Дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх болсон урд хөршийн амжилтын гол нууц нь урт хугацааны төлөвлөлт, түүнийгээ ягштал баримталж хэрэгжүүлдэг явдал гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ.
Харин бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа бүгдийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт, жам ёсны хөгжилд нь даатгаад сулд нь орхичихсон.
Эрдэс баялгийн үлэмж их нөөц маань сүүлийн 15 жилийн турш Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн ч эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай болгож орхив. Сүүлийн 10 жилийн дотор Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдсэн ч үүний үр шим айл бүрийн үүдээр орж чадсангүй. Шалтгаан нь чухам юу байв. Өнөөдрийг хүртэл хөгжлийг бид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр л төсөөлж ирсэн. Ихдээ дөрвөн жилээр төлөвлөж төсөөлж байсан гэсэн үг. Үүн дээр улс төрийн тогтворгүй байдал улам ч нэрмээс болж байлаа. 1992 оноос хойш 28 жилийн хугацаанд 15 Засгийн газар ажилласан байдаг. Нэг Засгийн газрын насжилт хоёр жил ч хүрдэггүй энэ байдлаас болж бодлогын залгамж халаа, тогтвортой байдлын тухай яриад ч хэрэггүй байлаа.
Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндэсний зөвшилцлийн үндсэн дээр баталж гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг эрх зүйн хувьд бүрдүүлж чадсан нь хамгийн гол ололт юм. Энэ өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилж чөлөөлөх, огцруулах эрхийг нь өгсөн юм. Засгийн газрын тогтвортой ажиллах байдлыг ийн бүрдүүлсний дээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой байх асуудлыг хуульчлан баталгаажуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах тухай заасан. Түүнчлэн УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно...” гэсэн нь хөгжлийн бодлого, түүний төлөвлөлтийн эрх зүйн үндсийг тогтоосон билээ.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөчлөг, улстөрчдийн сонгогчдоос оноо авах гэсэн явцуу эрх ашгаас хараат, харалган бодлоготой байсан хуучин жишгийг халж, төрийн бодлого тогтвортой байх үндсийг бүрдүүлэв.
Энэ хүрээнд урт хугацааны хөгжлийн нэг бодлоготой байхаар хуульчилж, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн салбарын уялдааг хангасан 10 жилийн зорилтот хөтөлбөрүүдийг Засгийн газрын саналаар Улсын Их Хурал батлахаар зааж өгчээ. Энэ хүрээнд 2020 онд анх удаа улсын хэмжээнд хөгжлийн төлөвлөлтийг бэхжүүлэхийн тулд дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм.
Нэг ёсондоо дур зоргоороо боловсруулсан төсөвт баригдсан бодлого, төлөвлөлт бус харин хөгжлийн бодлогодоо хөтлөгдөж нийцсэн төсөв баталж байхыг Үндсэн хууль хийгээд түүнийг дагаж гарсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар баталгаажуулсан.
Харин одоо энэ хөгжлийн бодлогыг амилуулах, авч явах үүргийг хариуцсан Засгийн газрын хүчтэй бүтэц бий болгохгүй бол болохгүй нь гэдгийг өнгөрсөн нэг жилийн түүх бидэнд харууллаа.
Үндэсний хөгжлийн газар нэртэй нэг агентлаг бий ч тэндээс гарсан зөвлөмж, төлөвлөлт, тооцоо судалгааг тоож хардаг яам байтугай аймаг нийслэлийн Засаг дарга ч алга байна. Макро эдийн засгийн бодлого нь Сангийн яаманд, бодлогын зарим асуудал нь Шадар сайдад, үлдсэн жаахан эрх мэдэл нь Үндэсний хөгжлийн газар гээд гурван тийшээ салчихсан нь эргээд Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой болсон ч түүнийгээ хэрэгжүүлэх хариуцах эзэнгүй болоход хүргэжээ. Чухам үүнийг засахын тулд Улсын Их Хурал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.
Энэ долоо хоногт тус ажлын хэсгийн санал дүгнэлтийг чуулганаар хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон нь сайшаалтай. Хөгжлийн бодлогынхоо хөдөлгүүрийг асаахгүй л бол урагшаа нэг, хойшоо хоёр алхдаг ужиг алдаа дахиад ч давтагдаж мэдэх юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Одоо сайхан болноо. Ерөнхий сайдаар Оюун-Эрдэнэ томилогдоно бүр сайхан болноо. Иргэдээ санаа амар байцгаа.
Одоо л жаахан хол харж хөгжил дэвшлийн тухай ярихгүй бол улсаараа орк болж дууслаа шүү
МАН-ЫН ҮЕД ХӨГЖИО ЯРИАД ЯАХ ВЭ. УХРАХГҮЙ Л БОЛ БАРАВ