2021 он ба ШИНЭ СОРИЛТ

2021 оны 01 сарын 04

Дэлхий дахинд ч, Монголд ч 2020 оны гол  сэдэв байсан  коронавируст цар тахал  энэ 2021 онд ч нийгэм, эдийн засагт  эрсдэл дагуулсан  хэвээрээ байх төлөвтэйг ZINDAA.MN сайт Эдийн засгийн салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдвийг тоймлон хүргэхдээ тодотгосон билээ.


Хөл хорио, хязгаарлалт зөвхөн  БНХАУ-д л хамаатай байх юм шиг ойлголттойгоор 2020 оны эхний өдрийг угтаж асан  улс орнууд, судалгааны томоохон байгууллагууд гуравдугаар сарын сүүлийн арав хоног гэхэд Эдийн засгийн шинэ хямралыг тойрон гарахад амаргүй  нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрч эхэлснийг  эргэн сануулъя.

Коронавируст цар тахлын улмаас энэ онд  дэлхийн эдийн засагт үүссэн хямралт нөхцөл байдлыг 1930 оны Их хямралаас хойших хамгийн том түүхэн  хямрал  болох нь гэсэн дүгнэлтийг  ОУВС дөрөвдүгээр сард хийж байв. Харин  дэлхийн эдийн засгийн тэргүүлэх эрдэмтэн Дарон Ацемоглу 1918 оны испани ханиадны улмаас үүдсэн хямралаас хойш 90 жилд болоогүй хямрал болохоор байна  гэсэн дүгнэлтийг хийж байлаа. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг  олон улсын бусад байгууллагууд ч 2020 он дэлхийн эдийн засагт их сорилтын жил болж буйг хүлээн зөвшөөрч, өөр өөрсдийн зүгээс дэмжлэгийн багц хөтөлбөрүүдийг өнгөрсөн саруудад хэрэгжүүллээ.

Дэлхийн түүхэнд олон л цар тахал дэгдэж, сүүдрээ тусгаж, ор мөрөө үлдээсэн байдаг. Энэ удаагийн цар тахлын тухайд нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт хавсарсан хүндрэлийг дагуулсан нь олон шалтгаантай.

Шинэ төрлийн вирусний өмнө шинжлэх ухааны  салбар  барьц алдсаныг эхэнд хэлэх ёстой.

Мөн дэлхийн улс орнуудын эдийн засгийн харилцан  хамаарал, ханган нийлүүлэлтийн сүлжээний тархац  урьд өмнөх цар тахлын үеүдтэй харьцуулахын аргагүй өөр болсныг дурдах хэрэгтэй юм. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэхийн хэрээр олон улс орон  нэгэн зэрэг хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн нь, эдийн засагт шок бий болгосон.  Дэлхийн  глобальчлагдсан эдийн засаг, улс улс дамнан хэрсэн ханган нийлүүлэлтийн тогтолцоо “КОВИД-19” гэх нүдэнд үл үзэгдэх вирусний өмнө хэрхэн яаж хүчин мөхөсдөж, гарц шийдэл эрэлхийлж буйг та бид өнгөрсөн саруудад харлаа.

Нөгөө талаас аль ч улс оронд нийгэм, эдийн засгийн бүхий л шийдвэрүүд улс төрийн түвшинд гардаг. Түүнчлэн 2020 он дэлхийн улс орнуудын удирдагчдаас манлайллын “шалгалт” авсан жил байсан гэхэд болох байх. Цар тахлын үед удирдагчид нь   манлайллыг зөв хэрэгжүүлсэн улс орнууд харьцангуй хохирол багатай даван туулж буйг судлаачид бичиж байна.

Цар тахлын эхний голомт болсон  БНХАУ-ын тухайд  халдварын тархалтыг богино хугацаанд хумьж чадсанаар эдийн засгаа идэвхжүүлэх багц арга хэмжээнүүдийнх нь үр дүнг түргэсгэж, тэр хэрээр худалдааны түнш орнууддаа эерэг нөлөөллийг үзүүлж байна. Мэдээж үүнд Монгол Улс ч багтана.

Сүүлийн мэдээллүүдээс харахад Америк, Евро бүсийн аж үйлдвэрийн салбарын PMI индекс өсөлттэй байна. ОУВС-гаас  дэлхийн улс орнуудын эдийн засгийн гүйцэтгэлд үндэслэн нэгтгэн гаргасан сүүлийн  тооцооллоор энэ оны  гуравдугаар улирлын байдлаар дэлхийн эдийн засаг 0.8 хувийн агшилттай гарсан байна. Хоёрдугаар улиралд 5.4 хувиа агшиж байсныг сануулъя. Тэгэхээр дэлхийн эдийн засаг гуравдугаар улиралд идэвхжил нь нэмэгджээ. Задалж авч үзвэл хөгжингүй орнуудын эдийн засгийн агшилт саарсан нь гол нөлөөг үзүүлсэн байна.

Гэхдээ шинэ 2021 онд дэлхийн эдийн засагт  цар тахлын эрсдэл хадгалагдсан хэвээрээ, коронавирусний вакцин эдийн засагт бодитой нөлөөллийг үзүүлэхэд хугацаа шаардлагатай гэсэн байр суурийг ОУВС-гаас илэрхийлж буйг сануулъя. Зарим вакциныг баталгаажуулан хүлээн аваад хэдхэн хонож байхад коронавирусний шинэ төрлүүд бий болж, хэдийнэ улс улс дамжин тархаад эхэлснээс үзэхэд  2021 он илүү хүнд жил байж ч болзошгүй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top