ОБЕГ: Монгол цэргийн нэгдсэн холбооноос талархал илэрхийлэв

2020 оны 12 сарын 09

Монгол цэргийн нэгдсэн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад талархал ирүүлсэн байна.

Талархалд “Онцгой байдлын албаны офицер, ахлагч, нийт алба хаагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эдүгээ Монгол Улсын хэмжээнд “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед Онцгой байдлын байгууллага нь улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа билээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг бүрэн зохион байгуулж, хатуу хөл хорионы дэглэмийг сахиулах, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, аливаа зөрчил гаргуулахгүй байж хяналт тавих чиглэлээр улсын хэмжээнд Онцгой байдлын байгууллагын томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч эх орон, иргэдийнхээ төлөө үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагч байна гэдэг та бүхний бахархал, нэр төрийн хэрэг бөгөөд өндөр үүрэг хариуцлага юм.

“Ковид-19” цар тахалтай бүх нийтээр тэмцэж буй амаргүй цаг үед хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвараар нийгэмдээ манлайлж байгаа Энх цагийн эгэл баатрууд Та бүхэндээ болон гэр бүлд нь Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөл, гишүүд, дэмжигчид гүн талархал илэрхийлж, цар тахлын эрсдэлтэй үеийг амжилттай давж туулна гэдэгт итгэж байна.

Та бүхний ажил, алба улс оронд ус агаар мэт чухал болохыг бүх нийтээрээ мэдэрч, ухаарч, итгэн найдаж буй энэ үед үүргээ улам сайн биелүүлж, эх орон, ард түмэндээ хүндтэй гавьяа байгуулахын ерөөлийг дэвшүүлье.

Эн цагийн эгэл баатруудын яруу алдар, гавьяат үйл дэлгэрэх болтугай” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ооркийн сэтгэлгээ нэ(64.119.26.3) 2020 оны 12 сарын 09

Хүүоий холбоо

1  |  0
Top