Д.Лхагвасүрэн: Иргэдийнхээ эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах төрийн дотоод үүрэг нэмэгдэж байна

2020 оны 09 сарын 18

 

 

Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Байдал сайн байж байгаад дордож байгаа хэрэг биш. Манай улсын хөдөлмөрийн зах зээл Ковид-19-ээс өмнөх олон жил сул дорой байсан. Одоо улам хэцүү болж байна.

 

КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд эдийн засагч, доктор Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Сайн байна уу, та. Танаас цар таxлын орчинд үүссэн эдийн засгийн нөхцлийн талаар асууж ярилцах гэсэн юм...

-Сайн байна уу? За, юуны өмнө өөрөөс тань уучлал гуйя. Ярилцана гэсээр удчихлаа.

-Цар тахлаас шалтгаалан дэлхийн олон оронд байдал хүнд байгааг статистик тоонууд харуулж байна. Хэдийгээр манай улс дотооддоо коронaвирусийг алдаагүй ч энэ тахлын нөлөө эдийн засагт муугаар нөлөөлж байна.  Эндээс яриагаа эхэлбэл ямар вэ?

Хөл хорио, гадаад худалдаа аль аль нь хүчтэй нөлөөлж байна. Мөн тодорхой бус байдал, айдас ч нөлөөлж байна. Энэ бүхнээс болоод эдийн засаг бүхэлдээ их сул байна. 2020 оны эхний долоон сарын байдлаар манай жижиглэнгийн худалдаа 13 хувь буурсан. Экспорт, импорт аль аль нь 16-17 хувиар унасан. Aж үйлдвэрийн салбар бараг 20 хувь  буурч, уул уурхайн салбарын борлуулалт 33 хувь унажээ.  Энэ том уналт нь тодорхой хэмжээгээр нүүрсний экспорт тасалдсан, зэс, төмрийн хүдрийн үнэ унасантай холбоотой. Зарим эрдэс түүхий эдийн үнийн уналт  цар тахлаас ч өмнө эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цар тахлаас өмнө болж байсан үйл явц. Тухайлбал, Хятад-Амeрикийн харилцааны нөлөө бас давхар явж байгаа гэсэн үг.  

Энэ бүхэн нь нийт улсын хэмжээнд гарсан тоо. Нэгж бүхэн дээр жигд буухгүй. Зарим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хувь хүмүүс дээр маш хүндээр бууж байгаа. Дэд салбарууд дотор бас харилцан адилгүй үйл явц өрнөжээ. Жишээлбэл, тээврийн салбарыг аваад үзье. Агаарын тээврийн орлого гурав дахин унасан байна. Харин энэ хооронд төмөр замын тээвэр бараг 10 хувь  өссөн байна.

Аялал жуулчлал, боловсрол, нийтийн хоолны үйлчилгээ хамгийн их өртсөн гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин хөдөө аж ахуй, барилга зэрэг томоохон салбарын үйл ажиллагаанд харьцангуй бага нөлөөлжээ. Барилгаас өөр хувийн хэвшил, ялангуяа хот суурин газрынханд амаргүй байгаа байх.

Гэмт хэрэг хүртэл удааширчээ. Эхний хагас жилийн байдлаар нийт гэмт хэрэг 20 гаруй хувиар буурчээ. Залилан, өмчийн эсрэг гэмт хэрэг, малын хулгай зэрэг гэмт хэргүүд бүгд буурсан байна. Гэмт хэргийн салбар хүртэл "хямралд" орсон байх шиг. Гэхдээ үүнийг муу гэж байгаа юм биш шүү.

-Цар тахлаас шалтгаалан хөдөлмөрийн зах зээл дэх олон ажлын байр  “жам ёсны бус” байдлаар жагсаалтаас гарч байна. Та хөдөлмөрийн зах зээлийн тоо баримт судалдаг хүний хувьд үүссэн энэ нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Тахлын дараа эдийн засаг эргээд сэргэсэн ч зарим салбарууд тахал гарахын өмнөх түвшиндээ хэзээ ч очихгүй гэж олон судлаачид үзэж байгаа. Зарим устаж үгүй болсон ажлууд дахиж сэргэхгүй гэсэн үг. Тахлын эрүүл ахуйд үзүүлэх хор нөлөө арилсан ч түүний эдийн засагт үзүүлсэн хор нөлөө удаан үргэжилнэ гэсэн яриа элбэг байгаа. Эдийн засгийн уналт түргэн, сэргэлт удаан байдаг ч нөлөөлнө. Гэхдээ энэ удаа илүү удаан сэргэнэ гэж байгаа.

Аливаа эдийн засагт байгаа нийт ажлын байрны тоо хоёр сувгаар унадаг. Нэг нь, таны хэлсэнчлэн, хуучин байсан ажлын байрууд устаж үгүй болох. Нөгөөх нь, шинэ ажлын байр үүсэх нь удаашрах явдал юм. Манайд аль, аль нь хүчтэй явагдаж байна.  Энэ оны эхний хагас жилийн байдлаар, шинээр ажилд орсон хүмүүсийн тоо, өмнөх хоёр жилээс 10 хувиар буурсан. Хэдийгээр энэ нь зөвхөн бүртгэлтэй иргэдийн тухайд гарсан тоо боловч ажил олоход илүү хүнд байгааг харуулж байна.

Ялангуяа энэ жил сургуулиа төгсөөд ажил хайж байгаа залуусын хувьд байдал  хэцүү байна. Энэ хаврын байдлаар 15-24 насны залуусын дотор хөдөлмөрийн дутуу ашиглалт 26 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, ажиллах боломжтой дөрвөн залуу тутмын нэг  нь ажилгүй сууж байна.

Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Байдал сайн байж байгаад дордож байгаа хэрэг биш. Манай улсын хөдөлмөрийн зах зээл Ковид-19-ээс өмнөх олон жил сул дорой байсан. Одоо улам хэцүү болж байна. Манайд нийтдээ 150 мянга орчим ажлын байр дутагдалтай байгаа. Гадаадад сурч, ажиллаж байсан монголчууд нутагтаа ирэх нь өсөж байгаа учир үүнээс ч илүү ажлын байр хэрэгтэй байх.

Чанарын хувьд одоо байгаа 1.3 сая ажлын байрны зарим нь хөдөлмөрийн бүтээмж муутай ажлууд. Ер нь хөдөлмөрийн зах зээлийн бодлогоо макро бодлого болгон авч явахгүй бол хөдөлмөр эрхлэлт сайжрахгүй олон жил болно.

-Ер нь хөдөлмөрийн зах зээлд эрсдэлээс гадна шинэ боломжууд бий болох болов уу?

-Ковид-19 болон түүний үр дагавар нь урьд өмнө огт байгаагүй үзэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.  Эдийн засгийн цикл талаасаа их өвөрмөц. Таамаг төдий олон зүйл яригдаж байгаа. Таана гэдэг хэцүү ажил. Жишээлбэл, ноднин өдийд бид зэсийн үнэ 2017 оны үеэс буучихлаа гээд сууж байсан. Гэтэл хэдхэн сарын дараа энэхүү хурц тахал гарч, зэсийн үнэ улам унана гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ өнгөрсөн дөрвөн сараас эхлээд зэсийн үнэ бага багаар өсөж байгаа нь төсвийн орлого талаасаа эерэг мэдээ.

Эрүүл мэнд, мал эмнэлэг, харилцаа холбооны салбарт боловсон хүчний эрэлт өснө гэж олон хүн таамаглаж байна. Интернэт худалдаа, интернэт сургалт, зөвлөгөө их олон чиглэлээр хүчтэй өсөж байна. Монголын боловсрол, мэдээллийн технологийн салбаруудын хамтын ажиллагаанаас олон ажлын байр үүсэж магадгүй. Жишээ нь, өмнө нь гадаад хэл заадаг байсан багш хүн, одоо IT мэргэжлээр төгсөх залуустай хамтран онлайн сургалт явуулж болох юм.

Хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг бид гаднаас авдаг байсан нь энэ жилийн статистик тоон дээр 20 хувь хумигдаж гарч ирсэн байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийн чанар, төрөл зүйлийг нэмэх чиглэл ирээдүйтэй байж магадгүй юм.

Өмнө нь хэлсэнчлэн, зарим салбарууд цаашид дахин өмнөх түвшиндээ хүрч өсөхгүй. Тиймээс энэ салбарын ажлыг авч үлдэх гэвэл их хүч мөнгө зарах хэрэгтэй болно. Цаанаа төсвийн асуудал тул хүссэн хүсээгүй, шийд гаргах хэрэгтэй болно.  Манай экспортын барааны үнийн индекс, эрдэсийн зах зээл, дотоодын салбаруудын бүтээмж, ялангуяа эрүүл ахуйн чанартай эрсдэлээ тухай бүрийн тоо баримтаар харьцуулан үзээд, яаралтай шийдлээ олоод явах л зам бий.

Засгийн газраас Хүүхдийн мөнгө болон тэтгэмж нэмсэн, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийг дэмжсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн нь тус дэмтэй байсан нь мэдээж. Жижиг аж ахуйн нэгжүүдэд олон хүмүүс ажиллаж байгаа болохоор эдгээр тусламж дэмжлэгээ үргэжлүүлэх гэж зүтгэх нь зүйтэй.

Аж ахуйн нэгжүүд олон янз. Өөр салбарын өөр түвшний аж ахуйн нэгжүүдэд өөр нөxцөлтэй, өөр төрлийн дэмжлэгүүд хэрэгтэй байдгийг олон талаасаа ярилцаад ойлгоод явах боломжтой.

Монголд бараг хүн бүхэн шахуу эдийн засаг ярьдаг атлаа улс орны эдийн засгийг олон талаас нь харж судалдаг байгууллага ховор.

-Шинэ парламент бүрдэж, шинэ Засгийн газар эмхлэгдэн ажиллаж байна. Аль ч нам, юу ч ярьсан эдийн засаг манай “төв талбай” дээр ховор болж гэж та хэлж байсан. Ер нь эдийн засагчид өөрсдийн  санал зөвлөмжөө  улс төрийн шийдвэрт тусгуулах тал дээр, оролцоогоо хангах талаас юу хийх боломжтой вэ?

-Монголд эдийн засагчид их, магадгүй хэт их байх. Гэвч тэдний хамтран ажиллах дэд бүтэц хязгаарлагдмал. Монголд бараг хүн бүхэн шахуу эдийн засаг ярьдаг атлаа улс орны эдийн засгийг олон талаас нь харж судалдаг байгууллага ховор. Монголын эдийн засгийн тухай цэгцтэй ойлголт бага байдаг нэгэн шалтгаан энэ.

Сайн судалгаа хийдэг ганц нэг газар бий. Жишээлбэл, Монголбанкны Судалгаа, статистикийн газрыг олон жил тогтвортой бүтцээр явж ирсэн сайн боловсон хүчинтэй судалгааны нэгж гэж боддог. Эднийхтэй өрсөлдөхүйц, чадвартай  судалгааны төвүүдийг зохион байгуулбал нийт эдийн засгийн бодлогод хэрэгтэй. Ер нь олон монгол залуусын оюуныг нэгтгэх боломж алдагдаад байх шиг санагддаг.

Их сургуулиуд нь судалгааны их сургуулиуд болох шат руугаа явж байгаа ч судлаачид нь бие даасан судалгаа хийх боломж, хөшүүрэг хомс байна. УИХ-ын дэргэдэх судалгааны төв гэж байсан. Тийм төвөөр дамжуулан, УИХ нь өөрийнхөө дэргэд их сургуулиуд, жижиг хүрээлэнгүүдийн зарим судалгааг нэгтгэх боломжтой санагддаг.

Нийслэлд байгаа их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хийх зүйлс бий. Нэг хотод байгаа их сургуулиудын хамтын ажиллагааг дэмжихийн тулд яам нь тэдгээр сургуулиудын дунд нь судалгааны төв байгуулж тэр төвийг нь санхүүжүүлж явдаг туршлага Европ, Хойд Aмерикт бий. Ийм төвүүд нь заавал шинэ байшин барилга шаарддаггүй. Үйл ажиллагааны, судалгааны чиглэлээ зангидах маягаар ажиллах нь элбэг.

-Эргээд харахад ерэн оны шилжилт өөрчлөлтөөс хойш 15-16 жилд  эдийн засгийн бүтцэд дорвитой өөрчлөлт гараагүй өнгөрч. Тэгээд 2007 оноос эхэлсэн уул уурхайн салбарын идэвхжилээс эдийн засаг голлон хамаарч байна. Энэ хэт хамаарлыг багасгахын тулд ямар арга хэмжээнүүд авч болох вэ. Ер нь тухайн улсын эдийн засгийн бүтцэд асуудал байгаа нь хөдөлмөрийн зах зээлээс нь шууд “уншигддаг” уу?

-Бид хөгжлийн тухай олон хэлбэрээр боддог. Уул уурхайн салбарынхан орлого, техник, хөрөнгө оруулалтаа чухалчилдаг. Иргэний нийгмийн байгууллагууд ядуурал, орлогын тэнцвэрийг шүүмжилдэг. Улс төрчид шийдвэр гаргахдаа аль нэг улсын жишээ түүхийг нэмж тайлбарлан үндэслэлээ гаргаж байх нь ажиглагддаг. Тэр бүхнийг зөв, буруу гээд явах хэцүү.

Бид хөгжил ярихдаа ДНБ-д эзлэх цалин хөлсний хэмжээг өсгөхөд илүү чухалчлан анхаарах хэрэгтэй. Энгийн тооцоогоор, Монгол Улсын ДНБ-ий дөнгөж 33 хувь нь хөдөлмөрийн хөлс байна. БНХАУ-д гэхэд энэ тоо маш өндөр, 53 хувьтай байна. Өмнөд Cолонгос болон бусад олон оронд энэ тоо 60-70 хувьд хүрдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр орнуудад ДНБ-ий ихэнх нь өрхүүддээ цалин болоод очиж байхад, манайд эсрэгээрээ. ДНБ-ий ихэнх нь цалин хөлс болчихвол манай эдийн засгийн ихэнх хэсэг нь хоёр талын хяналтанд орно. Авлига ч буурах сайн талтай. Өрхийн орлого талаасаа ийм бодолтой явдаг.

Өрхийн зарлага бас амаргүй. Цалин хөлстэйгээ харьцуулахад, манай өргөн хэрэглээний барааны үнэ өндөр. Дахиад л хөдөлмөрийн бүтээмжийг л сайжруулж байж зөв гольдролдоо орох ажил. Тийм ч хурдан шийдэгдэхгүй. Ямар аж ахуйн нэгжүүдээ дэмжихээс их хамаарна. Улс төр их дагуулах байх.

Европ, Америкт  "Disease+Debt" гээд хоёр D үсэг олон асуудлын эх болж байна. Манайд бас ялгаагүй. "Өвчин+Өр" гэсэн хоёр Ө үсэг гэж хөрвүүлж болно.

-Монгол Улсад ядуурал 28.4 хувьтай гэсэн статистик бий. Гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Та үүн дээр судлаачийн хувиар дүгнэлт хэлээч. Ядуурлыг  хэрхэн бууруулах вэ?

-Энэ маань бас л өмнөх асуулттай холбоотой. Ядуурлыг  бууруулах хамгийн тууштай арга бол хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх явдал. Сайн, чанартай ажлын байрны тоог нэмэгдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжээ нэмнэ.  Ийм замаар явсан улсын нэг нь Хятад. Сүүлийн 30 жилийн дотор 700 сая хүнээ ядуурлаас гаргаад, одоо бараг ядуу хүнгүй болж байна. Хүн амынх нь нэг хувь  хүрэхгүй түвшинд очжээ.

Энэ зуны байдлаар, сарын 500 мянган төгрөгөөс бага орлоготой өрхүүдийн хувьд орлогынх нь 60 хувь нь тэтгэвэр тэтгэмж байна. Эдгээр өрхөд байгаа хүмүүсийн дийлэнх нь тохирсон ажил олдвол хөдөлмөрлөх сонирхолтой. Ядуурлаас гарах боломж нь хөдөлмөрийн нийлүүлэлт талаасаа чамлахааргүй байна гэсэн үг. 

Манай улс хүмүүсийнхээ хөдөлмөрийн бүтээмж, чанар сайтай ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий. Гэвч мөнгөө өөр чиглэлийн хөгжил, өөр мөрөөдөлдөө зарах сонирхол илүү нийтлэг. Улс төрийн орчин бас тэр зүгт байна.

Манай Ажиллах хүчний судалгаанаас харахад хүүхдийн тоо өсөх тусам, нэг хүүхдэд ногдох өрхийн орлого 12-17 хувь унадаг. Нэг хүүхдэд ногдох өрхийн орлого нь, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд бүр бага байдаг. Ийм ядуу өрхүүдийн орлогыг дэмжих арга нь хүүхдийн мөнгө. Бага орлоготой өрхүүдийн хүүхдэд зориулж зарсан мөнгөний өгөөж нь үнэт цаасны зах зээлийн өгөөжөөс илүү байдаг тухай судалгаа ч бий.

-Цаашдаа үйл явц хэрхэн өрнөх бол. Бусад улс орнуудтай харьцуулахад манайд ямар давуу тал байна вэ?

-Цаашдаа хэрхэхийг урьдчилан таамаглах хүсэл, хэрэгцээ улс төрчид, судлаачдын дунд  их байгаа нь мэдээж. Гэхдээ ийм таамаглал хийх боломжгүй. Цар таxлаас үүссэн хямрал хэр удаан үргэлжлэх вэ, тэр хооронд нийгэм, эдийн засгийн амьдрал хэр их дордох вэ гэдгийг мэдэх хүн алга байна.

Цар тахлын асуудал дууссаны дараа ч гэсэн улс орнууд эдийн засгаа сэргээн босгоход хэрэгтэй мөнгө төгрөгөө хаанаас босгох вэ гэдэг том асуулт бий. Том эдийн засагтай улсуудын засгийн газрын өр энэ жил их өслөө. Европ, Америкт  "Disease+Debt" гээд хоёр D үсэг олон асуудлын эх болж байна. Манайд бас ялгаагүй. "Өвчин+Өр" гэсэн хоёр Ө үсэг гэж хөрвүүлж болно. Тахалтай давхцаад энэ намраас өрийн асуудал хүчтэй яригдана.  

Мэдээж энэ вирусийг дотооддоо алдаагүй байгаа нь том давуу тал. Гадаад эдийн засаг талаасаа, өнгөрсөн өвлийг бодвол алт, зэсийн үнэ овоо сайжирсан байна. Манай гол худалдааны түнш Хятад улс нь эдийн засгийн хувьд бусад том эдийн засгууд болох Европ, Америкаас харьцангуй бага нэрвэгдсэн нь манай экспортод тодорхой хэмжээний давуу байдал бий болгож байна.   

Гэвч таамаглаж болохгүй хүчин зүйлс маш их байгаа. Харин юу тодорхой вэ гэвэл хаа сайгүй төр засгийн дотоод үүрэг их өсөж байна. Иргэдийнхээ эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах төрийн үүрэг хэзээ ч байгаагүйгээр ихсэж байна. Ужгирч дассан, үр ашиггүй олон аргаасаа салж, оронд нь өвөрмөц, өгөөж сайтай арга зам олох хэрэгтэй болж байна.

-Цаг гарган ярилцсан танд их  баярлалаа.

Top