Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2021.01.13/ болж, хурлаар хэлэлцсэн боловсролын салбартай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон их, дээд сургуулийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
АШУҮИС-ийн захирал Ч.Хүрэлбаатар "Манай сургуулийн хувьд цахим сургалтад шилжсэн. Дөрөвдүгээр сард сургалтын чанарын талаар оюутнуудаас судалгаа авахад сайн, маш сайн гэсэн үнэлгээг 47,5 хувь нь өгсөн бол жилийн төгсгөлд 86 хувь болж өссөн. Харин цахим сургалт явуулж байгаа багшийн ачаалал 15-30 хувь нэмэгдсэн. Яагаад гэвэл оюутнуудтай бодитой харьцах оюутан тус бүрт хүрч заах аргачлал нь цахим учраас маш их ачаалалта байгаа. Тиймээс төлбөрийн хувьд сургалтын чанар эргэн харж байж оюутнуудтай гэрээ хийж зохицуулна. Харин дотуур байрны хувьд КОВИД-ын хөл хорио, нөхцөл байдлаас уян хатан гэрээ хийнэ" гэв.
МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөрөө төлөөгүй бол төгсгөхгүй байна гэдэг мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар тус сургуулийн удирдлагууд өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр "Энэ жил нийт 2000 орчим оюутан төгсөж байгаа. Сургалтын төлбөрөөс болоод төгсгөхгүй гэдэг зүйл хэлээгүй. Боловсролын зээлийн сан болон бусад зээлийн сангаас өр авлагатай оюутнуудад дипломны хуулбар олгоно" гэсэн тайлбар өглөө.
Засгийн газрын шийдвэрийн дагуу цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Тодруулбал, зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5,000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар зээлд хамрагдах боломжтой болж байна.
Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутныг цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон хэрэгжүүлж буй уг сургалтын төлбөрийн дэмжлэгт шаардагдах санхүүжилтийг БШУ-ны сайдын 2021 оны төсвийн багц дахь Оюутны хөгжлийн сургалтын зээлийн зориулалтаар батлагдсан 24.8 тэрбум төгрөгөөс санхүүжүүлнэ.
Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. Энэ шаардлагыг хангасан 1,536 оюутан байгаа бөгөөд тэдний төлбөрийн дэмжлэгт нийт 3.1 тэрбум төгрөг шаардлагатайг БШУЯ-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэсан байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргахаар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
буцалтгүй тусламжийн мөнгө орсонуу муис\n\n