...гэрэлд гарч өсгөгч шилээр харсан чинь авсан хэдэн сувд нь бүгдээрээ голдоо өмхөрч муудчихсан байжээ...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

 

Дэлхийн шилдэг өгүүллэг

Бид энэ долоо хоногт дэлхий дахинд нэрд гарсан гадаадын зохиолчдын сонгодог өгүүллэгүүдийг  толилуулахаар шийдлээ. Уран зохиолын бие даасан төрлийн нэг өгүүллэг нь XVIII-XIX зууны зааг дээр бүрмөсөн бүрэлдэн тогтжээ. ХХ зууны дунд үе гэхэд өгүүллэгийн төрөл нь өнөөдрийн өндөрлөгт хүрч эдүгээ цагт орон орны мянга түмэн уншигчийн сонирхлыг татдаг болоод байна. Ялангуяа, Америк, Франц, Япон, Англи, Орос, Испанийн зохиолчдын бичсэн үе үеийн өгүүллэгүүд онцгой байрыг эзэлдэг боллоо.

Дэлхийн сонгодог өгүүллэгийн ертөнцөд таныг урьж байна.

 

Виржиния Вульф

Виржиния Вульф /1882-1941/ Английн зохиолч эмэгтэй. “Дэллоутэй хатагтай”, “Гэрэлт цамхаг тийш”, “Давалгаан” зэрэг роман зохиол бичжээ. 

 

Гүнгийн хатагтай, эрдэнэсийн панзчин хоёр 

Оливер Вейпон, Ногоон цэцэрлэгийн өөдөөс харсан байшингийн хамгийн дээд давхарт суудаг ажээ. Өглөө найман цагт зарц эрийн оруулж барьсан өглөөний цайгаа ууж, мөн зарцаараа хөхөлбөр ягаан туяатай гэрийн дээлээ өмсгүулж, өглөөгүүр ирсэн баахан захидлын дугтуйг хурц хумсаараа хүү татан задалж, төрийн гүнж, эрхэмсэг олон хатагтай, ноёхон нараас ирүүлсэн гоёмсог товгор үсэгтэй урилга тавтайяа уншиж болгоогоод, нүүр гараа булхсаны хойно сая амт оруулан хайрсан зөөлөн талх хийгээд бусад нарийн боов зооглож, цахилгаанд залгаастай дуураймал тулганы бадарсан гэрэлд шинэ сонингоо уншиж суудаг сан. Аман дотроо "Энэ Оливерийг хараач? Чи чинь бохир давчхан нэгэн гудамжинд амь зуухчаан болох гэж бас тэгээд яаж ч... байсан билээ дээ" гэж ганцаараа ярьж, өөлөхийн аргагүй сайхан тохирсон өмд, гутал, гутлын түрий, цэх  шулуухан  хөлөө байн байн дуртай харна. Тэр цагт би мөн цэл залуухан эр явжээ. Сүүл сүүлдээ хувцас хунар сайтай болж, эхлээд гоёж чимсэн сайхан жууз тэрэгтэй, дараа нь бүр машинтай болсон гээч. Оливер нэг хижээлдүү эмэгтэйн сайхан зурмал хөргийн өмнө алга хавсран зогсож,  залбирах янзаар хөрөг өөд хараад,

-Би хэлсэн үгэндээ эзэн боллоо шүү, ижий минь! Мөрийгөө ч авлаа гэж өгүүлэв. Үнэхээр ч хэлж байсандаа хүрч өдгөө Англи даяар хамгийн хөлтэй панзач болжээ. Нэг содон юмны үнэр авсан аятай. Мэйфэйэрийн тэргүүн баячуулын тоонд багтсан Оливерийг ажихад хөрсөн доорх малтуу мөөгний үнэр авч нэг хэсэг газар онгичин сэндийлж баахан малтуу мөөг гаргаж аваад, цааш нь арай томоохны үнэрээр газар сэглэж буй лухгар том бодон гахай сэтгэлд аяндаа ургамаар. Франц, Итали,

Австри, Герман, Америк даяар зар цуу нь тархсан Бонд хэмээх их зах зээлийн гудамжинд байдаг нэгэн бэсрэг пүүсэндээ хүрэн хүртэл сэтгэл нь ханахыг мэдэхгүй явлаа.

Оливер ердийн шигээ, үг дуу ч үгүй алхлан ахимагдуу насны Маршалл, Спансер, идэр залуу Хаммонд, Викс дөрвийн хажуугаар эзэн хүний ихэмсэг сүрээ гайхуулан явж өнгөрөхөд нөгөө дөрөв нь шаасан гадас шиг хөдөлгөөнгүй зогсож атаархан ширтэх ажээ.

За хөө... тэгдэг... гэж Оливер нэг их урт санаа алдах аястай дуу алдаад туурган дахь нууцгай товчийг дарахад, туурганы нууц хаалга онгойж, өнгөлсөн гангаар хийсэн эрдэнэ агуулах таван бөх авдар, үгүй ээ зургаан авдар нүдэнд өртөв. Түлхүүрээр түлхэн эхлээд нэг авдар, дахиад нэгийг, бүр зургууланг нь онгойлгож үзлээ. Авдар бүр нь зөөлөвчтэй хөхөлбөр ягаан хилэн дотортой, эрдэнийн бугуйвч, сондор, бөгж бэлзэг, хатан титэм, гүн титэм, шилэн хорготой бадмаараг, нил эрдэнэ, маргад эрдэнэ, сувд, очир эрдэнэ зэрэг үнэт эрдэнэсээр дүүрэн энэ бүгд нь ердийн байдгаараа сэрүү татан гялалзаж, өнгө өнгөөр солонгорон туяарна. Эрдэнэсээ шуналтайяа ажиж байснаа, Оливер сувдыг "доголон нулимс", бадмааргийг "булгилах зүрхний хүрэн цус", очир эрдэнийг хэд хэдээр нь гартаа цэгнэн шажигнуулж "хамгийг дэлбэ татагч агуу шидэт дарь" гэж нэг нэгээр нь нэрлэж цоллов. Хаалга онгойн Хаммонд орж ирээд хатавчинд хана руу шахасхийн зогсож,

-Их хатагтай морилон ирлээ, эзэнтээн! гэж дуулгав. Оливер ялимгүй өндөсхийн, хонгилоор айсуй гүнгийн хатагтайн хувцас явдлын нь аясаар шажиг шугжиг хийх танил чимээг сонсов. Хаалга цэлийтэл нээгдэхэд гүнгийн хатагтайн бараа харагдав. Хүний хамаг үзэсгэлэн цог жавхлан, гайхамшиг гагц өөрийн биедээ цогцлуулан, төв түвшин ааль, өндөр алдар нэр, ихэмсэг жавхлант дүрээрээ өрөө тасалгааг гийгүүлэн тансаг үнэр ханхлуулсаар орж ирлээ. Эрхэмсэг Бейкон гуай таны өглөөний амгаланг айлтгая хэмээн цагаан торон бээлийтэй гараа сунгахад нь Оливер мэхэсхийн гар барилаа. Ийн гар барилцан учирсан нь энэ хоёр дахин наймаа хийх болж байгаагийн эхлэл нь билээ. Хатагтай, Оливер хоёр эртний танил бөгөөд нөхөрсөн ойртож, түнш хагаран хөндийрч бие биенээ мэхэлж байсан ч, хэн хэндээ бас тус болж нэг нэгнээсээ эмээн халирч, уулзах болгонд энэ бухэн нь аль алины санаанд заавал ордог ажээ. За, өнөөдөр хатагтай танд би юугаар тус хүргэж болохсон бол гэж Оливер яриа өдөж, эелдэгхэн асуухад, хатагтайн царайд хамаг санасан нь бичээстэй юм шиг тодорч, хариу өчилгүй, өмхий хүрэн юмуу гэж андуурмаар өнгө хэвийг нь жигтэйхэн дуурайлгаж хийсэн урт нарийхан торгон илгэн хэтэвчээ нээж, арван ширхэг сувд гаргаж ирлээ. Тэр арван ширхэг бөнжгөр сувдыг хан хурмастын нэгэн жигүүртний өндөг гэмээр.

-Эрхэмсэг Бэйкон гуай минь, надад үлдээд байгаа нь ердөө энэ хэд гэж цаанаа л нэг зовиуртай хэлэв. Хатагтай хоёр өвдөгнийхөө хооронд хормойгоо хунхуйлган сувдаа бөмбөрүүлэхэд, сувд нь бараа сүртэй их уулын хавчиг ам руу өнхрөн орж байгаа юм шиг. Хатагтай их л аргадангуй аясаар өгүүлрүүн, Апплибайн домогт бүсний шигтгээнээс үлдсэн нь. Ингээд дуусгаж байна даа.

Оливер гараа сунган, нэг сувд чимхэж аваад эргүүлж тойруулан сайтар үзвэл, хэв янз бөв бөөрөнхий өнгө байдал үнэхээр нүд булаам. Үнэн сувд уу, дуураймал уу? Хатагтай дахиад л маллах эчнээ далд бодолтой явна уу? Одоо даанч зүрхэлнэ гэж үү дээ.

Араминта, Дафнэ, Диана гурван охиныг минь Бейкон гуай та сайн танина шүү дээ. Энэ хэдэн сувдаа тэр гуравтаа л гэж би зарах гэсэн юм гэж хатагтай их л царайчилсан янзтай ярилаа. Гурван охинд нь Оливер хөл алдан биширдэг нь үнэн. Тэр дундаас Дианад нь илүү хайртай.

"Та намайг юу эс андах билээ" гэж хатагтай жишүүдүү харж хэлээд нүдэнд нь нулимс мэлтэлзэн, хэлхээ нь алдуурсан сувд шиг хацры нь даган урсав.

"Хуучин анд минь, эртний танил минь гэхэд нь Оливер үгий нь тосон дагуулж,
-Хуучин анд минь, эртний танил минь гэж давтлаа. За тэгээд хэдээр өгөх вэ гэж Оливерийг асуухад хатагтай алгаараа сувдаа халхлан дарж, ердөө л наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хорин мянга гэж шивнэв.  

-Маргааш та манайхаар морилон очоорой гэж уриад, дуу нь тасалдсанаа "эрхэмсэг их ерөнхий сайд..." гээд дахин дуугүй болж, сүүлд нь,

-Манай Диана... гэж нэмж хэллээ. Оливер хонх дарахаа болиод хатагтай руу ч харалгүй цонхоор гадагшаа гөлрөв. Бонд гудамжны олон байшин барилга нүдэнд нь туссангүй, харин сэтгэлд нь түмэн бодол үймрэн, мяралзах гол, гол хулд загас, байн байснаа ерөнхий сайдын дүр царай. Оливер өөрөө чандган цагаан ууж цамцтай, эцэст нь Диана бүсгүй ээлж дараалан харагдах шиг болов. Тэгээд атгаастай сувд руу харав. Энэхүү голын урсгал Дианагийн талимаарах харц, бусад олон хий үзэгдлийн дунд яаж ч сувдны сайн мууг ялган таних билээ. Гүнгийн хатагтай Оливер өөд эгцлэн харж өгүүлрүүн:

-Хорин мянга. Би бас нэр нүүрээ бодолгүй яахав. Үйлийн үргүй жинхэнэ сувд байгаа юм. Дианагийн эхийн нэр нүүр байна даа гэж бодонгуутаа, Оливер чек, үзгээ гарган "Хорин..." гэж бичсэнээ орхиж, ханан дахь эхийнхээ зурмал хөрөг өөд харвал "Оливер минь, ухаантай хэрсүү шиг л байгаарай, болчимгүй бүү хөдлөөрэй" гэж эх сургамжлах шиг боллоо. Тэгтэл хатагтай, Бейкон гуай та гэсэн хөндий хүндийн үггүй бүр дотносог,

-Оливер минь хагас бүтэн сайнд манайхаар хонуудаар очоорой гэж дахин аргадангуй урилаа.

Дианатай хоёулхнаа ойд мориор зугаалж явах болох нь ээ гэсэн бодол ургангуут, Оливер залгуулан "мянга..." гэж бичээд, гарын үсгээ зурж, "За май...” гэж

хатагтайд барилаа. Хатагтайн босоход гоёмсог шүхэр дэлгэж байгаа ч юм шиг, тогос шувуу өд сөдөө сэгсрэн засаж байгаа ч юм шиг, сүр орж царайд нь сэтгэл ханасны шинж харахад илэрхий. Оливерийн гарын үсэгтэй хорин мянган фунтын чекийг гартаа оруулж авсан хатагтай сэтгэл өег алхална. Оливер албан өрөөндөө эргэн орж, хаалгаа хаангуутаа "Энэ хэд үнэн сувд уу, дуураймал уу?" гэж өөрөөсөө асуугаад, зөөлөн цаасанд боодолтой сувдыг ширээн дээрээс авч цонх руу ойртон, гэрэлд гарч өсгөгч шилээр харсан чинь авсан хэдэн сувд нь бүгдээрээ голдоо өмхөрч муудчихсан байжээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top