Дани улс 2050 он гэхэд нүүрсустөрөгчит ашигт малтмалууд олборлохоос бүрмөсөн татгалзахын тулд Умард тэнгист нефть, байгалийн хийн геологи хайгуул хийхээ зогсоохоор шийджээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд тус улсын эрх баригчдын зүгээс ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн сүүлчийн үе шатыг цуцалсан байна. “Бид ашигт малтмалын эринд сүүлчийн цэгийг хатгах болно” хэмээн Данийн цаг уур, эрчим хүчний асуудал хариуцсан сайд Дан Йёргенсен мэдэгдсэн бөгөөд Дани дахь Greenpeace-ийн төлөөлөл энэхүү шийдвэрийг эргэлтийн, гайхамшигт агшин хэмээн нэрлэжээ.
Өнгөрөгч аравдугаар сард тусгай зөвшөөрлийн найм дахь шатанд Францын Total компани оролцохоос татгалзан, зөвхөн ганц оролцогч л үлдээд байсан аж.
Дани улс нефть олборлолтоор Европын Холбоо /ЕХ/-ны орнууд дотор тэргүүлж, харин цар хэмжээний хувьд ЕХ-ны гишүүн бус Их Британи, Норвегийн ард ордог. 2019 онд ВР компанийн хийсэн үнэлгээгээр, Дани улс өдөрт 103 мянган баррель олборлож байсан бөгөөд одоогоор 55 өрөмдлөгийн тавцан байрлуулсан 20 нефть, байгалийн хийн орд газрууд тус улсад ашиглагдаж байна.
“Бид ЕХ-д нефть олборлолтоор тэргүүлдэг учраас манай гаргасан энэхүү шийдвэр дэлхий дахинд хүчтэй нөлөөлөх болно” гэж Йергенсен өгүүлж, уг шийдвэрийн улмаас Дани улс 13 тэрбум крон буюу 2,1 тэрбум долларын алдагдал хүлээхийг тус улсын Эрчим хүчний яам тооцоолон гаргасан аж.
ДАНИЙН ШИЙДВЭРИЙН ТАЛААРХ АНАЛИЗ
/ВВС-ийн сурвалжлагч Адриен Мюррей/
Дани улсын энэхүү шийдвэр түүхэн ач холбогдолтой юм. Дан Йёргенсен ВВС-д ярилцлага өгөхдөө, дэлхийн нефть олборлогч томоохон ямар ч улс орон одоогоор иймэрхүү алхам хийх шийдвэр гаргаагүй байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Дани улс цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэлд манлайлагчдын нэг хэмээн өөрийгөө тооцдог боловч нефть олборлолт нь энэхүү дүр төрхөд саад болоод байсан аж. 1970-аад оноос хойш Умард тэнгис дэх орд газруудынхаа ачаар Дани улс олон тэрбум долларын ашиг олж, энэ нь улс орондоо нийгмийн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ихээр тусалсан байна.
"Бид 2050 он гэхэд цаг уурын хувьд төвийг сахисан орон байхыг хүсэж байна. Бидэнд итгээсэй гэсэн хүслийн улмаас энэхүү зайлшгүй шийдвэрийг гаргалаа" гэж Йоргенсен өгүүлжээ.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен “анхны цаг уурын сонгууль” хэмээн сурталчилгааны кампанит ажлаа нэрлэсний ачаар одоогийн эрх баригчид засгийн эрхэнд хүрсэн бөгөөд сүүлийн үед олигтой ажил хийхгүй байна хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлэл сонсоод байсан аж. Харин эрх баригчдын гаргасан саяны шийдвэр нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэдний хийж буй тэмцлийг батлах үйлс болж чаджээ.
Энд бас эдийн засгийн хүчин зүйл ч багагүй нөлөөлсөн бололтой. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ ханш буурсантай холбоотойгоор нефтийн тендерийн сүүлийн шатанд оролцох компаниудын тоо ч эрс багассан байна. Гэвч энэ салбарт, ялангуяа Данийн баруун эрэгт дөрвөн мянга гаруй хүн ажилладгийг мартаж болохгүй.
Одоо төр засгийн зүгээс нүүрстөрөгчийг хуримтлуулах, хадгалах технологийг хөгжүүлэхэд голчлон анхаарч, салхины эрчим хүчийг ашиглах явдлыг өргөжүүлснээр шинэ ажлын байр олноор бий болгоно гэж Йергенсен хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.
Дани улс цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэлд тэргүүлэгч орнуудын нэгд тооцогддогийн хувьд ийнхүү өөрсдийн өмнө өндөр амбиц бүхий зорилтуудыг дэвшүүлэн тавиад байна. 2030 он гэхэд, агаар мандалд цацах нүүрсхүчлийн хийн түвшинг 1990 онтой харьцуулахад 70 хувиар бууруулж, харин 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий огт ялгаруулдаггүй орон болно гэдэгт тус улсын эрх баригчид найдаж байгаа аж.
Ингэснээр Дани улс ногоон хөдөлгөөний манлайлагч болж, цаг уурыг хордуулдаг нүүрстөрөгчит ашигт малтмалуудаас хамааралтай байх явдлыг төгсгөх үйлсэд бусад улс орнуудыг уриалан зоригжуулах болно гэж Greenpeace-ийн цаг уур, экологийн бодлогын хэлтсийн дарга Хелен Хагель онцолсон байна. “Энэ бол цаг уурын хөдөлгөөний хувьд, мөн түүнчлэн олон арван жил тэмцсээр ирсэн бүхий л хүмүүсийн хувьд асар том ялалт юм” хэмээн тэрбээр бахархан өгүүлжээ.
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХАД БҮХ НИЙТЭЭР АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
Дэлхийн олон улс орны эрх баригчид цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэлд ихээхэн хүчин чармайлт гаргана гэдгээ амлаад байгаа. Их Британи 2030 он гэхэд, СО2 ялгаралтыг 1990 онтой харьцуулахад 68 хувиар багасгана гэдгийг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон амласан.
Мөн "Их Британи улс Аж үйлдвэрийн хувьсгалын үед чулуужсан түлшээр дамжуулан дэлхийг баялаг руу хөтөлсөн. Тиймээс манай улс дэлхийг мөн эсрэг чиглэлд удирдах нь зүйтэй юм" гэж Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй 2019 онд шинэ стратегийн талаар тайлбарлахдаа онцлон өгүүлж байжээ.
Олон улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар хүчин зүтгэл гаргаж байгаа хэдий ч дэлхийн дулаарлын үйл явцыг буцааж чадна гэсэн баталгаа байхгүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулж байна. Дэлхий дээрх галт уулууд нүүрсхүчлийн хийг агаар мандалд ихээр цацдаг гэгддэг ч хүн төрөлхтөн түүнээс даруй олон арав дахин их нүүрсхүчлийн хий болон бусад нүүрстөрөгчит нэгдлүүдийг агаар мандалд цацдаг аж.
2015-2019 оны цаг уурын нөхцөл байдлын тухай Дэлхийн цаг уурын байгууллагын илтгэлд дурдсанаар, улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг багасгах талаар өөрсдийн үүрэг хариуцлагаа хангалтгүй биелүүлж буйн улмаас цаг уурын өөрчлөлт эрдэмтдийн тооцоолж байснаас хамаагүй хурдан явагдаж байна гэжээ. Бараг жил бүр агаарын хэмийн дээд үзүүлэлт шинээр бий болж, мөс хурдан хайлж /зарим мөсөн голууд ширгэн алга болж/, далай тэнгисийн түвшин болон усны хүчиллэг чанар улам нэмэгдсээр байна. Иймд дэлхийн дулаарал болон цаг уурын сөрөг өөрчлөлтүүдийг зогсооход чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээнүүдийг аль болох хурдан хугацаанд боловсруулахыг Дэлхийн цаг уурын байгууллагын зүгээс улс орнуудад хандан уриалаад байгаа юм.
Сүүлийн таван жил ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жилүүд болж, аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулсан дундаж хэм 1,1 градусаар өссөн байна. Үүнд ойн түймрүүд, үргэлжилсэн халуун өдрүүд болон хар салхи, ган, үер гэх мэт байгалийн хүчин зүйлс ч мөн нөлөөлжээ.
Хойд Мөсөн далай дахь мөсөн гадаргуугийн талбай сүүлийн 40 жилд дунджаар арван жил тутамд 12 хувиар багассаар байгаа бөгөөд мөсөн уул, голууд хайлах түвшин ч сүүлийн таван жилд ажиглалтын түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлтэд хүрээд байгаа аж. Цаг уурын өөрчлөлтийн үндсэн шалтгаан нь хүний үйл ажиллагаатай холбоотой талаар Дэлхийн цаг уурын байгууллагын илтгэлд онцлон дурдсан байна. “Бид нүүрстөрөгчит хийг агаар мандалд цацахыг зогсооход чиглэсэн нэн яаралтай, бүх нийтийг хамарсан арга хэмжээг авсан тохиолдолд л Парисын хэлэлцээрийг биелүүлж чадна” хэмээн илтгэлийн төгсгөлд анхааруулсан аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Манай улс Парисын гэрээгээ хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах амлалт авсанаа 27 хувь болгож өсгөөд л байгаа. ХАРИН ТОДОРХОЙ ЮУ ХИЙВ ГЭХЭЭР ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ ТУН Ч СУЛ. тИЙМ УЧРААС ЮУНЫ ӨМНӨ БОЛВСРУУЛААГҮЙ ИЛЧ МУУТАЙ НҮҮРС ТҮЛДЭГЭЭ ХЯЗГААРЛАЖ НҮҮРСЭН ДЭХЬ УЛАМЖЛАЛТ БУС БАЙГАЛИЙН ХИЙ БУЮУ МЕТАНЫГ ОЛБОРЛОХ ЁСТОЙ.тҮҮГЭЭР БАГА, ДУНД ХҮЧ ЧАДЛЫН ХИЙН ГЕНЕРАТОРУУД АЖИЛЛУУЛЖ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ЭАХНИЙ ТОМ АЛХАМЫГ ХИЙХ ЁСТОЙ. мОНГОЛ УЛС ДУЛААРАЛД ХАМГИЙН ИХ ӨРТӨЖ БУЙ ОРНУУДЫН ТООНД ОРДОГ. нҮҮРСИЙГ УУРХАЙЛАН УХАХАА ЦӨӨРҮҮЛЖ, БОЛОВСРУУЛАЛТ ХИЙЖ АШИГЛАВАЛ ЗОХИНО.
Тэгэхээр бусад орныг шулж амьдрах боломжтой болжээ гэсэн үг. Данийн хөгжил ашигт малтмалгүй байх боломжгүй. Ялангуяа банк санхүүгийн үйл ажиллааг цахимаар хийнэ. Тэр төхөөрөмжүүдийг, дамжуулагч сансрын холбоог ашигт малтмалаас гаргаж авч байгаа. Жинхэнэ паразит болж, Дани.
Одоо удахгүй нүүрс хог болохоос өмнө бүгдийг нь хужаа руу зөөж дуусгах хэрэгтэй.
Байгалын баялгийн хувиарлалт зөв байсан учраас даничууд бүгд баян болж одоо байгаль сүйтгэж олборлолт явуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Гэтэл монголчуудын байж байгаа царай хэдхэн коммунистуудад боолчлогдох маягаар асар их баялаг гаргаж байж тарчиг амьдарсаар бас муу дээрээ улцан гэгчээр тахалд нэрвэгдээд сонгогдсон коммунистууд нь ч сонгосон коммунизмын орхидосууд нь ч тараа таниулж байна даа.