Б.Дөлгөөн: Энэ хүндрэлийн үеэр хэчнээн компанийг дампуурахаас аварч үлдэх вэ гэдэг чухал

2020 оны 06 сарын 23

 

КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

Zindaa.mn мэдээллийн сайтын Эдийн засгийн алба КОВИД & ЭДИЙН ЗАСАГ булангаар дамжуулан эдийн засаг дахь коронавирусний нөлөөлөл болоод эрсдэлийг бууруулах боломж, шийдлийг эрэлхийлсэн мэдээ, мэдээлэл, ярилцлагыг  цувралаар хүргэж байгаа билээ. 

 

Байр сууриа олтлоо тодорхой хугацаа зарцуулсан,  тав арван жил ажиллахдаа “мэдлэг”, соёл тогтсон компаниуд энэ хямралын үеэр дампуураад байхгүй болох нь хайран. Тухайн нэг компанид ажиллаж байсан хорин  хэдэн хүн тусдаа замаа хөөгөөд явлаа гэхэд яг өмнөх  шиг компани босгож ирэхэд хэдэн жил зарцуулах вэ гээд бодоод үздээ.

 

-Манай цөөн нэр төрлийн экспортын түүхий эдийн  үндсэн зах зээл Хятад улсад коронавирусний тархалтын шинэ давлагаа эхлэх магадлал өндөр байна. Хятадын эрэлтээс хамаардаг эдийн засагтай манай тухайд энэ таагүй мэдээ болоод байна?

-Манай улсын экспорт Хятад улсын үйлдвэрлэл тэр дундаа хүнд үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаардаг бол,  Хятадын үйлдвэрлэл АНУ, Европ руу гаргадаг экспортоосоо хамаардаг. Тэгэхээр эргээд АНУ, Европын холбооны эдийн засагтай шууд уялдаатай гэсэн үг. Тиймээс хөгжсөн улсын болон дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг эхлээд харах хэрэгтэй. Дэлхийн Банк болон Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагаас зургаадугаар сард гаргасан тайлангуудаас үзэхэд дэлхийн эдийн засаг энэ оны эхний хагаст 12 хувиар буурч, цар тахлын  хоёр дахь давлагаа гарахгүй бол 2020 ондоо 6  хувиар буурна гэж таамаглаж байна.

Хятад улсын хувьд үзүүлэлтүүд таагүй хэвээр л байна. Жишээлбэл, гол индексүүдийн нэг болох Хятадын үйлдвэрлэгчдийн үнийн индексийг харахад дөрөвдүгээр сард 3.1 хувиар буурч, тавдугаар сард хүлээлтээс 3.7 хувиар буураад байна. Үйлдвэрлэгчдийн үнийн индекс  худалдан авагчдын эрэлтээс шалтгаалж  өсдөг үзүүлэлт юм. Тэгэхээр Хятадын үйлдвэрлэгчдийн үнийн индекс буурч байгаа нь эрэлт буурч байна гэсэн үг. Түүнчлэн Хятадын эдийн засагт сайн зүйлүүд байна. Тавдугаар сард экспорт 3.3 хувиар буурсан ч худалдааны тэнцэл нь дөрөв болон тавдугаар сард ашигтай гарсан. Тавдугаар сард 62.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Экспортын хэмжээ нь импортоосоо илүү давамгайлсан гэсэн үг.

Нэг анхаарууштай зүйл болсон нь сүүлийн хорин жил дараалан жил бүр эдийн засгийн өсөлтийн зорилтоо гарган тавьж ирсэн Хятадын Ардын их хурал энэ удаа 2020 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо тавьсангүй. Энэ нь  тодорхойгүй олон зүйл байгааг харуулж байна. Монгол Улс түүхий эдээ экспортод хэчнээн гаргая гэсэн ч Хятад авахгүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Нүүрсний хувьд Хятад улс манайхаас ч авна, бусад улсаас ч авна, дотооддоо ч бас олборлож, ашигладаг. Коронавируснээс шалтгаалаад  Хятадын коксжих нүүрсний хэрэглээ буурах юм бол заавал  импортоор авах шаардлагагүй болж мэднэ. Тиймээс манай улс энэ жилийн нүүрсний экспортын төсөөллөө Хятадын худалдан авалттай уялдуулж, тооцоолох улмаар төсвийн орлогоо илүү бодитоор гаргах шаардлага нэн тэргүүнд байна.

-2018, 2019 оны төгсгөлд Хятадын тал манайхаас нүүрс авахгүй гэж гэдийсэн л дээ. Энэ оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолно гэж тусгах үед тооцсоноор болохгүй гэсэн байр суурийг эдийн засагчид ч хэвлэлийнхэн ч хэлж ярьж байв. Одоогийн нөхцөл байдлыг харахад Австрали, Хятад хоёрын маргаан дундаас манайх “хожоод” нүүрсний экспортоо ахиулах боломж гарах болов уу?

-Богино хугацаандаа бидэнд ашигтай. Урт хугацаандаа Австралид ашигтай. Хэрэв Хятадын хэрэглээ хангалттай өндөр байгаад нийлүүлэлтийн хомсдол үүсвэл Австралиас Хятад руу нийлүүлдэг нүүрсний зах зээлийг Индонези, Монгол, ОХУ нөхөж бүрдүүлнэ. Монгол Улс  одоо экспортолж буй нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх боломж үүснэ. Гэхдээ Австрали улс  өнөөдөр нүүрсээ гаргахаа багасгалаа гэхэд учрах сөрөг нөлөө Монголтой харьцуулахад харьцангуй бага. 2018 онд Австралийн экспортын 18 хувийг нүүрс эзэлж байсан бол Монголын экспортын хувьд нүүрс 39  хувийг эзэлдэг. Тэгэхээр манай экспортод эзлэх нүүрсний хэмжээ Австралиас хоёр дахин их буюу илүү өндөр хамааралтай байна. Австралийн нийт экспортыг  харахад компьютер, гар утас, ноос ноолуур, мах, нүүрс гээд олон зуун төрлийн бүтээгдэхүүн байна. Харин ч нүүрсний экспортын хэмжээ нь буурах тусам түүхий эд нийлүүлэгч энэ салбараасаа тодорхой хэмжээнд ангижирч, илүү хөгжсөн өөр салбарууд руу орж, нэг ёсондоо шат ахина. Монгол бол түүхий эд зөөдөг салбараасаа улам л хамааралтай болох процесс явагдана. Харин энэ хамаарлаа нэмэгдүүллээ гээд эндээс бүрдүүлж байгаа санхүүгийн нөөц бололцоогоо ирээдүйд эдийн засгийн салбараа ч тэр, экспортоо ч тэр солонгоруулах тал руу хөрөнгө оруулж байгаа юу гэдэг л бидэнд чухал.

 

Монгол Улс түүхий эдээ экспортод хэчнээн гаргая гэсэн ч Хятад авахгүй нөхцөл байдал үүсэж магадгүй.

 

-Цар тахлын үеийн хуулиар төсвийн эрх мэдэл Засгийн газарт ирсэн. Ер нь эдийн засгийн шаардлага талаасаа хамгийн эхэнд ямар арга хэмжээ авснаар төсвөө  цэгцтэй болгох вэ?

-Тэр хуулиар маш олон зүйл тодорхойгүй болсон. Төсөв тодотгох хүсэл ч байхгүй байсан байх. Тавдугаар сарын байдлаар  татварын бус орлого  30 гаруй хувь дутуу, нийт тэнцвэржүүлсэн орлого 20 гаруй хувь дутуу. Төсвийн зарлага тал дээр гүйцэтгэл өнгөрсөн жилтэй харьцуулахад 500 тэрбум төгрөгөөр нэмэгдчихсэн зэрэг олон зүйл байна. Зарлага талдаа харахад төсөвлөснөөсөө бага  байгаа юм л даа.  2020 оны төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгөөр батлагдсан. Тэгвэл үүнийг 90 хувийг оны эхний зургаан сард зарцуулахаар төсвийн хуваарт оруулсан. Орлого олоогүй байж нийт алдагдлынхаа 90 хувийг эхний зургаан сард тавина гэдэг бол сонгуулийн дараа юу ч болсон яахав л гэсэн хэрэг байх.  Уг нь цар тахлын үед ач холбогдлоороо харьцангуй өөр төслүүдээ дахин ангилахдаа, алийг нь явуулж, алийг нь зогсоох юм. Эдийн засгийнхаа амин сүнсийг авч үлдэхэд  төсөв мөнгөө хэрхэн зарцуулах юм гэдэгт анхаарах ёстой. Төсвөөс хамааралтай, давхардсан тоогоор 17 мянган компанийг тэтгэх үү эсвэл төрөөс ямар ч хамааралгүй үйл ажиллагаагаа явуулдаг 80 мянган компанийг авч үлдэж, баялаг бүтээгчдээ дэмжих замаар, ажлын байрыг хадгалж үлдэхэд зарцуулах уу гэдэг нь асуултын тэмдэг хэвээрээ үлдээд байна.

Нэг талаас сонгуулийн бэлтгэл ажил болгож, нөгөө талаас коронавирусний үед зайлшгүй авах ёстой тэтгэмжүүдийг нэмэгдүүлэхэд л анхаарсан болохоос баялаг бүтээгчдээ орхичихсон. Тэгчихээд Засгийн газарт нөөц мөнгө байхгүй гэж байгаа юм. Гэтэл музей, хөшөө барина гээд хэдэн арван тэрбумын тендер зарлачихсан байна. Төсвийн орлого буурч буй учраас зарлага өндөр энэ алдагдлыг зээлээр санхүүжүүлж байна. Ирээдүйн өв сангаас хэдэн төгрөг хуримтлууллаа гээд цээжээ балбаад байсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд аваад хэрэглэчих шиг боллоо. Тэгсэн мөртлөө сумдад соёлын төв, багт иргэдийн төв барина гээд бөөн мөнгө төсөвлөсөн, хэчнээн нь тендер зарлагдаад явж байгааг мэдэхгүй.

-Энэ хямралын үеэр унасан компаниуд эргээд сэхэхэд илүү цаг хугацаа, илүү зардал хэрэгтэй болно, тэднийг унагахгүй барьж үлдээх хэрэгтэй гэж та хэлсэн байсан. Яг ямар механизмаар дэмжих вэ?

-Машин явахад бензин шаардлагатай  шиг эдийн засаг өсөхөд юу хамгийн шаардлагатай вэ гэдгийг олон судалгаанд тулуурлаж харахад, хамгийн сайн тайлбарлаж чадаж байгаа зүйл нь “мэдлэг” юм. Мэдлэг нь гурван төрөл байгаад байна. Цаасан дээр хараар буулгачихсан барилгын зураг, математикийн ном, томьёо ч юм уу. Тэрийг  гаднаас худалдаж аваад, тээвэрлэж авчраад, уншаад, ойлгож болж байна. Мэдлэгийн бас нэг төрөл нь гар утас,  ачааны том  тэрэг гээд бүхий л тоног төхөөрөмж юм. Тэдгээрийг ч бас бид худалдаад авчихна. Гурав дахь төрлийн мэдлэг нь ноу-хау. Шүдний эмчээр жишээлж тайлбарлах юм бол танд шүдний эмчийн уншдаг, судалдаг ном, ажилладаг аппаратыг өглөө гэхэд шууд эмчилгээ хийж чадахгүй.  Заавал тодорхой тооны цаг зарцуулж байж, шүдний сайн эмч болно. Тэгвэл энэ төрлийн ноу-хауг нутагшуулахын тулд залуусаа гадаадад сургах  юм уу. Гаднын аль хэдийнэ сурчихсан хүмүүсийг Монголдоо авчирч ажиллуулах боломжтой. Аль нь илүү зардал багатай, шингэж үлдэх вэ гэдгээс хамаарах юм. Үүнийг ярихын учир нь байр сууриа олтлоо тодорхой хугацаа зарцуулсан,  тав арван жил ажиллахдаа “мэдлэг”, соёл тогтсон компаниуд энэ хямралын үеэр дампуураад байхгүй болох нь хайран. Тухайн нэг компанид ажиллаж байсан хорин  хэдэн хүн тусдаа замаа хөөгөөд явлаа гэхэд яг өмнөх  шиг компани босгож ирэхэд хэдэн жил зарцуулах вэ гээд бодоод үздээ.

-Мэдээж багагүй хугацаа шаардагдаж таарах байх. Яагаад энэ бүгд чухал гэж?

-Энэ хүндрэлийн үеэр хэчнээн компанийг  дампуурах эрсдэлээс аварч, хэчнээн ажлын байрыг хадгалж үлдэж чадах вэ гэдэг чухал. Эмчилгээ болон вакцин гартал коронавирус 18 сар үргэлжлэх болов уу. Эрүүл мэндийн талаасаа айхтар хүндрэл биш болох үед хөл хориог чөлөөлчихнө. Тэр үед эдийн засаг хэр хурдацтай сэргэх вэ гэдэг нь өнөөдөр манай Засгийн газар ямар арга хэмжээ авч, хэчнээн компани, ажлын байр, хоорондоо ажиллаад сурчихсан баг хамт олныг авч үлдэх вэ гэдэгтэй шууд хамааралтай. Өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж байгаа дөч, тавин мянган хүн эргээд эдийн засаг хэвийн болоод ирэхэд хэд нь ажилтай болох вэ. Өндөр боловсролтой биш хүмүүс “structure unemployment” буюу бүтцийн ажилгүйдэл рүү нэг орчихвол, ажилгүй явсаар байгаад тэтгэврийн насан дээрээ очихоор тэднийг хэн тэтгэх юм. Бүр ядуурал руу орлоо гэхэд хүнсний талон, нийгмийн халамж шаардлагатай болно. Улам бүр цөөрч байгаа ажиллах хүчний нуруун дээр тэднийг халамжлах нэмэлт ачаа нэмэгдэнэ. Тэгэхээр маш олон сөрөг үр дагавраас аль болох сэргийлэхийн тулд өнөөдөр бид баялаг бүтээгчдээ бага зэрэг дэмжих талаас нь ажиллах ёстой. Төрөөс эдгээрийг дэмжихдээ маш оновчтой бодлого хэрэгжүүлж байж гэмээнэ үр дүн өндөр гарна. Бүгдийг нэг дор хомроголон хэрэгжүүлвэл тэр хэрээр их нөөц шаардагдана, бас байг сайн онохгүй.

Өнөөдөр хувийн хэвшлийн 80 мянган аж ахуйн нэгж, 700-800 мянган ажлын байр бий болгож буй ажил олгогчдын хэдэн хувь нь зээлийн дарамтад байгаа юм. Зээлийн дарамтнаас нь тодорхой хэмжээгээр хөнгөлж өгвөл хэдэн мянган аж ахуйн нэгжийг дампуурлын эрсдэлээс нь гаргах юм. За тэгвэл зээлгүй ч гэлээ, эргэлтийн хөрөнгө дутагдаад зогсох гээд байгаа байгууллагуудыг яах вэ? Шинээр эргэлтийн хөрөнгө олгодог ч юм уу, эсвэл бүтээгдэхүүн гаргалт дээр ямар нэг байдлаар дэмжих зэргээр бусад арга хэмжээ авбал хэчнээн мянган аж ахуйн нэгжид туслах боломжтой. Би энд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл нийт байгаа 80 мянган байгууллага компанид тулгарч буй асуудал бүр адил биш. Тэгэхээр бодлого нь ч гэсэн эдгээрийг зорьсон чиглэлд гарах ёстой.  Одоо бол хөшөө, музей рүү мөнгө оруулах биш баялаг бүтээгчдээ дэмжих цаг. Тэднийг дэмжихээр гаргасан нэг төгрөг бүр 100 хувь буцаж төрд орж ирнэ. Бид 18 сарын хугацааны л асуудал ярьж байгаа.

-Цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд үйлчилгээний салбар хүчтэй салхинд өртөж байна. Манай тухайд ийм нөхцөлд үйлчилгээний салбараа хэрхэн дэмжих боломж байна вэ?

-Бүх зүйл зөвхөн мөнгөөр эсвэл төсвөөс хамааралтай хэрэгжээд байгаа юм байхгүй. Кино театр, үйлчилгээний газруудаа бодлогоор хааж, хязгаарлалт хийж байгаа хэрнээ сонгуульт ажлын хүрээнд цуглахдаа хүн хоорондын зайгаа нэг метр барьж байна уу. Эдийн засаг биш тэгш байдал талаасаа аваад үзэхэд энэ дүрэм журам энгийн иргэдэд л үйлчлээд байна. Бүгдэд үйлчлэхгүй юм бол дүрэм журмаа больчихъё л доо. Эдийн засаг талаасаа  олон газрыг боомилж байна. Дотооддоо халдвар гараагүй байхад  дөрөвдүгээр сарын 1 гэхэд  бүх юмаа чөлөөлж болох байсан. Өнөөдөр Хятад улсын  Ухань хотод, вирусний голомтон дээр  сургууль, цэцэрлэг буцаад ажиллаад эхэлчихсэн байна. Монгол яагаад дотооддоо алдаагүй мөртлөө хязгаарлаад бариад байгаа юм. Миний харж буйгаар дан ганц гамшигаас сэргийлэх биш. Нэг ёсондоо эдийн засаг нь улс төрийнхөө золиос болж байна.

-Энэ сард ОУВС-гаас “Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл”-ийн хүрээнд 99 сая ам.доллар орж ирсэн. Цаашид ч бидэнд санхүүжилт хэрэгтэй болно. Дахиад ОУВС-д  л хандах  байх даа?

-Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк гэхчлэн олон улсын байгууллагууд, Хятадын Ардын банкнаас бусад банкуудыг оруулаад үзэхэд хамгийн боломжтой нь Олон Улсын Валютын Сан. Нийтдээ нэг их наяд ам.долларын санхүүжилтийг гишүүн орнууддаа өгөх боломжтой өөр газар байхгүй. Нөхцөл байдал цаашид хүндэрвэл  Монгол Улс тийшээ л хандана. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар 85 хувь гэж дүгнэсэн. ОУВС хэдэн хувьтай гэж дүгнэсэн нь одоогоор тодорхой биш байна. Тэгэхээр цаашид бидэнтэй холбоотойгоор гарах мэдэгдэл, мэдээлэл болгон гадаад өрөө эргэн төлөх үйл явцад эрсдэл үүсгэх болов уу гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд гадаад өр хоёр дахин нэмэгдсэн.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөр(103.26.194.222) 2020 оны 06 сарын 23

Энэ залуугийн түмэн зөв. Сонгуулийн болон улс төрийн золиос болж хөл хорио нэрээр олон компаниудыг даипуурууллаа даа. Одоо энэ олон компаниуд сэхнэ гэхэд их хугацаа бас мөнгө хэрэгтэй. Ажил хийж хүн цалинжуулж баялаг бүтээж үзээгүй энэ олон дарга нарын буруу шийдвэрээс гадна өдөр шөнөгүй дотоодод халдвар тархвал яана гэж орилолдсон үй олон троллуудаас бүх зүйл болсон. Одоо маш хэцүү, өвөл удахгүй ирнэ, бүх ажил зогсоно, улс орны сэргэлт ирэх оны 7 сараас наашгүй.

0  |  0
Top