэн итгэл найдвар тавьж байгаа. Олон аж ахуйн нэгж, олон жижиг бизнесийг хөл дээр нь босгоод ирчих юмсан гэдэг үүднээс найдаж байна.

-Төрийн өмчит  500-аад компанийн эргэлтийн хөрөнгө  32 их наядаар хэмжигддэг ч төсөвт төвлөрүүлэх орлого нь тун бага байгааг Б.Жавхлан нарын гишүүд хэлж байсан. Гадны байгууллагууд ч Монголын төрийн өмчит компаниуд үр ашигтай хувийн хөрөнгө оруулалтыг түлхдэг талаар хэлж байна л даа. Төрийн өмчит компаниудаа үр ашигтай ажиллуулах чиглэлд Сангийн яам ямар бодлого барьж байна вэ?

-Төрийн өмчит компаниудтай холбоотой янз янзын л  асуудал байгаа. Ирэх оны төсөвт тэдгээр асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн. Төрийн өмчит компаниудыг үр ашигтай байх тал дээр  шахаж, анхаарч ажиллах хэрэгтэй байна. Өмнө нь 150 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгаж байсан бол ирэх онд 30 тэрбумыг нэмж, 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан. Төрийн өмчит компаниудын  ноогдол ашиг зөвхөн төсөвт ороод зарцуулагддаг мөнгө биш.  Жишээ нь Уул уурхайн компаниудын ноогдол ашиг “Ирээдүйн өв сан”-д хуримтлагддаг. Тэгэхээр төрийн өмчит компаниудыг бүтэц зохион байгуулалтын хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч үр ашигтай ажиллуулахын тулд заавал нэгдсэн бодлого гаргах ёстой юм байна гэж үзсэн. Тиймээс ирэх оны төсвийн онцлогуудын нэг болгож уг асуудлыг тусгасан. Бид судалгаа хийхэд төрийн өмчит компаниудын 62 хувь нь алдагдалтай ажилладаг гэсэн тоо байсан. Зарим нь салбарын яамны харьяа, зарим нь ЗГХЭГ, ТӨБЗГ-ын харьяанд тус тус  үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг нэгдсэн удирдлага арга зүй,  багц байдлаар цэгцлэх нь зөв юм. Тэгж байж үр ашиг, өгөөж нэмэгдэнэ гэж Сангийн яам үзэж байгаа.  Төрийн өмчит компаниудын талаар нэгдсэн бодлогоо Засгийн газар нэгтгэж,  УИХ-д оруулах байхаа.

“Ковид-19”-ээс шалтгаалан авч хэрэгжүүлсэн арга хэмжээг цаг алдаагүй гэж үзэж байна.

-Энэ оны  төсвийн  алдагдлын 1 их наяд нь НДШ-ийн орлогын чөлөөлөлт байгаа. Цаашид  аж ахуйн нэгжүүд НДШ-ээ төлөх хэмжээнд нөхцөл байдал сайжирсан гэж үзэж байгаа юу?

-Шимтгэлийн хэмжээг ирэх онд бууруулж байгаа. Уг нь 22-23 хувь байдаг. Ирэх оны хагас жилд 5 пунктээр бууруулж 17 хувь байхаар тооцсон. Энэ он дуустал бол 5-5 хувь  буюу 10 хувиар тооцсон. Аравдугаар сарын 1 хүртэл бол тэглэсэн шүү дээ.

-Төсвийн алдагдлын өндөр тоог эдийн засагчдын олонх нь тодотголыг цаг алдаж хийсэнтэй холбож тайлбарлаж байгаа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Сонгуулиар шинэ Засгийн газар бүрдлээ. Шинэ Засгийн газар өөрийн гэсэн үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрөө баталж, тусгасан үйл ажиллагаагаа явуулахын тулд төсвөө тодотгохоос арга байхгүй шүү дээ. Нэг талаас шинэ Засгийн газар байгуулагдсан нөгөө талаас  “Ковид-19”-ийн нөхцөл байдал байсан учраас наймдугаар сард төсвийн тодотгол хийгдсэн.  Төсөвт тодотгол оруулахаас өмнө  “Ковид-19” нь өмнө нь огт байгаагүй шинэ зүйл дэлхий нийтэд гарч ирсэн учраас нөхцөл байдлыг ажиглах, үнэлэх,  ковидын үед хэрэгжүүлсэн бусад арга хэмжээнийхээ үр дүнг ажиглах гэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй байсан. Түүнээс биш яаран сандран төсөвтөө тодотгол хийснээр эрсдэлгүй болох байсан гэдэг нь өрөөсгөл байх.   Би бол тодотгол хийсэн хугацааны хувьд алдсан юм байхгүй харин ч  зөв явж байгаа л гэж үзэж байна.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top