Мэдээ, мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй оны онцлох үйл явдлыг салбар тус бүрээр тоймлон хүргэдэг уламжлалтай. Өнөөдөр эрхэм уншигч танд Эдийн засгийн салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдвийг тоймлон хүргэж байна.
Дэлхий дахинд ч, Монголд ч 2020 оны гол сэдэв коронавируст цар тахал байв. 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдөр БНХАУ-д албан ёсоор бүртгэгдсэн коронавирус цар тахалтай дэлхий нийтээрээ 2020 оны туршид хамт байлаа. Шинэ 2021 онд ч цар тахал нийгэм, эдийн засагт эрсдэл дагуулсан хэвээрээ байх төлөвтэй.
“ЯАРААД ДААРЧИХАВ УУ”, МОНГОЛ УЛС
“БНХАУ-д шинэ төрлийн коронавирус албан ёсоор бүртгэгдлээ” гэх мэдээллийг ард иргэддээ хандан албан ёсоор хамгийн түрүүнд хүргэсэн дэлхийн зургаан орны нэг нь Монгол Улс байсан юм. Өмнөд хөрш нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хөл хорио тогтоосон бол Монгол Улс нэг өдрийн дараа буюу 27-ны өдрөөс хөл хорио тогтоож байв.
Ийнхүү нийгмийн эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах үүднээс хөл, хорио хязгаарлалтыг авч хэрэгжүүлэхдээ эдийн засгийн салбарт үүсэх нөхцөл байдлыг, тооцоо, судалгаанд суурилан авч үзэх чадамж төдийгөөс өдийг хүртэл төр засагт дутсаар 2020 оныг үдэх гэж байна.
Тооцоо, судалгаа хийх эрдэмтдийн багийг коронавирус дотоодод анх батлагдсан 2020 оны арваннэгдүгээр сард АНХ УДАА байгуулснаас үүнийг ойлгож болно.
Хөл хорио тогтоохтой зэрэгцэн эдийн засаг хямрах нь тодорхой байхад, эдийн засгийн тооцоо, судалгаанд тулгуурласан арга хэмжээнүүд авах шаардлагатай байхад цаг хугацаа алдаж буйг эдийн засагч, судлаач Б.Соёлмаа тавдугаар сард өгсөн ярилцлагадаа хэлж байсан юм.
Өнөөдрөөс 11 сарын өмнөх нөхцөл байдлыг эргэн харахад эдийн засагт тодорхой нөөц, боломж, орон зай байсан уу гэвэл байсан.
2017-2019 оны хооронд гурван жил дараалан эдийн засаг 5-аас дээш хувиар өссөн. 2016 оны эцэст ДНБ-ий 90 орчим хувьд дөхөж байсан Засгийн газрын өр 2019 оны эцэс гэхэд 70 хувиас доошоо орж, гурван жилийн дотор 20 орчим хувиар буурсан. Төсөв хоёр жил дараалан ашигтай гарсан гэхчлэн эерэг өөрчлөлтүүд байсныг Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсныг сануулъя.
Засгийн газар, шийдвэр гаргагчид үүндээ эрдсэн байж болно. Гэхдээ манайх шиг эрүүл бус эдийн засагтай, хөдөлмөрийн зах зээл нь ужиг асуудалтай, импортын хараат, гадаад өр ихтэй, нэг ёсондоо суурь олон асуудалтай улсын хувьд хоёр гурван жилийн үзүүлэлт гэдэг бол үүлэн чөлөөний нар шиг хэврэг тоонууд байдаг гэдгийг одоогийн нөхцөл байдал харуулж байна. Түүнчлэн хэдэн тоо хараад хөөрч эрдэх бус эрсдэлээ, нөөцөө зөв тооцох, удирдах нэн шаардлагатай байлаа.
Монгол Улс хөл хорио тогтоосноор халдварыг алдалгүй арван сар барьсан гэж бид хаа хаанаа ярьж буй ч алдаагүй тэр хугацаандаа эрсдэлээ удирдах, шокийг сөрөх бэлтгэлээ хангахын тулд дорвитой зүйл хийсэн үү гэхээр олдохгүй байгаад асуудлын гол байна.
Тийм ч болохоор халдвар алдаагүй байх үед дотоодын аж ахуйн нэгжүүдээ арван сар шахам хорьж, хязгаарлах шаардлага байсан юм уу гэдэг талаас хувийн хэвшлийнхэн, эдийн засагчид харж, шүүмжилж байгаа юм. Нэг ёсондоо цар тахал дотооддоо алдсан үеийнх мэт хязгаарлалтын арга хэмжээг хэт удаан хугацаанд авч хэрэгжүүлсэн нь жинхэнэ аюул тулсан үед төрд ч, хувийн хэвшилд ч, иргэдэд ч аль алинд нь нөөц орон зай үлдээсэнгүй.
Засгийн газраас энэ онд 2.4 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, хүүхдийн мөнгө болон халамжийн арга хэмжээ авч хэрэгжүүлснийг Сангийн яам онцолж буй. Эдгээр нь аж ахуйн нэгжүүдээ, иргэдээ хөл хорио, хязгаарлалтад хаших арга хэмжээг хамгийн эхэнд эрэмбэлсэн төр засгийн зүгээс авах л ёстой арга хэмжээнүүд байсан гэхэд болох байх.
ДНБ, ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГО - ТҮҮХЭН УНАЛТУУД
МЯНГА МЯНГАН АЖЛЫН БАЙР "ХОРИГДЛОО"
Хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжлэн хэрэгжиж буй билээ. Өмнөх удаагийн үүнтэй ижил арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийж байсан.
Тэгэхээр өнөөдрийн байдлаар мөн л 80 гаруй хувь нь сул зогсож байгаа гэсэн үг л дээ. Цаашид цар тахлын шинэ шинэ голомтууд нэмэгдсэн хэвээрээ дараа дараагийн давлагаатай бид нүүр тулбал хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал илүү хүндрэх, энгийнээр хэлбэл иргэн Дорж, Дулмаагийн амьжиргаа улам хүндрэх, ядуурлын шугам руу гулсах бодит эрсдэл ойр байна.
Тиймээс цар тахалтай зэрэгцэн иргэдийн ажлын байрыг хадгалах, улмаар эдийн засгийн идэвхжилээ барих бодлого, шийдвэрийг төр засгаас хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөнгөний бодлогын шийдвэрийн хүрээнд энэ оны сүүлийн улиралд 230 тэрбум төгрөгийг уул уурхайн бус экспорт, ЖДҮ-г дэмжихэд зориулахаар банкуудад олгосон. Ирэх улиралд 250 тэрбумыг олгохоор шийдсэн. Тэгвэл эдгээр санхүүжилтийг эргээд эдийн засаг руу оруулах, эргэлдүүлэх, бизнес эрхлэгчдээ хөдөлгөөнтэй байлгах чиглэлд төрөөс анхаарах хэрэгтэй. Төр засгийн бодлого, шийдвэрүүд уялдаатай байх ёстой.
Эдийн засагч Д.Лхагвасүрэн дотоодын хөдөлмөрийн зах зээлийн талаар хэлэхдээ “Байдал сайн байж байгаад дордож байгаа хэрэг биш. Манай улсын хөдөлмөрийн зах зээл Ковид-19-ээс өмнөх олон жил сул дорой байсан” гэж байсныг сануулъя.
Харин эдийн засагч Б.Дөлгөөн байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хүндрэлийн үеэр хэчнээн компанийг дампуурах эрсдэлээс аварч, хэчнээн ажлын байрыг хадгалж үлдэж чадах вэ гэдэг чухал. Эрүүл мэндийн талаасаа айхтар хүндрэл биш болох үед хөл хориог чөлөөлчихнө. Тэр үед эдийн засаг хэр хурдацтай сэргэх вэ гэдэг нь өнөөдөр манай Засгийн газар ямар арга хэмжээ авч, хэчнээн компани, ажлын байр, хоорондоо ажиллаад сурчихсан баг хамт олныг авч үлдэх вэ гэдэгтэй шууд хамааралтай. Өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж байгаа дөч, тавин мянган хүн эргээд эдийн засаг хэвийн болоод ирэхэд хэд нь ажилтай болох вэ. Өндөр боловсролтой биш хүмүүс “structure unemployment” буюу бүтцийн ажилгүйдэл рүү нэг орчихвол, ажилгүй явсаар байгаад тэтгэврийн насан дээрээ очихоор тэднийг хэн тэтгэх юм. Бүр ядуурал руу орлоо гэхэд хүнсний талон, нийгмийн халамж шаардлагатай болно. Улам бүр цөөрч байгаа ажиллах хүчний нуруун дээр тэднийг халамжлах нэмэлт ачаа нэмэгдэнэ” гэж байв.
ХОРИОТОЙ ЖИЛИЙН САЙН МЭДЭЭНҮҮД
Эдийн засагт асуудал олон байсан ч сайн мэдээнүүд байсныг хэлэх хэрэгтэй байх. Тухайлбал:
2021 ОНД ИЛҮҮ ХҮНД СОРИЛТТОЙ ТУЛЖ БОЛЗОШГҮЙ
Хөл хорио, хязгаарлалт зөвхөн БНХАУ-д л хамаатай байх юм шиг ойлголттойгоор 2020 оны эхний өдрийг угтаж асан улс орнууд, судалгааны томоохон байгууллагууд гуравдугаар сарын сүүлийн арав хоног гэхэд Эдийн засгийн шинэ хямралыг тойрон гарахад амаргүй нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрч эхэлснийг сануулъя.
Коронавируст цар тахлын улмаас энэ онд дэлхийн эдийн засагт үүссэн хямралт нөхцөл байдлыг 1930 оны Их хямралаас хойших хамгийн том түүхэн хямрал болох нь гэсэн дүгнэлтийг ОУВС дөрөвдүгээр сард хийж байв. Харин дэлхийн эдийн засгийн тэргүүлэх эрдэмтэн Дарон Ацемоглу 1918 оны испани ханиадны улмаас үүдсэн хямралаас хойш 90 жилд болоогүй хямрал болохоор байна гэсэн дүгнэлтийг хийж байлаа. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын бусад байгууллагууд ч 2020 он дэлхийн эдийн засагт их сорилтын жил болж буйг хүлээн зөвшөөрч, өөр өөрсдийн зүгээс дэмжлэгийн багц хөтөлбөрүүдийг өнгөрсөн саруудад хэрэгжүүллээ.
Дэлхийн түүхэнд олон л цар тахал дэгдэж, сүүдрээ тусгаж, ор мөрөө үлдээсэн байдаг. Энэ удаагийн цар тахлын тухайд нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт хавсарсан хүндрэлийг дагуулсан нь олон шалтгаантай.
Шинэ төрлийн вирусний өмнө шинжлэх ухааны салбар барьц алдсаныг эхэнд хэлэх ёстой. Мөн дэлхийн улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал, ханган нийлүүлэлтийн сүлжээний тархац урьд өмнөх цар тахлын үеүдтэй харьцуулахын аргагүй өөр болсныг дурдах хэрэгтэй юм. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэхийн хэрээр олон улс орон нэгэн зэрэг хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн нь, эдийн засагт шок бий болгосон. Дэлхийн глобальчлагдсан эдийн засаг, улс улс дамнан хэрсэн ханган нийлүүлэлтийн тогтолцоо “КОВИД-19” гэх нүдэнд үл үзэгдэх вирусний өмнө хэрхэн яаж хүчин мөхөсдөж, гарц шийдэл эрэлхийлж буйг та бид өнгөрсөн саруудад харлаа.
Нөгөө талаас аль ч улс оронд нийгэм, эдийн засгийн бүхий л шийдвэрүүд улс төрийн түвшинд гардаг. Түүнчлэн 2020 он дэлхийн улс орнуудын удирдагчдаас манлайллын “шалгалт” авсан жил байсан гэхэд болох байх. Цар тахлын үед удирдагчид нь манлайллыг зөв хэрэгжүүлсэн улс орнууд харьцангуй хохирол багатай даван туулж буйг судлаачид бичиж байна.
Цар тахлын эхний голомт болсон БНХАУ-ын тухайд халдварын тархалтыг богино хугацаанд хумьж чадсанаар эдийн засгаа идэвхжүүлэх багц арга хэмжээнүүдийнх нь үр дүнг түргэсгэж, тэр хэрээр худалдааны түнш орнууддаа эерэг нөлөөллийг үзүүлж байна. Мэдээж үүнд Монгол Улс ч багтана.
Сүүлийн мэдээллүүдээс харахад Америк, Евро бүсийн аж үйлдвэрийн салбарын PMI индекс өсөлттэй байна. ОУВС-гаас дэлхийн улс орнуудын эдийн засгийн гүйцэтгэлд үндэслэн нэгтгэн гаргасан сүүлийн тооцооллоор энэ оны гуравдугаар улирлын байдлаар дэлхийн эдийн засаг 0.8 хувийн агшилттай гарсан байна. Хоёрдугаар улиралд 5.4 хувиа агшиж байсныг сануулъя. Тэгэхээр дэлхийн эдийн засаг гуравдугаар улиралд идэвхжил нь нэмэгджээ. Задалж авч үзвэл хөгжингүй орнуудын эдийн засгийн агшилт саарсан нь гол нөлөөг үзүүлсэн байна.
Гэхдээ шинэ 2021 онд дэлхийн эдийн засагт цар тахлын эрсдэл хадгалагдсан хэвээрээ, коронавирусний вакцин эдийн засагт бодитой нөлөөллийг үзүүлэхэд хугацаа шаардлагатай гэсэн байр суурийг ОУВС-гаас илэрхийлж буйг сануулъя. Зарим вакциныг баталгаажуулан хүлээн аваад хэдхэн хонож байхад коронавирусний шинэ төрлүүд бий болж, хэдийнэ улс улс дамжин тархаад эхэлснээс үзэхэд 2021 он илүү хүнд жил байж ч болзошгүй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59