УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдааны эхэнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
О.Цогтгэрэл:
-Засаг захиргааны бүтцийн хувьд нэгдэн нийлэх, илүү томрох, эрх ашгаа нэгтгэх гэдэг чухал. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас хамаараад хэцүү байх шиг байна. Тэгвэл засаг захиргаа хэвээрээ байгаад эдийн засгийн бүсчлэлээр нэгдэх боломж юу байна. Хуулийн төсөл санаачлагчид орон нутагт бие даасан байдлыг нэмэгдүүлэх гэж байгаа гэсэн. Манайх нэгдмэл улс болохоор хариуцлагатай бие даасан байдлын тухай ярьж байгаа байх. Гэхдээ эрх мэдэл шилжихийн зэрэгцээ тэнд үүрэг хариуцлага, чадамж нь нэмэгдэх ёстой. Энэ талын зохицуулалт хуулийн заалт байна уу.
Ш.Адьшаа:
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох хууль гэж ойлгодог. Би бол оруулж ирсэн хувилбарыг дэмжих ямар ч бодолгүй байна. Энэ хууль Монгол Улсад 30 жилийн турш хуримтлагдсан орон нутагт намчирхаж, улстөржсөн байдлыг ч давхар шийдэх хэмжээнд орж ирэх ёстой байлаа. Гэтэл хэлбэрийн төдий, зарим талаараа хуучин тогтолцоогоо хамгаалсан асуудал байна.
Х.Ганхуяг:
-Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ бол цаашид эдийн засгийн төлөвлөлт хийх суурь хууль юм. Тийм болохоор зарим гишүүнтэй санал нэг байна. Ажлын хэсэгт нь эдийн засагчид орох ёстой. Яагаад ингэж яриад байна гэхээр 1000 хүнтэй суманд 640 хүүхдийн сургууль барьдаг. Тэр сургууль хэзээ ч дүүрэхгүй байхгүй юу. Дээр нь боловсон хүчин, хөрөнгө оруулалтын асуудал гардаг. Бүр 100 хүрэхгүй хүн амтай багт сургууль, цэцэрлэг барьсан байгаа. Гэтэл Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт таван хороо одоо хүртэл сургуульгүй байна л даа. Тэр таван хороо нийлээд 60 мянган хүн болно. Цаашдаа эдийн засгаа яаж төлөвлөх, төсвийн бодлогоо яаж явуулах уу гэдэгтэй энэ хууль холбогдох болохоор эдийн засагчдын санал хэрэгтэй байна шүү.
Н.Ганибал:
-Энэ хуулийн төсөлд байгаа “Ерөнхий сайд аймаг нийслэлийн Засаг даргад санал оруулах” мөн дээд шатны Засаг дарга нар доод шатны Засаг дарга нарыг ИТХ-д санал болгох гэсэн заалтууд байна. Энэ бол томилно гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуульд байгаа ардчилсан ёсыг зөрчиж байна гэж бодож байгаа. Ажлын хэсэг, Байнгын хороон дээр АН-ын гишүүд энэ талаар санал гаргаж хэлэлцүүлсэн ч дэмжээгүй байна лээ. Шууд утгаараа 31 жилийн өмнө МАН Төв хороон дээрээ аймгийн Засаг дарга нарыг томилох асуудлыг хэлэлцээд Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга шийдэж байсантай адил боллоо. Коммунизм руу буцаж орж байгаа хуулийн төсөл хэлэлцэж байгаад харамсалтай байна.
Т.Доржханд:
-Маш том реформын хууль орж ирж байна гэж харж байна. Одоо зоригтойгоор том шинэчлэл хийх хэрэгтэй байна. Засаг захиргааны нэгжийг яаж нэгтгэх, төвлөрүүлэхийг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжихгүй байна. Монгол Улс сүүлийн 30 жилд хөгжихгүй байгаа шалтгаан нь сум, аймгууд болоод байна. Сум нь 2000 хүнтэй, төвдөө 500 хүн л амьдардаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьж байгаа чинь Монгол Улсыг хойш татаж байна. 330 сумаа нэгтгэе. Суманд ажлын байр алга. 3.3 сая хүнийг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өөрчлөлт хийх хэрэгтэй.
Л.Мөнхбаатар:
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол Монголын төрийн байгууллуудыг тогтоож байгаа гол хуулиудын нэг. Анх 81 зүйлтэй хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байна. Гэтэл ажлын хэсэг дээр 73 зарчмын зөрүүтэй болоод найруулгын санал гарсан байна. Тэгэхээр боловсруулалтын шаардлага хангаагүй хууль өргөн мэдүүлсэн байна уу эсвэл концепцын шинжтэй олон өөрчлөлт орчихов уу. Миний хувьд анх өргөн барьсан төсөл бол дэвшилттэй, зоримог өөрчлөлтүүд шингэсэн байна гэж харсан. Орон нутгийн улстөржилтийг багасгах зорилгоор улс төрийн намаас орон нутагт нэр дэвшүүлэхгүй байх, ИТХ нь намын бүлэггүй байх, Засаг дарга намын эрх ашгийг төлөөлөхгүй байх гэх мэт. Тэр саналууд бүгдээрээ хасагдаад явж байна шүү дээ. Өөрчлөн найруулсан зүйлүүд дээр өөр ч ухарсан байдалтай зүйлс харагдаад байгаа юм. Хамгийн гол нь Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл байна гэсэн Үндсэн хуулийн зүйл заалтыг гүн шингээсэн хууль байх ёстой. Гэтэл дотор нь хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, 80 дугаар зүйл дээр орон нутгийн өөрөө удирдах байгууллага төв Засгийн газартайгаа хэлэлцээр хийх гэсэн зүйл хүртэл явж байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ. Холбооны улс биш шүү дээ. Цаашдаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ч аюул учруулж болохоор байна. Тийм болохоор нэлээд сайн хэлэлцэх шаардлагатай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ene huulinaas tsaashdiin hugjil shaltgaalna Zorigtoi shinechlel heregtei