Цагийн хатууг сөрж байгаа ч баяр наадам хүүрнэсэн оторчдын бэлчээрт...

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Хүйтний ам ертөнцийг бүхэлд нь цас мөсөөр хүлхэж, идэр ес угтан тачигнах цаг дор оторчны хотонд саатлаа. Малчдын хөдөлмөрт цагийн хуваарь, хойш тавьж болох ажил гэж байх биш, хорвоогийн цасан дуулгат өдрүүдэд хэдэн мал буянаа л гэж явдаг хүмүүс. Оторчны хоймор, малчны хотонд очих болсон нь Монголын Морин спорт, уяачдын холбооны зарим хүмүүс отроор яваа уяачдаа эргэж, тэдний аж байдалтай танилцах байв. Энэ л учир шалтгаантай бидний ажил ч яв цав уялдсан учраас аян замын дөрөө харшууллаа. Тодотгож хэлбэл, Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Улсын Алдарт уяач З.Батбаяр, Дундговь аймгийн “Нарны хүлэг” Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Аймгийн алдарт уяач Л.Алтанхуяг, Монголын Морин спорт, уяачдын холбооны Ажлын албаны дарга н.Батбаатар нарын хүмүүс уяачдаа эргэж, хэдэн зуун бээр туулж ирсэн оторчиддоо сэтгэлийн дэм өгсөн явдал юм.

Энэ жилийн хувьд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумдад цаг хүндэрсэн учраас малчид яах аргагүй бог, бодынхоо бэлчээр, хөлийг даган амьдарч байна. Бид цас мөсөөр хучсан уулсын сүр бараан дор давхилдаж, эхний дөрөө мулталсан айл бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас отор нүүдэл хийж ирсэн малчин С.Төгсмөнхийнх байв. Тэднийх бог, бод нийлсэн 1000 орчим малтай нийслэлээс холгүйхэн, хуучин Цанын баазын ойролцоо уулын аманд бууриа засаад авчээ. Мэдээж энэ нь Дундговь аймгийн тэргүүн Л.Алтанхуяг алдартын санаачилга байсан байх. Жинхэнэ уяач, жинхэнэ хүлгийн уяан дээр адуу шигээ зүүрмэглэж зогсдог гэдэг. Тэр хүмүүс бол яах аргагүй малчид байдаг гэдэгтэй маргах аргагүй. Түүнээс бол уяач нэртэй хүн алийг тэр гэхэв. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр малчид бүхэн уяач байдгийг л дурдах гэсэн хэрэг. Малчны нөр их хөдөлмөрөөс түр зуурхан амсхийж, морио уядаг, уралдуулдаг эртний сайхан уламжлал өдгөө ч хадгалагдсаар байна. Морины уяа, баяр наадмын цаана монголчуудын үнэт өв соёл хадгалагдаж, хэдэн зууны тэртээгээс бидэнд өвлөгдөн ирсэн учиртай. Аливаа үндэстний оршин тогтнох язгуур эрх ашиг дотор адуу гэдэг амьтан, түүнийг дагасан соёл зүй ёсоор оршино. Гагцхүү энэ том агуулгыг тээж яваа хүмүүс нь малчид юм.

Нийслэлээс алсгүй, уулын аманд малын туураар цастай, дахиад нэмбэл өвсөө далдлах хэмжээнд байгааг төвөггүйхэн харж болно. Овор хэмжээ багахан отрын хангай гэрт тухалж, гэрийн эзэн С.Төгсмөнхтэй хууч дэлгэлээ. Тэр хэдийгээр хүний нутаг, гүний хошуунд отор нүүдэл хийж, морин дэл дээр яваа ч хурдан мориныхоо уяа сойлгыг орхиогүй гэдгээ юуны өмнө дуулгаж байв. Морь уяна гэдэг зөвхөн зуны дэлгэр цагийн ажил биш, цагийн дөрвөн улиралд л тордож, анхаарч байдаг зүйл. Тэр тусмаа сүүлийн үед морины уяа нь шинжлэх ухаан,  мэргэжлийн тал руугаа өөрийн эрхгүй оржээ. Ийм цаг үед нэг улирал байтугай нэг өдөр ч морины ажил алдаж болохгүй цаг санж. Малчид маань ч цагийн хатууг сөрж нүүж байгаа ч мориныхоо ажил, албыг огтхон ч орхиогүй гэдгийг уулзаж учирсан бүхэн илтгэнэ. Энэ үеэр С.Төгсмөнх “Бидний ганц хүсэн хүлээдэг зүйл бол наадам, морины уралдаан юм. Гэтэл эрлийз хурлийз гэж ялгаад бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийж байна. Энэ бүхний цаана малчид, уяачдын хөдөлмөр, хөрөнгө мөнгө урсаж байдаг. Тэгэхээр төрөөс энэ тал дээр анхаарч, тодорхой хууль дүрэмтэй болж, нэг талд нь гаргах хэрэгтэй. Маргаангүй сайхан наадам л хэрэгтэй байна” хэмээж байв. Цас зуднаас дайжиж, өвлийн жавар сөрөн нүүдэллэж яваа ч өнөөх л уламжлалт морь, айсуй цагийн тэртээ дуу нь хадах баяр наадмын тухай ярьж суух нь аргагүй л уужимхан Монгол эрсийн цөлх зан байх. Нөгөө талд малчдаас салгаж ойлгох аргагүй зүйл бол энэ. Мөн Төрийн бодлогын хэмжээнд анхаарч хандаж байх зүйл бол адуу, түүнийг дагасан соёл юм гэдгийг харуулсан хэрэг.

Бид эндээс хөдлөөд адуун сүргийн захад саатахад зүүн өмнөөс нэгэн бараан морьтон хатируулж ирсэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын малчин, уяач О.Дагвадулам аж. Идэрхэн эр сайвар зээрд морин дээр хэлтгийдүүхэн сууж, уургын цээл хуйв өвс шүргүүлэн ирж байгаагаас харвал чамгүй урт уурга барьдаг аж. Идэр есийн жавар хайрч үл чадах хөрслөг бор нөхөр хүүхэд байхдаа Тод Манлай уяач Д.Даваахүүгийн морийг унаж байсан гэнэ. Тэр жилийн баяр наадмаас нэрт уяач Д.Даваахүүгийн “Согоо хээр” хадуурч байгаад айргийн тавд хурдалж байсныг моринд дуртай түмэн олон санаж байгаа байх. Тэгвэл “Согоо хээр”-ийг унаж, хадуурсан ч айргийн тавд хурдлуулсан хүүхэд нь О.Дагвадулам аж. Тэрээр хурдан морины унаачийн албанаас буугаад цөөн жил болж байгаа ч өөрөө бие даан морь уяад эхэлжээ. Улс бүс, аймаг сум гээд тоосоо өргөөгүй наадам байхгүй юм байх. О.Дагвадулам ч аанай л “Улсын баяр наадмаа маргаангүй сайхан зохион байгуулдаг болмоор байна. Бүтэн жил тэжээж, сойсон морио хасуулах ямар сайн байх вэ. Би ч ирэх жилийн наадамд хэдэн насны морьдоо тордож тэжээж, ажлыг нь хийж байна. Хамгийн гол нь маргаангүй сайхан наадах хэрэгтэй. Хууль дүрмээ батлаад өгчих юм бол энэ асуудал цэгцэрч, Монгол түмэн сайхан наадна даа” хэмээсээр биднийг үдсэн юм. Оторчидтой хөөрөг зөрүүлэн яриа дэлгэж явах зуурт, дийлэнх нь цас зудыг үл тоон, баяр наадмын маргаан, тэр дундаа хурдан морины уралдаанаа хэрүүл тэмцэлгүй явуулах, улмаар УИХ-аас хууль баталж нэг шийдэлд хүрэхгүй бол сүүлийн 10 гаруй жил маргалдсан гэдгийг малчин бүхэн ярьж байв. Энэхүү асуудал нь малчид, уяачид бүхний яриан дунд дурдагдаж байгаагаас харахад яах аргагүй авч үзэх ёстой асуудал аж. Суурин амьдралтай бидний хувьд энэ тухайд тэр бүрий сонсож байгаагүй учраас хамгийн содон мэдээлэл байв. Тиймээс бид аян замд дөрөө харшуулсан зарим уячид, Уяачдын холбооны эрх бүхий хүмүүсээс дараах зүйлийг тодруулж явав. 

 

Дундговь аймгийн “Нарны хүлэг” Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Аймгийн алдарт уяач Л.Алтанхуяг: Сэрвээний өндрөөр ялгаад уралдуулах нь хамгийн шударга юм

Манай Дундговь аймагт цаг хүнд байгаа учраас малчид маань хэд хэдэн аймагт отор нүүдэл хийж байна. Тиймээс аймгийн Уяачдын холбооноос отор нүүдэл хийж байгаа малчид, уяачдаа эргэж тойрч явна. Өнгөрөгч зун Дундговь аймагт бороо муу орсон учраас өвс ногоо дэлгэрсэнгүй. Малчид маань отор нүүдлийн их ажлын хажуугаар хурдан морьдынхоо уяа сойлгыг мартаагүйг та бүхэн харж байна. Цагийн мууд бусад малдаа өвс тэжээлээ өгмөөр байдаг, хурдан морьдоо тэжээх гээд асуудал байна. Хурдан морьдын уралдаан бол Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа. Гэтэл хурдан морины уралдааныг бужигнуулж, хэрүүл тэмцэл болгодог зүйл урт хугцааанд үргэлжиллээ. Төр засгаас, Наадмын комисс гээд янз бүрийн ажил зохион байгуулж, морио маргаангүй уралдуулахыг хичээж байгаа ч үр дүн алга. Тэгэхээр наадмын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Үйлдвэрлэг байдлаар нь явуулъя, сэрвээний өндөр хэмжинэ гээд янз бүрээр үзэж байгаа ч аль аль талдаа маргаан тасрахгүй байна. Одоо УИХ-аас хууль баталж, малчид уяачдад тулгамдаж байгаа энэ асуудлыг хурдан шийдэх шаардлага бий. Уяачид бүтэн жил морины ажил хийж зардал гаргадаг ч энэ мэт зүйлээс болж морио хасуулж байгаа нь харамсалтай. Миний болон уяачдын хувьд сэрвээний өндрийг хэмжээд уралдуулах тал дээр санал нэгдэж байна. Эрлийз адуу гэдэг нь өнөөдөр бий болсон зүйл биш. Үнэн хэрэгтээ 1960, 1970 онд Морин тойруулгын адуунаас үржил хийгдэж, эрлийз адуу бий болсон. Монгол адуу хурдан төрөлгүй яахав, сайхан хурдалж байгаа Монгол адуу олон бий. Эрлийз адууг огт байхгүй болгоно гэдэг боломжгүй зүйл. Зарим нөхөд эрлийз адуу уралдуулж, олноор оруулж ирж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүй хийж байгаа мэтээр ярьж, буруу ойлголт өгч байна. Тэгэхээр хуулиар зохицуулах л шаардлага бий. Сэрвээний өндрөөр хэмжээд уралдах нь хамгийн шударга. Өндөр намаар нь ялгаад уралдуулах нь маргаангүй. Уяачид маань ч баяр наадмаа сайхан, маргаангүй болгох ёстой гэдгийг бүх талаас нь хэлж ярьж байна. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам ямар их маргаан дунд болж өнгөрснийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр ирэх онд 100 жилийн ойгоо маргаангүй сайхан зохион байгуулахын тулд төрөөс хууль дүрмээ гаргаж өгөх хэрэгтэй.     

 

Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Улсын Алдарт уяач З.Батбаяр

Өнгөрөгч зун Өвөрхангай аймгийн ихэнх сумдад бороо хур бага, өвс ногоо дэлгэрээгүй, тиймээс энэ өвөл хүндхэн боллоо. Ихэнх малчид маань аймаг аймгийн нутагт  отор нүүдэл хийж явна. Бидний хувьд малчдаа эргэх далимаар уяачидтайгаа уулзаж явна. Малчид маань хэдийгээр отор нүүдэл хийж яваа ч мориныхоо эдэлгээ, уяа сойлгыг хийж байна. Сүүлийн 15 жил эрлийз монгол гээд уралдаж чадахаа болилоо. Үүнийг л нэг талд нь гаргах хэрэгтэй. 2019 оны нэгдүгээр сард Морин спорт, уяачдын холбооны хуралдааныг зохион байгуулж, бүх аймаг сумаасаа төлөөлөл оролцуулсан. Хуралдааны гол асуудал нь энэ хэрүүл маргааныг цэгцлэх, тодорхой дүрэм журамтай болно гэдэг дээр уяачид санал нэгдсэн. Их хурлаас уриалга гаргаж, түүнийгээ УИХ-д өргөн барьсан. Хэлцэгдэж шийдвэрлэнэ гэж бодож байна. Хот хөдөөгүй ярьж байгаа асуудал бол баяр наадам, морины уралдаанаа хэрүүл маргаангүй зохион байгуулъя гэж байна. Уяачдын бүтэн жилийн хөдөлмөр, хөрөнгө мөнгийг үргүй болгож байна шүү дээ. Маргаж байгаа асуудал нь эрлийз, хурлийз, сэрвээний өндөр, үйлдвэрлэг байдал гээд талцаад байгаа юм. Хамгийн шударга зүйл бол сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулах юм. Энэ тал дээр уяачид ч санал нэгтэй байна. Шууд нэгдүгээр үеийн эрлийз адуу ороод ирэхгүй. Тодорхой хувь чанар заагаад өгчихөөр болохгүй зүйл алга. Хэмждэг багаж төхөөрөмжийг нь боловсронгуй болгочихоор хэн ч хэмжээд явчихна. Бөхийн холбоо, Сурын холбоо гэхэд оноолтоо хийнэ, цол чимгээ олгоно гээд бүгдийг хийнэ. Гэтэл манай холбоо оролцох боломжгүй байгаа юм. Энэ бүхнийг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top