Б.Даваадалай: Төсвийг ойр ойрхон тодотгох нь төсөвт итгэх итгэлийг бууруулдаг

2020 оны 11 сарын 12

    

 

2020 он гарахад таамаглах боломжгүй том цочрол орж ирсэн. Засгийн газар өмнөх жилүүдэд харьцангуй сайн ажиллаж, эдийн засгийн нөөц боломж бүрдүүлж, дансандаа бага ч гэсэн хуримтлал үүсгэж чадсан нь шок орж ирсэн эхний үед төсөвтөө шууд тодотгол хийхгүйгээр хариу арга хэмжээ аваад явчих боломжтой байсан.

                               

   Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайтай КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд ярилцлаа. 


-Цар тахлаас хамаарсан хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд улс орнуудын Засгийн газрууд уламжлалт болон уламжлалт бус арга хэмжээнүүдийг энэ оны туршид авч, хэрэгжүүлж байна. Эдийн засаг, нийгмийг хамарсан, таамаглалд байгаагүй шинэ шокууд тухайн улс орны эдийн засгийн бүтэц, дотоод нөөц бололцоог шалгаж байна л даа. Та Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн саруудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд болоод үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлээч?

-Өөрийн тань хэлсэнчлэн “Ковид-19” цар тахал урьдчилан таамаглах боломжгүй эдийн засаг болон эрүүл мэндийн томоохон цочролыг дэлхий нийтэд өглөө. Бүс нутгийн орнуудыг харвал эрүүл мэндийн салбартаа нэлээд хохирол амсаж байна. Монгол Улсын хувьд цар тахлаас өмнө эдийн засгийн өсөлт саараад эхэлчихсэн. 2019 оны эцэст эдийн засгийн өсөлт 5.2 хувьтай гарсан нь 2018 онтой харьцуулахад саарсан дүн юм. Цар тахлаас өмнөх үеийг харвал 2017-2019 оны хооронд эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд нэлээд ахиц гарсан. Эдийн засаг гурван жил дараалан 5-аас дээш хувиар өсссөн. Төсөв дээр мэдэгдэхүйц хэмжээний ахиц гарч, Засгийн газрын өр гурван жил дараалан буурсан. Тухайлбал, Засгийн газрын өр 2016 оны эцэст ДНБ-ий 90 орчим хувьд  дөхөж байсан бол 2019 оны эцэс гэхэд 70 хувиас доошоо орж ирсэн. Гурван жилийн дотор 20 орчим хувиар буурсан нь бусад улс оронд төдийлөн ажиглагддаггүй хурдтай буурсан жишээ юм. Төсөв хоёр жил дараалан ашигтай гарсан гээд хэлээд байвал эерэг өөрчлөлтүүд нэлээд ажиглагдсан. Мөнгөний бодлого талдаа ч тодорхой ахицууд гарсан. Төв банкны тухай хууль, Банкуудын тухай хууль гээд гол гол хуулиуддаа өөрчлөлт оруулсан. Инфляцын түвшин зорилтот 8 хувиас бага байсан. Эдгээр ахицтай үзүүлэлтүүдийг онцолж хэлэх нь зөв байх. Үндсэндээ бодлого боловсруулагчдын зүгээс 2017-2019 онд эдийн засгийн макро түвшиндээ илүү зөв менежмент хийж, нөхцөл байдлаа зарим талаар харьцангуй сайжруулж чадсан гэж харж байгаа. Энэ нь нэгдүгээрт, Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй холбоотой. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн гэж харж байна.

Харин 2020 он гарахад таамаглах боломжгүй том цочрол орж ирсэн. Засгийн газар өмнөх жилүүдэд харьцангуй сайн ажиллаж, эдийн засгийн нөөц боломж бүрдүүлж, дансандаа бага ч гэсэн хуримтлал үүсгэж чадсан нь шок орж ирсэн эхний үед төсөвтөө шууд тодотгол хийхгүйгээр хариу арга хэмжээ аваад явчих боломжтой байсан. Санхүүгийн орон зай бага ч гэсэн байсан учраас эхний саруудад цар тахлын эсрэг тодорхой арга хэмжээ авч чадсан гэж харахаар байна. Төсвийн  орлого тасалдаж байсан ч тодорхой хэмжээгээр цар тахлын эсрэг төсвийн хариу үйлдэл үзүүлсэн. Монгол Улс эрүүл мэндийн тал дээр хязгаарлалтын арга хэмжээг сайн авч ажилласныг олон улсын байгууллагууд ч хэлж байгаа. Эдийн засаг талдаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь хугацааны хувьд төдийлөн хоцорсон гэж харахгүй байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 29-нд УИХ-аас Цар тахлын эсрэг хууль баталж, хуулийн хүрээнд эдийн засаг, ялангуяа иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг дэмжих тал дээр төсөв  болон мөнгөний бодлогын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна.

Төсвөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь бусад улс орнуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй ерөнхийдөө төстэй байсан. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нийт мөнгөн дүн ч бусад орнуудтай харьцуулахад багагүй байгаа юм. Бидний сүүлд гаргасан тайлангаас дурдахад бүс нутгийн орнууд эдийн засгийнхаа 5 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг эдийн засгаа дэмжихэд зарцуулж байна. Монгол Улсын хувьд зөвхөн төсвөөс үзүүлж буй дэмжлэг бидний тооцоогоор ДНБ-ий 8-9 орчим хувьтай тэнцэхээр байгаа нь бүс нутагтаа өндөрт тооцогдохоор байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн нөөц боломждоо тулгуурлаад, эдийн засгаа аль болох дэмжих чиглэлд ажиллаж байгаа гэж харж байна.

Төсвийн орлого талдаа Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлттэй холбоотойгоор 850 гаруй орчим тэрбум орлого алдахаар байгаа бол зарлага талдаа зөвхөн хүүхдийн мөнгөнд 800 тэрбум орчим төгрөгийг 2020 онд зарцуулахаар байна. Хүүхдийн мөнгийг ирэх оны эхний хагаст үргэлжлүүлэн олгоно гэж ярьж байгаа. Тэгвэл нэмэгдээд 860 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарах нь байна. Төсвийн  орлого, зарлага аль аль талдаа нэлээд их хэмжээний дэмжлэгийг үзүүлж буй нь эдийн засагт тодорхой үр дүнг өгч байгаа болов уу.

Тухайлбал, эдийн засгийн өсөлт оны эхний хагаст 10 орчим хувиар агшсан ч хувийн хэрэглээний өсөлт харьцангуй гайгүй байгаа. Нүүрс, газрын тосны экспортыг түр хугацаагаар зогсоосон нь эдийн засгийн өсөлтийг доош нь татсан гол хүчин зүйл болсон. Хязгаарлалтын арга хэмжээнээс болоод үйлчилгээний салбарт тодорхой хэмжээний агшилт гарсан ч хүмүүсийн хэрэглээ, худалдан авалт огцом бас буураагүй нь Засгийн газраас иргэдийн хэрэглээг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж харж байна.

Мөнгөний бодлого талдаа ч зээлдэгчдийг дэмжих, экспорт болон валютын нөөцөө хамгаалах чиглэлд ажиллаж байна. Тухайлбал, алтны компаниудад зээл хөнгөлттэй зээл олгох гэхчлэн, цар тахлын үеийн хуулийн хүрээнд эдийн засгаа дэмжээд явах оролдлогуудыг хийж байгаа. Эдгээр арга хэмжээ нь зөвхөн Монголд биш бусад улс орнуудад ч авч хэрэгжүүлж байгаа нийтлэг бодлогууд гэдгийг сануулах нь зөв байх.

-Оны эхний саруудад төсвөө яаран тодотгохооргүй тодорхой хэмжээний санхүүгийн орон зай байсан гэж Та хэллээ. Гэхдээ нөгөө талаас цаг хугацааны хувьд эрт тодотгосон бол дараа дараагийн шокийг даван туулахад ашиглах нөөц орон зайг үлдээхэд хэрэгтэй байсан болов уу гэсэн өнцөг байна?

-Бидний зүгээс бол тэгж харсан. Цар тахлын эрсдэл тодорхой болох үед Монгол Улс өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой хэмжээнд эрсдэл даах санхүүгийн боломжтой байсан. Тухайн үед олон зүйл тодорхой бус байсан учраас яарч төсвийн тодотгол хийх гэхээсээ  байгаа нөөц боломжоороо хариу арга хэмжээ аваад үзье, нөхцөл байдал хүндэрч, орлого тасалдаад, хүчирхээргүй болвол тодотгол хийе гэсэн үүднээс ажилласан болов уу гэж ойлгож байна. Ер нь нөөц боломж байхад төсөвт тодотгол хийх хугацаагаа эргэн харж, нухацтай хандах ёстой гэж би хувьдаа бодож байна. Үнэхээр нөөц боломж байхгүй бол тодотгол хийж асуудлуудаа шийдсэн нь дээр байх. Энэ жил сонгуультай байсан. Сонгуулийн өмнө төсвийг нэг тодотгочихоод, дахиад оны эцэст тодотгох ч нөхцөл үүсэх байсан байж болзошгүй юм. Ер нь төсвийг ойр ойрхон олон удаа тодотгох нь төсөвт итгэх итгэлийг бууруулдаг. Засгийн газар өөрийн нөөц, тооцоогоо хийгээд явж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр төсвийн тодотгол хоцорсон эсвэл эртэдсэн гэх асуудалд санал хэлэх зохимжгүй байна.

-Энэ оны төсвийг батлах үед цар тахлын эрсдэл таамагт байгаагүй. 2021 оны төсөв хэлэлцэж буй энэ үед гол эрсдэлүүдээ тооцох боломж харьцангуй байна. Та УИХ-аар хэлэлцэж буй төсвийн төсөлтэй танилцсан байх. Эрсдэлтэй үед эдийн засгийн идэвхжилийг тогтвортой байлгахад нөлөөлөхүйц хөрөнгө оруулалтын зардлууд бага тусгажээ гэсэн шүүмжийг эдийн засагчид хэлж байгаа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Энэ асуултад хариулахаас өмнө 2020 оны төсвийн тодотголын талаар дурдах хэрэгтэй байх. Тодотголоор төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 12.5 хувиар батлагдсан. Анх 5.1 хувиар батлагдаж байсан. Алдагдлын хэмжээ ингэж нэмэгдсэн нь  “Ковид-19” цар тахалтай голлон холбоотой байсан гэж харж байна. Нэгдүгээрт, орлого тасалдсан. Хоёрдугаарт, зарлага талдаа зардал өндөртэй эдийн засгийг дэмжих арга хэмжээ нөлөөлсөн. Харин  2021 оны төсвийг харахад алдагдлын хэмжээ эргээд 5.1 хувь руу буюу хоёр дахин буурч байна. Том зургаар  харахад 2020 онд ихэнх орнуудад орлого тасалдаж, төсвийн алдагдал өндөр хувиар нэмэгдэж, улмаар өр өсөх төлөвтэй байна. Нэлээдгүй орнуудын эдийн засаг агшилттай гарахаар  байна. Монгол Улс төдийгүй ихэнх улс орон ийм байдалтай байна. Олон улсын байгууллагуудаас ч 2020 он онцгой жил учраас аль болох эдийн засгийг дэмжих тал дээр зохистой байдлаар  ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа. 2021 оны төсвийг том зургаар нь харах юм бол алдагдлаа хоёр дахин бууруулахаар оруулж ирж буй нь эерэг мессеж болохоор байна.

Төсвийн алдагдлаа нэг жилийн дотор хоёр дахин бууруулна гэдэг амаргүй алхам

 

-Нөгөө талаас бодлогын орон зай үлдээх байна гэж харж болох уу?

-Ямар ч байсан эерэг мессеж болж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хангаж байна. Төсвийн алдагдлаа нэг жилийн дотор хоёр дахин бууруулна гэдэг амаргүй алхам. Хэрэв үүнийгээ хэрэгжүүлээд 5.1 хувьдаа барьж ажиллаж, чадвал Монгол Улсын Засгийн газар эргээд төсвийн зөв бодлого, тогтвортой байдал руу буцаж байгаа юм байна гэж харагдахаар байна. Төсвийг дотор нь задлаад ярьвал эдийн засагчид янз бүрийн л байр суурьтай байгаа байх. Төслөөс харахад зардал буурч, орлогын төсөөлөл нэмэгдсэн байна. 2021 онд орлогоо 25 орчим хувиар өсөхөөр тооцсон нь бага зэргийн өөдрөг тооцоолол байна уу гэж харж байна. Засгийн газар ирэх онд эдийн засгийн өсөлт 7 хувийг давна, 42 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төсөөлсөн. Энэ боломжгүй зүйл биш л дээ. Ихэнх орнуудад ирэх онд эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт давамгайлж байгаа. Дэлхийн банкны зүгээс ч эдийн засгийн өсөлт 5 хувийг давах болов уу гэж төсөөлж байгаа. Хэрэв Засгийн газар төлөвлөснийхөө дагуу орлого нэмэгдүүлэх арга хэмжээнүүдээ үр дүнтэй хэрэгжүүлж чадвал 7 хувь гэсэн өсөлтийг бий болгох боломж бүрэн байгаа. Үүнийн тулд төлөвлөсөн арга хэмжээгээ цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Гааль татварын шинэчлэл бол маш чухал. Ялангуяа уул уурхайн экспорт дээр гааль, татварын шинэчлэлийн хэрэгжилт чухал. Зардлын гол бууралт нь урсгал зардал дээр ажиглагдаж байна. Нийгмийн халамж буюу Хүүхдийн мөнгө оны хоёрдугаар хагасаас буурна. Нийгмийн даатгалын шимтгэлийг аваад эхэлнэ. Өмнө нь хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ихэнх нь буцаад хэвийн байдалдаа орж байгаа учраас орлого, зарлага аль аль талдаа нөлөө үзүүлэх болов уу.

Эдийн засгийн шингээх чадвараа сайн үнэлэхгүй их хэмжээний хөрөнгө оруулалт тавих нь  энгийнээр 5 литрийн саванд 10 литр ус хийх гээд асгаад дуусахтай ижил үр ашгийн асуудал яригдана.

 

-Цар тахал болон улс орнуудын харилцаанаас хамаараад гадаад зах зээлийн эрэлт, Хятадын эрэлт буурвал дагаад манай орлого хумигдана. Тэр тохиолдолд эдийн засаг 5-7 хувийн өсөлтийн төсөөллөөс уруудаж таарах байх?

-Аливаа төсөөлөлд тодорхой бус байдал, доошоо татах эрсдэл байнга байдаг. Төсөөлөл хийж буй байгууллага болгон өөр өөрийн гэсэн таамаглал, эрсдлүүдийг тооцдог. Бидний харж буйгаар 5 орчим хувь өсчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Цар тахлын хоёр дахь үеийн давлагаа, дотооддоо халдвар гарах эрсдэл зэрэг нь ихээхэн эрсдэл болохоор байна. Түүхий эдийн үнийн хөдөлгөөн мөн чухал үүрэгтэй. АНУ-ын сонгуулийн дараа Хятадтай хэрхэн худалдааны асуудлаар ажиллах вэ мөн түүхий эдийн үнэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь манай эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Мөн түүнчлэн Засгийн цар тахлын нөлөө намжсаны дараа өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан шиг дорвитой шинэчлэлээ тууштай үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Ийм улс төрийн зөвшилцөл байна уу гэдэг маш чухал. Бидний хийсэн төсөөллийн суурь нэг таамаглал нь энэ. Цар тахал намжсаны дараа өрөө, төсвийн алдагдлаа бууруулахад тууштай ажиллана гэсэн үндсэн таамаглал байгаа. Тэр нөхцөлд одоогийн төсөөлөл биелэх боломж нэмэгдэнэ. Мөн авч үзсэн нэг гол зүйл бол Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж ирэх онд нэлээд өсөхөөр байгаа. Түрүүн хэлсэн гааль, татварын шинэчлэлээс гадна нүүрсний экспорт дээр хэрэгжүүлж буй “Ногоон гарц”-ын хүрээнд нүүрс гайгүй гарах болов уу гэж харж байна.

-Төсвийн хөрөнгийн зардлыг өгөөж талаас нь харж, тооцвол ямар дүр зураг харагдаж байна вэ?

-2010 оноос хойших Монгол Улсын төсвийн ерөнхий дүр зургийг харахаар жил болгоны хөрөнгө оруулалтад дандаа шинэ төсөлд тавьж, өмнөхөө бүрэн цаг хугацаанд нь дуусгахгүй хандлага ажиглагддаг. Харин сүүлийн жилүүдийг харахаар өмнө нь эхэлсэн төслүүдээ дуусгахад илүү чиглэж байгаа нь бодлогын хувьд зөв алхам. Төсөл эхлүүлээд л орхидог эсвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг байсан хандлагаасаа ухарч байгаа нь сайн. Хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хэмжээтэй уялдуулж харах нь бас зүйтэй. 2021 оны төсвийн төслийг харахад хөрөнгийн зардлын ДНБ-д эзлэх хувь 2020 оныхоос 0.5 хувиар буурч байна.

Сангийн сайдын тушаалаар  хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлдэг журмыг анх удаа буюу 2018 оны 12 дугаар сард баталсан нь эерэг алхам болсон. 2020 оны төсвөөс эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг энэ журмаар үнэлдэг болсон. Мөн Сангийн яам хөрөнгө оруулалтын цахим систем бий болгосон. Төсвийн ажил гүйцэтгэж байгаа компанийн гүйцэтгэл, санхүүжилтийн мэдээллийн ил тод байдал нэмэгдсэн.  Хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах чиглэлд хийх ажил олон байгаа. Гэхдээ эхний алхам болгоод ийм зүйлс хийгдсэнийг сайшаах хэрэгтэй. Энэ журам дээр хэлсэнчлэн одоохондоо улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр хэрэглэгдэж байгаа. Цаашдаа орон нутгийн хөрөнгө оруулалтыг энэ аргачлалд хамааруулдаг, үнэлдэг болох хэрэгтэй. Дээрээс нь төр, хувийн хэвшлийн концессийн төслүүдийг ямар нэг шүүлтүүрүүр оруулдаг систем шаардлагатай. Мөн нэг чухал зүйл бол хөрөнгө оруулалтын засвар арчилгааны зардлыг сайжруулах хэрэгтэй. Засвар арчилгаанд жил бүр зохистой хэмжээний төсөв хуваарилах ёстой. Энэ бол өнгөрсөн жилүүдэд дутагдаж байсан зүйл. Нэг зам, барилга барьчихаад засвар арчилгааны зардлыг хангалттай тавьдаггүй, засаж, арчилдаггүйгээс болоод үр ашиг нь мууддаг. Дараагийн нэг зүйл бол  эдийн засгийн шингээх чадвар гэдэг юмыг нарийн тооцох хэрэгтэй. Жишээ нь энэ жил 100 тэрбум төгрөгийн зам барихаар тусгаж, хөрөнгө оруулалт хийлээ гэхэд манай компаниуд хийж чадах уу. Миний сонссоноор 20 км-ээс дээш зам барьдаг Монгол компаний цөөхөн байдаг гэж сонссон. Тэгэхээр ийм эдийн засгийн шингээх чадвараа сайн үнэлэхгүй их хэмжээний хөрөнгө оруулалт тавих нь  энгийнээр 5 литрийн саванд 10 литр ус хийх гээд асгаад дуусахтай ижил үр ашгийн асуудал яригдана. Тиймээс манай бодит гүйцэтгэх чадвар ямар вэ гэдгээ тооцоолж, хөрөнгө оруулалтын зардлаа тусгах ёстой. Тооцоолохгүй бол хэчнээн хэмжээний өндөр хөрөнгө оруулалт тавилаа гээд шингэхгүй, төдийлөн үр дүн өгөхгүй.

 

Валютын ханшийг илүү уян хатан тогтох чиглэлд Төв банканд ажиллах боломж олгомоор байна

-Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө 1 центийг хойч үедээ хуримтлуулж буй буруу туршлагыг танайхаас гаргасан  “Уул уурхай ба Оюун ухаан” тайланд хөндсөн  байсан. Монгол Улс энэ буруу туршлагаа  халахын тулд цөөнгүй зүйл хийх хэрэгтэй байх. Үр дүн гаргахын тулд эрэмбэ дараалал гол нь шүү дээ. Тэгвэл яг ямар алхмуудыг дараалан хийснээр бид энэ буруу  туршлагаасаа харьцангуй богино хугацаанд салах боломжтой бол?

-Энэ тайлангийн гол санаа бол Монголын эдийн засгийн одоогийн өнгө төрх, хөгжлийг  уул уурхай тодорхойлж байна, ирээдүйд хүн, институци, сайн засаглал үүнийг тодорхойлох ёстой гэсэн санаа юм. Мэдлэг чадвартай залуус, хүний нөөц  байна. Эхний ээлжинд одоо байгаа энэ хүний нөөцөө, залуусаа бүрэн дүүрэн ашиглахад анхаармаар байна. Хоёрдугаарт, зах зээлийн эрэлттэй нийцтэй байдлаар боловсролын реформыг хиймээр байна. Институцын хувьд сайн засаглал гэж ярихаар хуулийн хэрэгжилт сайн байх, авилгалаа бууруулах хэрэгтэй. УИХ болон бусад байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр дорвитой реформууд хийх шаардлагатай. Энэ дотор авлигын асуудал яригдана. Ахиц гарч байгаа ч хангалтгүй байна. Төсвийн институциудыг сайжруулмаар байна. Сангийн яаман дээр аваад үзэхэд  төсвийн төлөвлөлт, түүн дотроо хөрөнгө оруулалтын удирдлагын асуудалд сайтар анхаарах нь зүйтэй. Төсвийн сахилга бат талдаа харахаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж байгууллагын бие даасан байдлыг хангаж, төсвийн сахилга батыг хөндлөнгөөс нь сайжруулах шаардлагатай. Бусад улс орнуудад тийм жишгээр ажилладаг. Монгол Улсын хувьд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дор байгуулчихсан. Бие даасан байдал нь эргэлзээтэй, төсөв мөнгө нь хангалтгүй. Ажлын албанд нь хоёрхон хүн ажилладаг нь мэргэжлийн тооцоо, судалгаатай үйл ажиллагаа явуулахад хангалтгүй байгаа учраас төсвийн сахилга батыг хангах, олон нийтэд мэдээлэл өгөх, Засгийн газарт төсвийн тал дээр бодитой, мэргэжлийн зөвлөгөө өгөх тал дээр сайнгүй байна. Энэ байгууллагыг хүчирхэгжүүлэх, илүү бие даасан байдал руу шилжүүлэх, төсөв мөнгийг нь хангалттай тавьж өгөх, ажилтнуудыг нь нэмэх тал дээр анхаарвал, мэргэжлийн бодитой, ажил хэрэгч үнэлгээнүүд гарч ирнэ. Мөнгөний бодлого, санхүүгийн салбар талдаа хамгийн гол хүчин зүйл бол Төв банкны бие даасан байдал. Хуулийн хүрээнд бие даасан ч хэрэгжилт дээр үүнийгээ улам сайжруулах шаардлага байна. Валютын ханшийг илүү уян хатан тогтох чиглэлд Төв банканд ажиллах боломж олгомоор байна. Зөвхөн бодлого боловсруулагчид гэхгүй олон нийт, сэтгүүлчид ард иргэд бүгд Төв банкны бие даасан байдал чухал гэдгийг эерэг өнцгөөс харах нь мэргэжлийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Мөн Төв банкны хянан шалгах үүргээ хэрэгжүүлэхэд хянан шалгагчдын хууль зүйн дархлааг сайжруулах шаардлага байна. Энэ нь санхүүгийн салбар, банкуудын эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй.

-Төсөв, мөнгө, ханшийн бодлого   эдийн засгийн хэлбэлзлийг сааруулах ёстой ч Монгол Улсын тухайд ч 2000-2019 оны хоорон дахь нөхцөл байдлыг авч үзэхэд бодлогын хүчин зүйл нь эдийн засгийн хэлбэлзлийг илүү даамжруулсан, мөчлөг дагасан шинжтэй байна гэж  та хэлж байсан.  Үүн дээр тодруулж мэдээлэл өгөөч?

-Монголын эдийн засагт тулгамдаж буй нэг гол хүчин зүйл эдийн засгийн богино хугацаатай өндөр хэлбэлзэл. Богино хугацаанд эдийн засаг хүчтэй савладаг. Энэ нь тодорхой бус байдлыг үүсгэдэг. Иргэд болон бизнес эрхлэгчид итгэлтэй, нарийн шийдвэр гаргаж чадахгүй байдалд хүргэдэг. Тиймээс энэ хэлбэлзлийг бууруулах тал дээр сайтар анхаарах ёстой. Бидний зүгээс эдийн засгийн бодлогын хэрэгжилт нь эдийн засгийн хэлбэлзлийг бууруулж чадаж байна уу гэдэг дээр энгийн тооцоо хийж үзсэн юм. 2000-2019 оны тоо, мэдээлэл дээр тооцоо хийж үзэхэд ерөнхийдөө макро эдийн засгийн бодлого мөчлөг дагасан шинжтэй харагдаад байгаа. Өөр судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлэх байх. Мөчлөг дагасан шинжтэй байна гэдэг нь эдийн засгийн шок орж ирэхэд  хэлбэлзлийг сааруулах тал дээр төдийлөн зохистой үр дүнгээ өгөхгүй байна гэж хараад байгаа. Зөвхөн зээлийн бодлогыг харахад л эдийн засаг өсөж байхад зээл өсдөг, эдийн засаг саарахад зээл дагаад саардаг дүр зураг ажиглагдсан. Банкуудын хувьд бизнес эрхлэж байгаа учраас эрсдэлтэй үед хумина. Гэхдээ нөгөө талдаа бодлогын түвшинд үүнийг аль болох тогтвортой байлгах тал дээр мөнгөний бодлого хэрэгжих ёстой. Эдийн засаг өсөж байхад зээлийг хэт өсгөхгүй байх хэрэгтэй. Давлагааг нь нэмэгдүүлэхээс илүүтэй, тогтвортой барьж, эдийн засаг буурч байхад бизнесээ дэмжиж, тогтвортой байдлыг бий болгох ёстой. Ялангуяа санхүүгийн салбараас эдийн засгийн мөчлөгийг зөөллөх тал дээр анхаарах зүйлүүд олон байна л гэж хэлж байгаа юм. 2000-2019 оны хооронд зарим үеүдэд мөчлөг сөрсөн шинж байгаа. Гэхдээ энэ урт хугацаанд аваад үзэхээр ерөнхий дүр зураг нь мөчлөг дагасан.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top