Хятад улс ДЭМБ-ын шинжээчдийн асуудлаар тайлбар хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Хятадын тал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын шинжээчдийн багийн хооронд коронавирусний гарал үүслийг олж тогтоох зорилго бүхий шинжээчдийн томилолтын талаар үл ойлголцол гарсан гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. Айлчлалын тов болон хөтөлбөрийг нарийвчлан хэлэлцсээр байгаа бөгөөд энэ нь зөвхөн визийн асуудал биш юм гэж тэрбээр ДЭМБ-ын тэргүүний мэдэгдэлд тайлбар хийлээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Хятадын эрх баригчид тус байгууллагын олон улсын шинжээчдийн багт шаардлагатай зөвшөөрөл олгоогүйд харамсаж буйгаа илэрхийлж байсан билээ. Түүний мэдэгдсэнээр, багийн хоёр гишүүн Хятад улс руу ниссэн байсан бөгөөд бусад нь эцсийн мөчид нислэгээ хойшлуулсан байна.

“Талууд одоогийн байдлаар айлчлалын нарийн тов, хөтөлбөрийн хэлэлцэж байна. Энэ асуудлыг ойрын үед шийднэ гэж найдаж байна” гэж Хуа Чуньин онцолжээ. Тэрбээр Хятадын тал ДЭМБ-ын байр суурийг, тэр дундаа ДЭМБ-ын тэргүүн Гебрейесусын сэтгэл зовнилыг бүрэн ойлгож байна гэж мэдэгдээд шинжээчдийн ажлыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулахын тулд нарийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж онцолсон байна.

Коронавирусний гарал үүслийг тогтоох зорилгоор ДЭМБ олон улсын шинжээчдийн баг байгуулсан юм. Энэхүү багт Япон, Катар, АНУ, ОХУ, Герман, Вьетнам, Австрали, Нидерланд, Их Британи, Данийн шинжээчид багтжээ.
 

Top