УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.31) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэллээ. Чуулганы хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн төслийн 2 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн гэв.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авлаа. Цар тахлаас үүдсэн хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилсэн аж ахуйн нэгжүүдийг эл хуулийн үйлчлэлд хамруулахгүй байх санал нь тусгагдсан эсэхийг лавласан. 2020 оны 11, 12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийнхээ тайланг үнэн зөвөөр мэдүүлсэн ч төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн үйл ажиллагаа нь доголдсон эсэхээр аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах нь зохисгүй хэмээн үзсэн тул бүх байгууллага хамруулахаар зохицуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, төслийг танилцуулж байхад 10 аж ахуйн нэгжийг хамруулан 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн гэж байсныг дурдаад байгууллагуудаас энэ төрлийн хүсэлт ирүүлсэн эсэхийг тодрууллаа. Дээрх төрлийн зохицуулалт бүхий хууль өмнө нь 2020 оны 4 дүгээр сард батлагдахдаа 2 болон 3 дугаар сарын тайланд үндэслэн хэрэгжсэн. Ингэснээр 6.1 мянган байгууллага 13.9 тэрбум төгрөгийн алданги, торгуулиас чөлөөлөгдсөн. Мөн 4-10 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн бол 10.01-ний өдрөөс тэтгэврийн шимтгэл төлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шимтгэл, тэтгэмж, халамжийн шимтгэлүүд бүрэн чөлөөлөгдсөн болохыг А.Ариунзаяа сайд мэдээллээ. Ирэх онд тэтгэврийн шимтгэл 8.5 хувиар төлөгдөх бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шимтгэл, тэтгэмж, халамжийн шимтгэлүүдээс бүрэн чөлөөлөгдөх юм байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хуулийн үйлчлэлийн хугацаанд холбогдох дүн шинжилгээ хийж, дээрх тооцооллыг гаргасан байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 2 дугаар зүйлийг хасах уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.7 нь дэмжив. Дараа нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг. Ингээд нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулав. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 53 нь 88.3 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг гишүүдийн олонх дэмжин, баталлаа.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн байна. Б.Баттөмөр гишүүний танилцуулсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Дамдинням, Ц.Туваан, Б.Жавхлан нар асуулт асууж, Шадар сайд болон Сангийн сайдаас хариулт, мэдээлэл авав. Үүний дараа төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийсэн бөгөөд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль зүйн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газрын даргад тавигдах шаардлага, түүнийг улируулан томилох асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг С.Бямбацогт гишүүн танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, тодруулсан. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсны дараа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр 19.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ долоо хоногт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа.
Эхлээд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлах санал хураалтад Улсын Их Хурлын 69 гишүүн оролцож, 72.5 хувь нь буюу 50 гишүүн дэмжсэнээр хууль батлагдав.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтад Улсын Их Хурлын 69 гишүүн оролцов. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 50 гишүүн төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжиж, дээрх хуулийг баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүн батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр, дээрх хууль батлагдлаа.
Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан.
Хуралдааны эцэст Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар амжилт, сорилт, бэрхшээлээр дүүрэн 2020 оноо үдэж, шинэ 2021 оноо угтах босгон дээр өнөөдрийн чуулганаа хуралдуулж, өндөрлүүлж байгааг дуулгав. Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиосон 2020 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх Эрх зүйн хувьсгалын эхийг тавьсан болохыг тэмдэглэн хэллээ. 8 дахь удаагийн Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд 10 орчим суурь хуулийг шинэчлэн батлахын зэрэгцээ “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан засаг захиргааны томоохон шинэчлэл хийх суурь үндэс, эхлэлийг тавьсан гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Ардчиллын суурь зарчим болох ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хэлэлцэж хууль баталдаг, ард түмний засаглах эрхийг хангасан парламент болох шинэчлэлийг бид эхлүүллээ. Ил тод, цаасгүй, цахим парламент болохын тулд LAWMAKER.MN, LAWFORUM.MN цахим системийг бэлэн болгож, ард иргэддээ танилцуулсан. Ингэснээр иргэдтэйгээ хамтран хууль тогтоомжийн төсөл боловсруулж, хэлэлцдэг, нэг ёсондоо иргэдтэйгээ зөвлөлдөж, хамтдаа хуулиа боловсруулдаг, хэлэлцүүлгийн явцад ч ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хэлэлцдэг цахим платформ, шинэ тогтолцоог бий болголоо” хэмээн онцолсон юм.
Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд коронавирусийн цар тахлаас иргэдийнхээ амьжиргааг, эдийн засгаа хамгаалахад чиглэж, олон чухал шийдвэр гаргасан болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цохон тэмдэглэв.
Коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг дахин 6 сараар сунгасан. Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль баталлаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх хууль баталлаа. Татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр боллоо.
Мөн 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг 07-р сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон.
Банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авсны үр дүнд ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байгааг тэрбээр дурдав.
Банкны зээлийн хүү, валютын хадгаламжийн хүү, дундаж хүүгийн зардал буурч, үүнтэй уялдан бодлогын хүү ч мөн 6 хувь болж буурсан болохыг тэмдэглэв. Ингэснээр ирэх 2021 онд зээлийн хүү 1 оронтой тоонд орох нөхцөл бололцоо бүрдэж байгаа аж.
Макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч баялаг бүтээгчдийг төрөөс ковид-19-ийн хүнд сорилтын үед дэмжих, Төв банкинд хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засагт дайчлан оруулах зорилго бүхий 1.0 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буйг дуулгалаа. Мөн Ломбардын зээлийн хүүг тогтворжуулах, ломбардын эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийн төслийг мөн өргөн мэдүүлээд байгаа гэв. Коронавирусийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг мөн Улсын Их Хуралд өргөн барьсан байна.
Ийнхүү Улсын Их Хурал цар тахлаас улсаа, иргэнээ, эдийн засгаа хамгаалж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, үйлдвэрлэл бизнес, эдийн засгийг дэмжих бодлого шинэ 2021 онд ч тууштай үргэлжлэх болно гэдгийг чуулганы хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглээд ард түмэндээ шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Төр нь өөрөө Зөрчдөг Цар тахалтай тэмцэх Хуулыг сунгаад ч яах ч юм билээ дээ,