Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 28 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ШИ ЭНЬ МЭН ЖОУ ХОТЫН ЗАМЫГ ДАХИН БУЛААЖ АВАХ

Ү СУН АРХИ УУЖ СОГТООД ЖАН МЭНЬ ШЭНЬ-ИЙГ ЗАНЧИХ

Өгүүлэх нь, Ши Энь, Ү Сун хоёр архидаж байгаад Ү Сунгийн одоо хэлэгтүн хэмээн шаардахад Ши Энь Ү Сунд өгүүлрүүн: - ах би нь бага цагаасаа цэргийн эрдэм сурсан билээ, үүнд энэ хотын хүн намайг барс нүдэт баатар эр хэмээн цол өгснөөс гадна, мунхаг дүү энэ зүүн хотод Куай Хуо Линь хэмээх нэгэн бага хот буй. Тэр хотод архи ба эд бараа зэрэг юмыг худалдаа хийх зуу шахам пүүс бий. Түүний гадна пай наадах дууч эмс зочид зочлох нь ер тасралтгүй. Энэ хотод Шаньдун мужийн хэдэн зуун пүүс, аль нэгэн нь энэ Куай Хуо Линь хотод ирж үл наймаа хиймүй. Цөм ирж наймаа хийдэг тул мунхаг дүү нь нэгэн архины пүүс нээж, худалдаа хийх, зочид буулгах буудал гаргасан билээ. Үүнд энэ хотод нэгэн Жан овогт баатар эр Жан Мэнь Шэнь хэмээмүй. Үүний бие өндөр нь арван чы, чадал нь маш гайхамшиг тул үүнийг тэнгэрийн доор, дэлхийн дээр дийлэх хүн нэг ч үгүй. Иймийн тул өчүүхэн дүүгийн чадлаар олсон нэгэн хэсэг зээлний архины пүүс бас пай наадах, дууч эмс зочид цугларах буудлыг булаан авах хэмээж, өчүүхэн дүү над лугаа хэдэн өдөр байлдан, тэр нь хүчин их тул дүү би дийлсэнгүй. Намайг эмгэг олгож, хоёр сар шахам хэвтээд, эрхэм ахын алдрыг сонсоод, тэр өдөр танхим дээр учирсан нь тэр бүлгээ.

Иймийн тул гуйх нь энэ Жан Мэнь Шэньгээс өс хариулах чадалгүй, энд цэргийн ноён болж суугаа билээ. Ах өршөөвөөс өчүүхэн дүүгийн энэ хариуг Жан Мэнь Шэнь-ээс авч тусалбаас болох буюу хэмээн мөргөөд бас өгүүлрүүн: - мунхаг дүүгийн гуйсан энэ хэргийг үнэхээр бүтээн хайрлаваас өчүүхэн амь биеийг хайрлалгүй би танд зүтгэе хэмээгээд архи барихад, Ү Сун инээн өгүүлрүүн: - энэ хүн ямар хүчтэй боловч суваргат махаранзын гурван хүүхдээс илүү болох буюу. Түүний гадна тэр хэдэн толгой, хэдэн гарт хүн буюу хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - энэ Жан Мэнь Шэнь мөн хүний адил нэгэн толгой, хоёр хөлтэй хэмээхэд Ү Сун тачигнатал инээн өгүүлрүүн: - би санаваас гурван толгойтой, зургаан хөлтэй хүн хэмээн санасан билээ. Хүн адил нэгэн толгой, хоёр гар болбоос тэнцэж болох байх. Миний санаа болбоос тэнгэрийн доор хортон дайсан хүчтэн байваас би алмуй. Ёс журмыг үл мэдэх тийм зориудан баатар байваас би бас алмуй хэмээн гэдсэн дотроо санадаг билээ. Тэр нь өчүүхэн хэрэг, үнэхээр дуртай хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - ах чи бүү яарагтун. Танай энэ үг үнэхээр зөв, өчүүхэн дүү эцгээ дуудаж энэ үгийг өгүүлье хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - мэргэн дүү эцгийг бүү дууд, чи намайг дагаж очоод тэр зальхай хулгайг барс адил цалхиж алахыг үзэгтүн хэмээгээд архийг ихэд уун, одоо явъя хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - ах чи түр баахан хүлээе, тэр зальхай Жан Мэнь Шэньг хүн илгээж туршуулъя, тэр гэрт байваас очиход болмуй.

Хэрвээ гэртээ үгүй болбоос хоосон очоод юуны тус хэмээхэд Ү Сун: - үнэхээр тийм, хүн илгээж үзүүлэгтүн хэмээн архидан сууж, хэдэн өдөр болсны хойно Ү Сун явах хэмээн яаран бүхийд Ши Энь-ий эцэг ноён гэнэт орж ирээд, Ү Сунгийн амрыг эрж, нэгэн хажууд суугаад ийн өгүүлрүүн: - эрхэм дүүгийн алдрыг хэдийнэ сонссон боловч учрах хувь үгүйд эдүгээ заяа тохиолдож учрав. Үлгэрлэвээс үүл арилгаж, нар гарсан лугаа адил. Өчүүхэн өвгөн миний дотор нь далайтай адилхан маш баялаг хэмээн ёслоход Ү Сун хариу ёслоод, ийн тийн хэмээн хэлэлцэж Ү Сунг өвгөн ноён өөрийн суух гэртээ урив. Ү Сун даруй баярлан өвгөн ноёныг дагаж гэрт нь очоод, ноёнд ёсолж өгүүлрүүн: - ялт Ү Сун би зүй нь ноён танд мөргөн сөгдөж ял гуйваас зохих билээ. Юунд муу тэнэг намайг ийнхүү хүндэлмүй хэмээхэд өвгөн ноён өгүүлрүүн: - сонсвол Ү Сун чи ертөнцөд үгүй сайн эр гэнэм. Иймийн тул миний хөвгүүн Ши Энь таниад, тань лугаа хүж барьж, тэнгэрт ёслох хэмээн надад хэлсэнд би маш баярлан, та хоёрыг тэнгэрт мөргүүлж, хүж засъя хэмээн гэртээ урьсан учир тэр бүлгээ хэмээн архи ногоог бэлтгүүлж, ширээ тавин Ү Сунг төв дунд суулгахад Ү Сун яахин сууж болмуй. Тэр хэдий сайн эр хэмээн хүндлэгдэж хүндлэгдэвч тэр өвгөн ноёны гарын доорх хүн бөгөөд ялтан яахин сууж болмуй. Энэ учрыг Ү Сун хэлээд өвгөн ноёныг төв дунд суулгав.

Тэндээс хөвгүүн Ши Энь газар зогсон байхад Ү Сун өгүүлрүүн: - бага ноён дүү басхүү энэ ширээн дээр суугтун хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - би нь нэгд эцгийн хөвгүүн, хоёр ахын дүү тул өчүүхэн дүү зэрэгцэн суух ёсгүй хэмээхэд Ү Сун бага ноён үл суух ахул би ч сууж чадахгүй хэмээгээд босох гэтэл өвгөн ноён Ши Энь хөвгүүнээ нүд ширвэн ширээнд суулгаж, гурвуул хамт архидан гайхал Жан Мэнь Шэньгийн Куай Хуо Линь дээрэмдсэнийг өвгөн ноён эхнээс адаг хүртэл өгүүлсэн нь Ши Энь хөвгүүний адил тул давхардан өгүүлж яахим, өгүүлэх нь: Тэр өдөр Ү Сун машид баярлан архи ууж, Ши Энь хөвгүүнтэй хүж барьж, тэнгэрт тангараг тавив.

Тэндээс Ү Сун маш их согтоод энэ зальхай хулгай Жан Мэнь Шэньг эс алж, дүүгийн өсийг хариулбаас эр хүн хэмээн нэрийдэхийг байж, эм болсугай хэмээгээд үг өгүүлж чадахгүй уур нь хүрч, шүдээ хавирсанд шүднээс гал гарч, амнаас цагаан хөөс цувран, одоо явна хэмээхэд өвгөн ноён, хөвгүүн Ши Энь энэ хоёр хориглон өгүүлрүүн: - Ү Сун та одоо явж болохгүй. Жан Мэнь Шэнь гэртээ буй үгүй сэмхэн хүн илгээж мэдээг аваад маргааш жич хэлсүгэй хэмээгээд Ү Сунг хоёр цэргээр түшүүлэн суух гэрт нь хүргэж унтуулав. Үүнд эцэг, хөвгүүн хоёр зөвлөн өгүүлрүүн: - энэ Ү Сун хэмээгч эртний ерөөлөөр энд цөлөгдөн ирж, бидний амь тэжээх хэрэг өстнийг алах хэмээсэн нь дээд тэнгэр, доор дэлхий хайрласан хэрэг тул тэнгэр газарт хүж барьж, тахил тавиглаж мөргөвөөс нэн сайн хэмээгээд эцэг, хөвгүүн хоёр тэнгэр дэлхийд хүж барьж мөргөөд, нэгэн гавшгай цэргийн хүнийг шөнө сэмхэнээр Жан Мэнь Шэнь хулгай гэртээ буй үгүй хоёрыг үзэж ирэгтүн хэмээн илгээв. Маргааш нь Ши Энь Ү Сунгийн дэргэд ирж ахдаа мөргөөд, үдийн будаа бэлтгэж, архи барин найр тавиад Жан Мэнь Шэньг хүн илгээж мэдээг авахуулахаар илгээснийг хэлэлцэн байтал удалгүй мэдээний хүн Жан Мэнь Шэнь гэртээ баймуй хэмээн хэлэхээр ирсэнд энэ үгийг Ү Сун сонсоод, эдүгээ явмуй хэмээн архи гурван шаазан авчрагтун хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - ах чи Жан Мэнь Шэньтэй тулах болбоос архи ууж үл болмуй. Энэ газрын хүн нь догшины дээр Жан Мэнь Шэнь ихэд хүчтэй, хүчтэй архи ууж үл болмуй хэмээхэд Ү Сун машид уурлан өгүүлрүүн: - чи нь бага эр болоод бас тэнэг ажгуу. Архи хэмээгч хүний сүр жавхлан нэмэгдүүлэх дээр басхүү хүчин чадал нэммүй. Би гурван шаазан архи байтугай гучин хувин архи уумуй. Уусны хойно үлгэрлэвээс тэнгэр газрыг хямруулах чадал буй. Иймийн тул архийг их уумуй. Эс ууваас хүчин нэмэгдэхгүй хэмээхэд Ши Энь аргагүй гурван шаазан архи бариад бас хэдэн газрын эцэс уулгах хэмээн хоёр зарцаар нэгэн их хувин архийг дамнуулан, зам тосгож, бас хоёр хуучин цэргийн хүнийг сонгон өгч явуулав.

Тэндээс Ү Сун даруй мордож, зам тосгоосон архийг залгилж уусан нь гэдэсний дотор загатнаж Жан Мэнь Шэньг хэзээ яахин алмуй хэмээн уур нь хүрч цааш явсны хойно басхүү нэгэн архины пүүст бууж хэдэн аяга архи уугаад, тэндээс гарч даруй Куай Хуо Линь хэмээх хотын зүг явав. Ү Сун удалгүй явж хотын зах хүрч үзвээс нэгэн бага шугуй модон бий. Тэр модны дотор нэгэн их биетэй хүн, өмссөн нь цагаан дээл, эсгийн малгай, өвсний гутал. Энэ хүн мөнөө Жан Мэнь Шэнь хэмээгч буюу. Би үүн лүгээ энд учирч яахин, бас нэгэн архины пүүсэнд орж баахан архи уусан хойно жич учиръя хэмээн цааш явтал нэгэн архины пүүс, үүдэн дээр нь хоёр дарцаг өлгөжээ. Гадна нь улаан хайстай, үүнийг Ү Сун үзээд маш баярлан дотор нь орвоос нэгэн цэвэрхэн байшин, түүний дотор элдэв зүйлийн жимс тэргүүтнийг бэлтгэж, хажууд архины хувин хэдэн хос баймуй. Ү Сун үүнийг үзээд дотоод гэрт орвоос нэгэн залуу үзэсгэлэн эм сууж баймуй. Үүнд Ү Сун өгүүлрүүн: - таны пүүсэн архи уумуй. Дээд сайн архи таван жин авчир хэмээн маш их сүр гарган загнахад тэр пүүсний зарц таван жин архи авчраад Ү Сунд өгснийг Ү Сун ууж үзээд, энэ архи муу архи, үүнээс сайныг арван жин авчир хэмээгээд дахин арван жин сайн архи ууж Ү Сун өгүүлрүүн: - таны пүүсний тэргүүлэгч хэн нэртэй ямар хүн, энэ бага эм танай юу эхнэр хэмээхүйд зарц өгүүлрүүн: - манай гэрийн эзэн Жан хэмээх овогтой, энэ эм манай ноёны хатан хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - тийм бөгөөс энэ эмийг миний дэргэд авчран суулгагтун. Бид хоёр хамтаар архидан найрласугай хэмээгч тэр бага эм сонсоод уур нь хүрч, Ү Сунг элдвээр хараан загнахад, Ү Сунгийн уур хүрч тэр эмийг шүүрэн аваад, нэгэн архины их хувинд толгойг нь доош хандуулан хийснийг олон зарц үзээд Ү Сунг зэргээр барья хэмээн давшин ирэхэд Ү Сун нэгэн нэгнээр барьж, хэдэн хүнийг архины хувинд хийж алав.

Үүний дотроос хоёр зарц зугатан гарч, энэ хэргийг Жан Мэнь Шэньд хэлэхээр явсныг Ү Сун үзээд даруй хойноос нь дагаж Жан Мэнь Шэньгийн шугуй модонд хүрээд, энэ учрыг Жан Мэнь Шэнь зарцаас сонсоод, Ү Сунг барья хэмээн угтан ирж, архиралцан ноцолдвоос Жан Мэнь Шэнь хэдий их биетэй махаранз адил боловч мах яс нь архи самуун хэрэгт шимэгдсэн хөндий тул Ү Сунг яахин дийлмүй. Ү Сун даруй барьж, нэгэн удаа занчаад, үл мэдэгчнээр зугатан явахад Жан Мэнь Шэнь Ү Сунг чи бүү явагтун, бид хоёр эр эм хоёроо үзсүгэй хэмээн ихэд бахиран, Ү Сунгийн хойноос хөөн ирснийг Ү Сун угтан ирж, нэгэн удаа нударгалсанд Жан Мэнь Шэнь орох газар, оргон зайлах замгүй тул Ү Сунгийн хүчин чадал дэлхий дахинд тэнцэх хүн хаа баймуй. Жан Мэнь Шэньг даруй барин авч газар унагаагаад дээрээс нь дарсанд Жан Мэнь Шэньгийн зүрх нь хагарах адил болж, сайн эр баатар нөхөр өчүүхэн миний амийг уучлан аварч өршөөгтүн хэмээн мөргөн гуйхад Ү Сун өгүүлрүүн: - чи нь нэгэн өчүүхэн бялзуухай адил хүн бөгөөд Куай Хуо Линь хотыг булаах нь ямар учир. Түүнээс гадна чамаас асууж хүлээлгэх гурван зүйлийн хэрэг буй. Чи хүлээвээс би чамайг тавимуй хэмээхэд Жан Мэнь Шэнь эрхэм сайн эрийн хүлээлгэх гурван зүйл хэрэг ч байтугай гурван зуун зүйл боловч хүлээсүгэй хэмээн тангараг тавив. Энэ нь үлгэрлэвээс бие толгойг сольж, бусад хүнд хөрөнгөө тушаах, гэзэг үсээ хяргаж хүн алах лугаа адил болжээ. Ямар гурван зүйлийн тангарагийг өгөх. Жан Мэнь Шэньг яахин тавихыг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top