Мэдээ, мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй оны онцлох үйл явдлыг салбар тус бүрээр тоймлон хүргэдэг уламжлалтай билээ. Улс төрийн албанаас өнгөрч байгаа 2020 онд болж өнгөрсөн улс төрийн ОНЦЛОХ ТАВАН үйл явдлыг нэрлэж, тоймлон хүргэж байна.
-МАН ДАХИН ЯЛЖ, АН ДАХИН ЯЛАГДАВ-
Дөрвөн жилийн давтамжтай болдог УИХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн зургаадугаар сард боллоо. Өмнөх дөрвөн жилд парламентад 65 суудал авч, Засгийн эрхийг барьж байсан эрх баригч нам дахин ялалт байгуулж, 62 суудал авсан нь улс төрийн онцлох үйл явдлын нэг байв. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад есөн суудалтай сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байсан АН-ынхан энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 11 суудал авч дахин ялагдал хүлээсэн билээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар өнөөгийн парламент МАН 62, АН 11, МАХН 1, ХҮН 1, бие даагч 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Улс төрийн ууган хүчин болох МАН-ыг дахин үнэмлэхүй ялалт байгуулахад намын даргынх нь нэр дэвшигчдэд тавьсан шаардлага, шалгуур ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаа юм. Дээр нь өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон улстөрчдийг нэр дэвшүүлээгүй нь сонгогчдоос өндөр үнэлэлт авч, МАН-д дахин итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн байдаг.
Харин АН-ын хувьд өмнөх ялагдлаа давтсан нь нам доторх хагарал, нэг хүний хэт их эрх мэдлээс шалтгаалсан гэдгийг гишүүд, дэмжигчид нь ярьдаг. Учир нь, АН-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ тухайн үед намаасаа нэр дэвшигчдэд 100 сая төгрөгийн дэнчин тавьсан нь нам доторх хагарал, цаашлаад сонгогчдынхоо итгэлийг алдахад хүргэсэн гэдэг.
Тэгвэл улс төрийн гуравдагч хүчин гэгддэг МАХН-аас Орхон аймагт ганцхан суудал авсан нь бас л тааварлашгүй үйл явдал болсон билээ. Тус намын дарга Н.Энхбаярын хувьд арай өөр үр дүн хүлээж байсан нь тодорхой. Гэвч МАХН-ынхан ганц суудал авч, О.Баасанхүүг С.Ганбаатараар сольсон бол ХҮН-аас анх удаа парламентад суудал авсан нь улс төрийн онцлох үйл явдлын нэг байв. Ингэснээр ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН, АН, МАХН-аас гадна ХҮН-аас нэр дэвших боломжтой болж байгаа юм. Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-ын лидерүүдийн нэгд тооцогддог байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие даан нэр дэвшин, ялалт байгуулсан билээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүн өнгөрсөн аравдугаар сард Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар ч давтагдсан гэхэд болно. Нийслэлийн найман дүүрэг, 13 аймагт эрх баригч нам ялалт байгуулсан бол бусдад нь АН-ынхан ялалт байгуулсан. Гэхдээ энэ удаад МАН амжилтаа нэг шат бууруулсан бол АН-ынхан нэг шат ахиулсан гэж дүгнэдэг. Харин бусад нам, эвслийн хувьд энд тэнд ганц, хоёр гэсэн эрээвэр хураавар амжилтыг үзүүлсэн байдаг.
-ҮХЛИЙН ВИРУСНИЙ ЭСРЭГ У.ХҮРЭЛСҮХИЙН БАГ-
Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахал улс, эх орны эдийн засагт хүндхэн цохилт болоод байна. Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй цөөхөн орны тоонд багтаж байсан бол өнөөдөр дотоодын нийт халдвар хэдэн арваар тоологдож байгаа билээ. Засгийн газраас цар тахлын голомтыг хумих, иргэдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалах зорилгоор хатуу хөл хорио тогтоогоод байна.
Тодорхой салбарын ажилчдаас бусдыг нь хатуу хөл хорионд оруулсан Засгийн газрын шийдвэр иргэд, аж ахуйн нэгжийг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байгаа хэдий ч төр, засгийн зүгээс тэдний амьжиргааг дэмжсэн бодитой олон шийдвэрийг гаргаад байгаа билээ. Цар тахлын үеийн Засгийн газрын шийдвэрийг нийтээрээ дагаж, Монгол Улс өнөөдөр ч хатуу хөл хориотой ирэх оныг угтах гэж байна.
Тухайлбал, Монгол Улсад коронавирусний халдвар зөөвөрлөгдөн ирж анхны тохиолдол бүртгэгдсэн, дотооддоо цар тахлыг алдсан цаг хугацаанаас хойш Засгийн газраас хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгохоос эхлүүлээд шахмал түлшний үнийг 75 хувь бууруулж, өрх бүрийн цахилгаан, дулаан, хогний мөнгийг ирэх долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл тэглэсэн явдал нь олон нийтийн амьжиргаанд бодит дэмжлэгийг өгч байна. Түүнчлэн зарим импортын бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлж, цар тахлын эсрэг хуулийг хүртэл баталж гаргалаа. Хил, гаалиа хааж хэцүүхэн байдалтай байгаа хэдий ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгаа бүхий л хүч, бололцоогоо ашиглаж, иргэдийнхээ эрүүл мэнд хийгээд амь насыг нь хамгаалж байгаа явдал нь 2020 оны онцлох үйл явдал юм.
-УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ХОТЫН ДАРГА-
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдын итгэлийг өвөртөлж дахин парламентын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, Хотын даргын албан тушаалд очсон үйл явдлыг улс төрийн онцлох сэдвийн нэгээр нэрлэж болох юм. Хотын дарга С.Амарсайханы халааг авч, хотыг "толгойлох"-оор ирсэн Д.Сумъяабазар НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд багаа ялалтад хүргэсэн "гавьяа"-аа хүртсэн ч нөгөө талд хариуцлагаа үүрсэн ч гэдэг.
Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 23-ний өдөр Хотын даргаар сонгогдсон. Тухайн үед НИТХ-ын анхдугаар хуралдаанд Хотын даргаар сонгогдохынхоо өмнөхөн "Сонгинохайрханчууд бидэнд бүрэн итгэл өгсөн. Энэ итгэлийг хөсөрдүүлсэн зүйл огт биш. Илүү ойр ажиллах, тулгамдаж байгаа олон асуудлыг хамтарч шийдэх нөхцөл рүү орж ажиллах болно. Би дээшээ өгсөөгүй, аль нэг албан тушаалд очих дур сонирхол байхгүй. Эрсдэл дундуур явж байна. Иргэний зориг гаргаж шийдсэн. УИХ бол бодлогын түвшинд шийдвэр гаргадаг. Амар хялбараа бодвол тэндээ байх нь зөв. Нийслэлийн МАН-ын хорооны хурлын гишүүдийн 100 хувийн саналаар "Та хариуцлагаа хүлээж, тулгамдаж байгаа асуудал, хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө хариуцаад ажилла. Хариуцлагаас зугтахгүй бай" гэсэн. Намын Удирдах зөвлөлөөс ч ийм шийдвэр гарсан. Намын бодлогыг нэн тэргүүнд тавьж, хүлээж авахаас өөр аргагүй. Би өөрөө намаар хүмүүжсэн хүн. Үнэндээ миний дотоод итгэл, үнэмшил Хотын дарга болно гэдэг зүйл байгаагүй" гэж ярьж байжээ.
Өөрийн хүсэлтээр гэхээсээ илүүтэй намын даалгавар өвөртөлж хотод ирсэн "мань эр"-ийг өнгөрсөн хугацаанд олон нийт сайн, муу янз бүрээр л шүүмжилсэн билээ. Гэсэн ч ажлаа хүлээж аваад хоёр сарын нүүрийг үзэж байгаа шинэхэн Хотын дарга Д.Сумъяабазарын үг, үйлдэл бүр олны анхааралд өртдөг хэвээрээ л байна.
-"ТОЛГОЙ"-ГҮЙ АРДЧИЛСАН НАМ-
АН-ын хоёр ч парламентын сонгууль дамжиж ялагдал хүлээсэн гол шалтгаан нь намын эв түнжингүй байдал, нам доторх хагарлын дээр тэр гээд хэлчих лидергүй болсон явдал юм. Үүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн АН дотор өрнөсөн улс төрийн үйл явдлаас харж болно. Энэ гээд хэлчих, тэр гээд заачих лидергүй болсон тус нам ямар сайндаа л С.Жавхлан, О.Баасанхүү нарыг урьж, тойрог өгч байх вэ дээ. Дээр нь аль хэдийнэ өрх тусгаарласан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарын улстөрчдийг намдаа эргэж орохыг хүсэж, өнгөрсөн УИХ-ын сонгуульд хамтарч оролцох саналыг тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ тавьж байлаа.
Гэвч тус намынхан 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдлаа энэ онд давтаж, өнөөдөр парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна. Нэгэнт шат, шатны сонгуульд ялагдал хүлээсэн тул намын дотоод дүрэмд заасны дагуу удирдлагууд нь хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга С.Эрдэнэ ажлаа өгч, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваандаа тамгаа шилжүүлсэн билээ. Хэдийгээр Ц.Туваан ч адилхан хариуцлага хүлээх ёстой ч дараагийн АН-ын даргыг сонгогдож, ажлаа хүлээж автал намын даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа юм.
Харин өнгөрсөн хугацаанд АН-ын дараагийн дарга хэн бэ гэх асуулт хариултгүй хэвээр байна. Гэсэн ч тус намыг "толгойлох" том амбиц тээсэн олон улстөрч өөрсдийнхөө хүслийг ил болон далд хэлбэрээр дайсаар байгаа билээ. Үүнд, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, О.Амартүвшин нараас гадна саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, нам нь хүлээн зөвшөөрвөл "дарга"-ын сунгаанд оролцохоо мэдэгдсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нараас гадна хэд, хэдэн улстөрчийн нэр яригдаж байна.
Тэгвэл АН-ын Их хурал өнгөрсөн долоо хоногт цахим хэлбэрээр явагдлаа. Энэхүү хурлаараа намынхаа үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргад нэр дэвшигчид болон тэдэнд тавих шаардлага, шалгуураа тодорхой болгов. Ингэхдээ Ардчилсан намын шинэ даргыг нийт гишүүд, сонгогчдынхоо саналаар бус зөвхөн Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн саналаар сонгохоо мэдэгдсэн байдаг. Засгийн эрхийг барьж байгаа эрх баригч намд хяналт тавьж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж яваа АН-ынхан өнөөдөр намын дарга гэх "толгой"-гүй улс төрийн хоёрдагч хүчний үүргийг гүйцэтгэж байна.
-ЗӨӨЛӨН СУУДЛААС ТОРНЫ ЦААНА-
Нэгэн цагт Засгийн газрын тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нарт шүүхээс ял оноосон нь улстөрчдийн дунд сонин, содон үйл явдал байсан гэхэд болно.
Тухайлбал, анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт таван жил, Ж.Эрдэнэбатад зургаан жил, М.Энхсайханд 4.6 жил, Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон билээ. Тэд эхнээсээ давж заалдаж, заримынх нь ялыг хөнгөрүүлээд байна. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт тус бүр гурван жилийн ял оноосон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа билээ.
Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон хүн шүүхээс ял сонсоод байгаа явдал юм. Тэдний зургаа нь МАН-аас сонгогдож байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Д.Гантулга, Г.Солтан нар бол үлдсэн нэг нь АН-аас сонгогдож байсан Д.Эрдэнэбат юм. Тэднийг шүүхээс гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргээс нь шалтгаалж 2-6 жилийн хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс тэдний заримынх нь ялыг хэвээр үлдээсэн бол заримынх нь ялыг багасгасан байдаг.
Сэтгэгдэл ( 6 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Nomtoibayariig syllaachee?Nobsnyyd aa!!!ta nariin ylas tor ene yy?....Nohoi doloo!!!!
Өөрийгөө магтаж болно. Хэзээ ковидын эсрэг вакцин авчрах юм бэ.???\n
Хүрэлсүх ард түмнээ хамгаалсан. Хүнд үед сайн дэмжлэг болж байна даа...
Энэ хэцүү үед хуучин шиг үр дүн гарахгүй гэдгийг мэдмээрсэн дээ, үндсэндээ телевизээр л нэг юм хичээллэсэн боллоо шдээ, тэгээд танхимын үр дүн нэхэж арай болохгүй ээ, хэн ч байсан адил
bolovsorliin yamaa tatan buulagtsan yumuu haashaa yum be tsagaan tolgoi chini tsagaan olgoi bolj huivraad bn eh heleer buu orold oroldood bhaar ta nariin jayaa chini dutaad bgaa medej bn uu