Дэлхийн хамгийн ганцаардмал зааныг дуучин Шер угтан авчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Пакистаны амьтны хүрээлэнгийн Кааван нэртэй эр зааныг тусгай онгоцоор Пакистанаас Камбожид авчиржээ. Дэлхийн хамгийн ганцаардмал заан гэж алдаршсан энэхүү зааныг Камбожийн зэрлэг заанууд амьдардаг дархан цаазат газар тавьсан тухай “Khmer Times” сонины цахим хуудсанд мэдээлжээ.

Амьтдын эрхийг хамгаалагчдын олон жилийн тэмцлийн үр дүнд эрх чөлөөтэй болсон Кааван зааныг Камбожид АНУ-ын алдарт дуучин Шер болон Камбожийн Байгаль орчны яамны төлөөлөгч Нет Пхеакра нар угтан авчээ. Шер Исламабадын амьтны хүрээлэнгээс Кааваныг чөлөөлөх талаар Пакистаны Засгийн газартай хийсэн хэлэлцээнд “Four Paws” амьтны эрхийг хамгаалах байгууллагыг төлөөлсөн юм.

Тусгай үүргийн онгоцонд Кааваны эрүүл мэнд, аюулгүй нислэгийг малын эмч Халил болон түүний туслахууд хариуцсан байна. Тэд хэдэн сарын турш Кааваны эрүүл мэндэд санаа тавьж, найман цагийн нислэгт бэлдэж байжээ.

Кааван Исламабадын амьтны хүрээлэнд 35 жилийг өнгөрүүлэхдээ бага хэмжээтэй төмөр торонд байрлаж байжээ. Өдөр бүр үзэгчдийн өмнө тоглолт хийх үүрэгтэй байсан Кааван бусад заануудтай харилцах боломжгүй байсан аж. Амьтны эрхийг хамгаалагч эл зааныг чөлөөлөхийн төлөө таван жил тэмцсэний эцэст энэ онд дуучин Шерийн оролцоотой хэлэлцээ амжилттай болжээ. Зааныг тээвэрлэх ажлын бэлтгэл таван сар үргэлжилсэн бөгөөд нийт 400 мянга гаруй ам.доллар зарцуулсан байна.

Ойрын үед Кааваныг Камбожийн Сиемриэл муж дахь заануудын дархан цаазат газарт тавих гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top