Коронавирусийг дотооддоо алдсантай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосноор бизнес эрхлэгчдийн 82 хувь бүрэн зогсолт хийгээд буйг МҮХАҮТ-аас мэдэгдээд байна.
Тодотгоход, Монгол Улс коронавирусийг дотооддоо алдаагүй байх үед буюу 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хөл хорио хязгаарлалтын арга хэмжээ авахдаа хувийн хэвшлээ, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлд оновчтой бодлого хэрэгжүүлээгүй гэсэн шүүмжлэл өнгөрсөн саруудад байнга яригдаж байв.
2020 оны дийлэнх хугацаанд хязгаарлагдмал нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулсан эсвэл зогсонги байдалд байсан бизнес эрхлэгчдийн хувьд хатуу хөл хорио цаашид үргэлжилбэл олон мянган ажлын байр хөдөлмөрийн зах зээлээс арчигдах бодит эрсдэл үүсээд байна гэж байр сууриа илэрхийлж байгаа юм.
Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Д.Лхагвасүрэнгээс тодруулахад дараах хариултыг өгсөн юм.
“Цар тахлаас шалтгаалан хөдөлмөрийн зах зээл дэх олон ажлын байр “жам ёсны бус” байдлаар жагсаалтаас гарч байна. Та хөдөлмөрийн зах зээлийн тоо баримт судалдаг хүний хувьд үүссэн энэ нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?”
-Тахлын дараа эдийн засаг эргээд сэргэсэн ч зарим салбарууд тахал гарахын өмнөх түвшиндээ хэзээ ч очихгүй гэж олон судлаачид үзэж байгаа. Зарим устаж үгүй болсон ажлууд дахиж сэргэхгүй гэсэн үг. Тахлын эрүүл ахуйд үзүүлэх хор нөлөө арилсан ч түүний эдийн засагт үзүүлсэн хор нөлөө удаан үргэжилнэ гэсэн яриа элбэг байгаа. Эдийн засгийн уналт түргэн, сэргэлт удаан байдаг ч нөлөөлнө. Гэхдээ энэ удаа илүү удаан сэргэнэ гэж байгаа.
Аливаа эдийн засагт байгаа нийт ажлын байрны тоо хоёр сувгаар унадаг. Нэг нь, таны хэлсэнчлэн, хуучин байсан ажлын байрууд устаж үгүй болох. Нөгөөх нь, шинэ ажлын байр үүсэх нь удаашрах явдал юм. Манайд аль, аль нь хүчтэй явагдаж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар, шинээр ажилд орсон хүмүүсийн тоо, өмнөх хоёр жилээс 10 хувиар буурсан. Хэдийгээр энэ нь зөвхөн бүртгэлтэй иргэдийн тухайд гарсан тоо боловч ажил олоход илүү хүнд байгааг харуулж байна.
Ялангуяа энэ жил сургуулиа төгсөөд ажил хайж байгаа залуусын хувьд байдал хэцүү байна. Энэ хаврын байдлаар 15-24 насны залуусын дотор хөдөлмөрийн дутуу ашиглалт 26 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, ажиллах боломжтой дөрвөн залуу тутмын нэг нь ажилгүй сууж байна.
Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Байдал сайн байж байгаад дордож байгаа хэрэг биш. Манай улсын хөдөлмөрийн зах зээл Ковид-19-ээс өмнөх олон жил сул дорой байсан. Одоо улам хэцүү болж байна. Манайд нийтдээ 150 мянга орчим ажлын байр дутагдалтай байгаа. Гадаадад сурч, ажиллаж байсан монголчууд нутагтаа ирэх нь өсөж байгаа учир үүнээс ч илүү ажлын байр хэрэгтэй байх.
Чанарын хувьд одоо байгаа 1.3 сая ажлын байрны зарим нь хөдөлмөрийн бүтээмж муутай ажлууд. Ер нь хөдөлмөрийн зах зээлийн бодлогоо макро бодлого болгон авч явахгүй бол хөдөлмөр эрхлэлт сайжрахгүй олон жил болно.
-Ер нь хөдөлмөрийн зах зээлд эрсдэлээс гадна шинэ боломжууд бий болох болов уу?
-Ковид-19 болон түүний үр дагавар нь урьд өмнө огт байгаагүй үзэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн цикл талаасаа их өвөрмөц. Таамаг төдий олон зүйл яригдаж байгаа. Таана гэдэг хэцүү ажил. Жишээлбэл, ноднин өдийд бид зэсийн үнэ 2017 оны үеэс буучихлаа гээд сууж байсан. Гэтэл хэдхэн сарын дараа энэхүү хурц тахал гарч, зэсийн үнэ улам унана гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ өнгөрсөн дөрвөн сараас эхлээд зэсийн үнэ бага багаар өсөж байгаа нь төсвийн орлого талаасаа эерэг мэдээ.
Эрүүл мэнд, мал эмнэлэг, харилцаа холбооны салбарт боловсон хүчний эрэлт өснө гэж олон хүн таамаглаж байна. Интернэт худалдаа, интернэт сургалт, зөвлөгөө их олон чиглэлээр хүчтэй өсөж байна. Монголын боловсрол, мэдээллийн технологийн салбаруудын хамтын ажиллагаанаас олон ажлын байр үүсэж магадгүй. Жишээ нь, өмнө нь гадаад хэл заадаг байсан багш хүн, одоо IT мэргэжлээр төгсөх залуустай хамтран онлайн сургалт явуулж болох юм.
Хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг бид гаднаас авдаг байсан нь энэ жилийн статистик тоон дээр 20 хувь хумигдаж гарч ирсэн байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийн чанар, төрөл зүйлийг нэмэх чиглэл ирээдүйтэй байж магадгүй юм.
Өмнө нь хэлсэнчлэн, зарим салбарууд цаашид дахин өмнөх түвшиндээ хүрч өсөхгүй. Тиймээс энэ салбарын ажлыг авч үлдэх гэвэл их хүч мөнгө зарах хэрэгтэй болно. Цаанаа төсвийн асуудал тул хүссэн хүсээгүй, шийд гаргах хэрэгтэй болно. Манай экспортын барааны үнийн индекс, эрдэсийн зах зээл, дотоодын салбаруудын бүтээмж, ялангуяа эрүүл ахуйн чанартай эрсдэлээ тухай бүрийн тоо баримтаар харьцуулан үзээд, яаралтай шийдлээ олоод явах л зам бий.
Засгийн газраас Хүүхдийн мөнгө болон тэтгэмж нэмсэн, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийг дэмжсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн нь тус дэмтэй байсан нь мэдээж. Жижиг аж ахуйн нэгжүүдэд олон хүмүүс ажиллаж байгаа болохоор эдгээр тусламж дэмжлэгээ үргэжлүүлэх гэж зүтгэх нь зүйтэй.
Аж ахуйн нэгжүүд олон янз. Өөр салбарын өөр түвшний аж ахуйн нэгжүүдэд өөр нөxцөлтэй, өөр төрлийн дэмжлэгүүд хэрэгтэй байдгийг олон талаасаа ярилцаад ойлгоод явах боломжтой.
Харин эдийн засагч Б.Дөлгөөн байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хүндрэлийн үеэр хэчнээн компанийг дампуурах эрсдэлээс аварч, хэчнээн ажлын байрыг хадгалж үлдэж чадах вэ гэдэг чухал. Эрүүл мэндийн талаасаа айхтар хүндрэл биш болох үед хөл хориог чөлөөлчихнө. Тэр үед эдийн засаг хэр хурдацтай сэргэх вэ гэдэг нь өнөөдөр манай Засгийн газар ямар арга хэмжээ авч, хэчнээн компани, ажлын байр, хоорондоо ажиллаад сурчихсан баг хамт олныг авч үлдэх вэ гэдэгтэй шууд хамааралтай. Өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж байгаа дөч, тавин мянган хүн эргээд эдийн засаг хэвийн болоод ирэхэд хэд нь ажилтай болох вэ. Өндөр боловсролтой биш хүмүүс “structure unemployment” буюу бүтцийн ажилгүйдэл рүү нэг орчихвол, ажилгүй явсаар байгаад тэтгэврийн насан дээрээ очихоор тэднийг хэн тэтгэх юм. Бүр ядуурал руу орлоо гэхэд хүнсний талон, нийгмийн халамж шаардлагатай болно. Улам бүр цөөрч байгаа ажиллах хүчний нуруун дээр тэднийг халамжлах нэмэлт ачаа нэмэгдэнэ. Тэгэхээр маш олон сөрөг үр дагавраас аль болох сэргийлэхийн тулд өнөөдөр бид баялаг бүтээгчдээ бага зэрэг дэмжих талаас нь ажиллах ёстой. Төрөөс эдгээрийг дэмжихдээ маш оновчтой бодлого хэрэгжүүлж байж гэмээнэ үр дүн өндөр гарна. Бүгдийг нэг дор хомроголон хэрэгжүүлвэл тэр хэрээр их нөөц шаардагдана, бас байг сайн онохгүй. Өнөөдөр хувийн хэвшлийн 80 мянган аж ахуйн нэгж, 700-800 мянган ажлын байр бий болгож буй ажил олгогчдын хэдэн хувь нь зээлийн дарамтад байгаа юм. Зээлийн дарамтнаас нь тодорхой хэмжээгээр хөнгөлж өгвөл хэдэн мянган аж ахуйн нэгжийг дампуурлын эрсдэлээс нь гаргах юм. За тэгвэл зээлгүй ч гэлээ, эргэлтийн хөрөнгө дутагдаад зогсох гээд байгаа байгууллагуудыг яах вэ? Шинээр эргэлтийн хөрөнгө олгодог ч юм уу, эсвэл бүтээгдэхүүн гаргалт дээр ямар нэг байдлаар дэмжих зэргээр бусад арга хэмжээ авбал хэчнээн мянган аж ахуйн нэгжид туслах боломжтой. Би энд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл нийт байгаа 80 мянган байгууллага компанид тулгарч буй асуудал бүр адил биш. Тэгэхээр бодлого нь ч гэсэн эдгээрийг зорьсон чиглэлд гарах ёстой. Одоо бол хөшөө, музей рүү мөнгө оруулах биш баялаг бүтээгчдээ дэмжих цаг” гэсэн юм.