Хятадын Гуйжоу суурингаас гаралтай 24 настай Чжоу Чэнюй “Чанъэ-5” Сарны хөтөлбөрийн хамгийн залуухан ажилтан гэдгээрээ тус улсын олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байна.
Түүний нас залууг үл харгалзан, гаргасан амжилтыг нь хүндлэх үүднээс хамтрагчид болон олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бүсгүйг “Том эгч” хэмээн нэрлэх болжээ.
Хятадын анхны гариг хоорондын автомат станц болох “Чанъэ-5”-ыг Саран дээр судалгаа явуулах хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-нд хөөргөсөн бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нд уг аппарат Саран дээр газардаж, түүний гадаргуугаас дээж цуглуулж эхэлсэн юм. Уг төхөөрөмжийг Хайнань арал дээр орших Вэньчан сансрын буудлаас “Чанчжэн-5” пуужин тээвэрлэгчээр хөөргөжээ.
Арванхоёрдугаар сарын 3-нд нисэгч төхөөрөмж Сарны гадаргуугаас амжилттай хөөрч ойролцоох тойрог замд орсон бол ажиллагч багаж хэрэгслүүд бүхий буугч модуль гадаргуу дээр үлдэж, арванхоёрдугаар сарын 4-нд Сарны гадаргуу дээр байрлуулсан БНХАУ-ын далбааны зургийг илгээсэн байна.
Энэ нь сүүлийн долоон жилийн хугацаанд Хятадын станц саран дээр амжилттай газардаж буй гурав дахь тохиолдол болж, залуухан бүсгүй Чжоу Чэнюй төхөөрөмжийн пуужин тээвэрлэгчтэй холбогдох системийг хариуцан удирдаж байсан нь станцыг хөөргөх үйл явцад голлох үүргийг гүйцэтгэсэн аж.
Хятадын улсын телевизийн мэдээ сурвалжлагуудад түүний нэр сонсогдох болсноор Чжоу бүсгүй Weibo олон нийтийн сүлжээний хамгийн их анхаарал татсан хүн болж тодорчээ. Тэрбээр Хятад улсын сансар судлалын салбарт ажиллаж буй цор ганц бүсгүй биш ч гэсэн удирдах албан тушаалд хүрсэн хамгийн залуу эмэгтэй гэдгээрээ анхаарал татаж байгаа бололтой.
Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид түүний авьяас чадваруудыг алдаршуулан магтаж, түүнийг Хятад улсын бахархал хэмээн нэрлэж байна. Зарим нь өөрийн ололт амжилтыг Чжоу-тай харьцуулан, энэ гайхалтай бүсгүйгээс хэдэн мянган бээрийн алсад хоцорсноо хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
Гэвч эдгээр алдар цуугийн дуулиан шуугиан командлагч Чэнюй-д огтхон ч нөлөөлөхгүй байгаа бөгөөд тэрбээр ярилцлага авах бүхий л саналуудаас татгалзан, хэрэггүй илүү анхаарал түүний ажилд саад болно хэмээн үзэж байгаа тухай Хятадын мэдээллийн агентлагууд дурджээ.
Үндэстнээ шинэчилж, Ангараг руу нислэг хийх зорилт
Хятадын домогт гардаг Сарны дарь эхийн нэрээр нэрлэгдсэн "Чанъэ-5" ажиллагааны гол зорилго нь дэлхийн дагуулын гадаргуу дээрх бүтцийн бүрэлдэхүүнийг судлахад эрдэмтдэд туслахын тулд Сарны хөрсний дээжийг цуглуулах явдал юм.
Хэрэв уг төхөөрөмж амжилттай буцаж ирвэл сүүлийн 40 жилийн хугацаанд Дэлхий рүү зөөгдөж буй Сарны анхны дээжүүд болох бөгөөд Хятад улс энэ чиглэлээр АНУ болон ЗХУ-ын дараа орж буй гуравдагч орон болох юм.
БНХАУ сансар судлалын салбарт тэргүүлэгч гүрэн болохоор эртнээс хичээж байгаа учраас "Чанъэ-5"-ын амжилт тус улсын хувьд маш чухал ач холбогдолтой гэж болно. БНХАУ-ын дарга Си Жиньпиний өгүүлснээр, сансрын мөрөөдлөө биелүүлэх явдал нь үндэстний шинэчлэлд зайлшгүй хэрэгтэй аж.
Сансрын судалгаа шинжилгээний ажлууд нь Хятадын хувьд өөрийн технологийн хүчин чадал, дэлхийн тавцан дээр эзэлж буй байр суурийг нь илтгэх зүй зохистой талбар болж чадах юм.
Хятад ба Америкийн хооронд өрнөж буй сансар дахь өрсөлдөөн нь “Хүйтэн дайны” үеийн Зөвлөлт, Америкийн өрсөлдөөнөөс эрс ялгаатай гэж болохоор. Учир нь, Хятадын сансрын хөтөлбөр нь НАСА-гийн хөтөлбөртэй адил арилжааны чиглэлтэй тул сансрын энэхүү шинэ өрсөлдөөн нь эдийн засгийн хэмжүүрээр тодорхойлогдох юм.
Өнгөрөгч онд БНХАУ Сарны нөгөө талд өөрийн судалгааны төхөөрөмжөө амжилттай буулгаж чадсан анхны орон болсноор техник технологийн гайхалтай амжилтыг үзүүлж чадсан билээ. Хятад улс Сарнаас 64 мянган км зайд дахин дамжуулах хиймэл дагуулыг тойрог замд оруулснаар уг хиймэл дагуул Дэлхийгээс ирж буй дохиог дээрх төхөөрөмжид дамжуулж, ингэснээр Сарны нөгөө талаас холбоо барих асуудлыг шийдсэн юм. Ойрын арван жилд Саран дээр судалгааны станц байгуулж, Ангараг руу нислэг хийх том зорилтыг Хятад улс төлөвлөгөөндөө тусгаад байгаа аж.
Хятадын хэвлэл мэдээллийн шинжээч Керри Аллен юу өгүүлэв
“Ромео ба Жульетта”-г санагдуулам Чанъэ дарь эхийн түүх ихэнх хятадуудад танил бөгөөд домгийн хувилбаруудын нэгэнд өгүүлснээр, тэрбээр үхэшгүй мөнхийн рашааныг уухдаа санамсаргүйгээр ганц дуслыг ч нөхөртөө үлдээгээгүйн улмаас Саран дээр орь ганцаараа амьдрахаар шийтгэгдсэн гэжээ. Дарь эх Чанъэ Намрын дунд сарын баярт зориулагдан, Сарны хөтөлбөрт өгсөн түүний нэр хятадуудын дунд романтик дүрслэлтэй холбогддог аж.
Одоо түүнд Чжоу Чэнюй гэх 24 настай эмэгтэйн нэр холбогдож, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг сансар, одон орон судлалын салбар дахь “тэргүүн шугамын байлдагч”, “Том эгч” зэргээр нэрлэж байна.
Өнөөг хүртэл Хятадын янз бүрийн удирдлагын түвшинд эрчүүд давамгайлсаар ирсэн. Гэвч сүүлийн үед улс орны чухал албан тушаалд эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаарх хандлага идэвхтэй ажиглагдах болжээ.
Үндэсний хэмжээний Global Times сонины зүгээс өнгөрөгч арваннэгдүгээр сард олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд хандан, эмч-эрдэмтэн Чен Вэй, Гадаад харилцааны яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Хуа Чунин, тулааны урлагийн мастер Чжан Вэйли зэрэг “Оны эмэгтэйчүүд”-ийг алдаршуулан магтахыг зөвлөж байлаа.
Хятадын домгийн дарь эхээр нэрлэгдсэн “Чанъэ” цуврал хөтөлбөрийн эхний төхөөрөмж 2007 онд сарны тойрог замд орж байсан бол 2036 онд Сар руу нисгэгчтэй нислэг үйлдсэнээр оргил үедээ хүрэх аж. Хятадын Үндэсний сансрыг удирдах газрын зүгээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-нийг “Сансрын өдөр” болгосныг зарлан тунхаглаад, “Саран дээрх орд харшид амьдрах хятад мөрөөдөл тун удахгүй биеллээ олох болно” гэдгийг онцлон тэмдэглэж байв.
“Чанъэ-4” сансрын төхөөрөмж нарны аймгийн хамгийн том тогоонуудын нэг болох Өмнөд туйл-Эйткен сав газарт Сарны нөгөө талд газардсанаар БНХАУ нь АНУ-ын давамгайллын эсрэг хүчтэйгээр сөрөн зогсож чадна гэдгээ харуулсан юм. Сарны нөгөө талд буух боломжийг бий болгосон “Цюэцяо” дахин дамжуулах хиймэл дагуул Сичан сансрын буудлаас 2018 оны тавдугаар сарын 20-нд “Чанчжэн-4С” пуужин тээвэрлэгчээр хөөргөгдөн, түүнтэй хамт Харбины Политехникийн Их сургуулийн бүтээсэн “Лунцзян-1”, “Лунцзян-2” гэх хоёр жижиг төхөөрөмж явсан билээ.
БНХАУ-ын сансар судлалын салбарт олж буй ололт амжилтууд нь шинжлэх ухаан, техникийн чиглэлээр Хятад улс Барууны орнуудын түвшинд хүрч, улмаар тэднийг гүйцэн түрүүлж буйг харуулсаар байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Yneheer mundag ajilsag hodolmorch ard tymen.\nHyatadiin ard tymend bayar hyrgej ulam ih amjilt hysen erooe
ИДСЭН ЭРҮҮ ХУВХАИРЧ ИДҮҮЛСЭН ДОВОН УРГАДАГ ГЭЖ ХЯТАДУУДЫГ МУУ ХЭЛСЭЭР БАИГААД БИД ТООСОННД НЬ ДАРУУЛААД ҮЛДВЭЭ ...
ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД БИД ИЧИЖ ҮХЭЦГЭЕ
энэ зуун хятдын зуун гэдэг чухам үнэн юмаа. тэр гайхалтай бүсгүйгээр бахрахчихлаа. гоё мэдээ байна.