Ш.Мэндсайхан: Хүн мөрөөдлөө биелүүлж байгаа цагт өндөр амжилт, сайн үр дүн гардаг

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханыг урилаа. Тэрбээр төрийн  албанд 29 дэх жилдээ, Онцгой байдлын байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна.  Энэ хугацаанд 1991-1997 онд Ардын армийн 150 дугаар ангид рот, салааны дарга, 1997-1998 онд Зэвсэгт хүчний 016 дугаар ангид штабын туслах, 1998-2013 онд Улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчит хувьцаат компанид байцаагч,  2013-2017 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын /тухайн үеийн АТА/ тусгай чиг үүргийн салбарын дарга,  2017-2018 онд нийслэлийн Аврах анги-105-ын Штабын дарга, 2018 оноос нийслэлийн Аврах анги-105-ын захирагчаар томилогдон ажиллаж байна.


-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

 Удирдагч хүний хувьд цаг баримтлахыг урьтал болгодог. 80 гаруй алба хаагчийг удирдан зохион байгуулдаг учраас алба хаагчдынхаа хоногийн ээлжийн үүрэг гүйцэтгэлт, машин техник, хэрэслийн бэлтгэл бэлэн байдалд хяналт тавьж, үүрэг чиглэлээр ханган өглөөний ажлаа эхлүүлдэг дээ.  

 -Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

  Монгол орныхоо хилийн бүс нутгаар аялмаар байна. Байгалийн сайхан, хилчин цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй.

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу. Эсвэл?

Тийм. Би амьдралдаа сэтгэл ханамж дүүрэн байдаг. Албандаа болон ажил мэргэжилдээ хайртай. Хүн ер нь өөрийн гараар босгож өөрөө бүтээсэн амжилтаасаа аз жаргалыг авч амьдарна гэдэг хамгийн сайхан шүү.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

  Багаасаа л  цэргийн хүн болно гэж мөрөөдсөн. Мөрөөдөл маань ч биелсэн. Хүн мөрөөдлөө биелүүлж байгаа цагт өндөр  амжилт, сайн үр дүн гардаг гэж боддог.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол…?

 Цэргийн хүн тушаалаар ажилладаг. Миний хувьд өгсөн үүрэг даалгаварыг 100 хувийн биелэлттэй, сэтгэлээсээ гүйцэтгэхийг эрмэлздэг. Тиймдээ ч алба хаагчдадаа ийм л шаардлагыг тавьж ажилладаг даа.  

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

  Магтаалаас илүү шүүмжлэлийг хүлээж авдаг. Шүүмжлэл бол миний чадвар, чадамжийг нэмэгдүүлэхийн төлөө хэлж байгаа “магтаал” шүү дээ. Магтаал бол тухайн цагтаа л сайхан.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

 Хаана ч байсан аз жаргал дэргэд л  байдаг. Зөв бодол санаатай зөв үйлдэлтэй байвал бүх зүйл сэтгэлчлэн бүтнэ л гэж боддог.

-Таны бахархал?

  Төрүүлж өсгөсөн аав , ээж, сайхан хань, үр хүүхдүүд, Онцгой байдлын алба хаагч, хамт олон минь миний бахархал.  

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top