Гажидын Дамба
Гажидын Дамба Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Хүний эмч, сэтгүүлч мэргэжилтэй. МЗЭ-ийн гишүүн.
Утга зохиолын хошин шог төрлөөр голлон бичиж, "Тэмээний эвэр", "Наадмын сонин", "Танхай өвгөн", "Шинэ нутаг", "Тийрэн", "Жинхэнэ сонгууль", "Буузны будлиан" зэрэг хошин шог тууж, өгүүллэгийн номуудаа хэвлүүлсэн.
"Фронтод явах өргөдөл" уран сайхны киноны зохиол бичиж дэлгэцнээ гаргасан ажээ.
Диваажингийн босго өндөр
/шог өгүүллэг/
Нэг нутаг усны хэдэн залуус өдрийн сайныг сонгон байж элбэг уст Ар сүүжийн худаг дээр цуглав. Тэд ган зудын аюултай амь бие хайрлалгүй үзэлцэж байж авч үлдсэн арваад, адуугаа тууж иржээ. Монгол хүн морьгүй бол мохдог гэдгийг яс махаараа ойлгосон тэд азарга тавих үрээ шинжих, үлдснийг нь агтлаж морь болгох их ажил амжуулахаар цугласан нь энэ ажгуу. Үд хэвийхийн үед адуугаа услаж, хэд хэдэн үрээний засаа сугалан нурманд булж, жалгын нэг болсноос хойш уйтгарын мананд живсэн сэтгэлээ сэргээн элдвийг ярьж пар пар хөхрөлдөн жаргаж байв. Тэгтэл тэртээд сүүмэлзэх ганц гэрээс нэгэн морьтон газрын хуян нухсаар хүрч ирсэн нь залуудаа хазаар гүйлгэгч сайн эрийн хуйх гэж цууд гарсан Сээгий бандгай байлаа. Залуус бандгайгаас азарга тавих үрээгээ нүдийг нь олж гайхалтай сайн сонгосон байна. Эрийн хийморь сэргээх адуу мал чинь өсөх юм байна гэсэн аман магтаал сонсоод хөл алдан баярлацгаав. Харганын мөчрөөр үнс цог зайлуулан хальс нь түлэгдэж, нүүрс болсон уур савссан найман засаа хавтгай чулуун дээр гаргаж ирэх үед бандгайн нүднээ ахиухан идэх шуналын хөх гал сүүмэлзэхийг харсан залуусын нэг нь, Хүн бүр нэг, нэг! Бандгай та ч морьтой явнаа. Хаврын хавсраганаар үрээний халуун засаа хүртэнэ гэдэг их аз. За барьцгаа! гэж өгүүлэв. Залуус сайхь нандин идээ рүү шүлсээ залгин дөхөж суутал Бандгайн царай барсхийж,
-Боль та нар! Үүнийг чинь жараас дээш насны хүн зөвхөн залбирч байж хүртдэг номтой юм. Хэрвээ та нар идвэл өнөө шөнө галзуурна. Салхи сар, үүл борооны хэрэг түвэгт орооцолдоно. Яв, яв цаад адуу малаа усалцгаа, ёсоо мартсан моньшнууд гэж дээрэлхэв. Ходоодны нь шүлс дусалж байсан залуус ховоогоор хүйтэн ус залгилан хорхойгоо дараад өвгөнийг нүд буландан харж, онгоц ховоо зодолдуулцгаав.
Бандгай бүтэн үхрийн сэгэн дээр буусан өлөн бүргэд шиг хөглийн сууж, сайхь тансаг идээг таатайяа зооглож эхлэв. Нэг харахнаа өвгөн бүргэд маань элсэн дээр тэрийгээд хэвтчихсэн хөлөөрөө шороо пур, пур хийтэл тэлчин, гар нь хий агаарт сарвалзан нэг л ер бусын жигтэй байдалтай болчихсон байв. Залуус уралдан гүйж хүрвээс өвгөний нүд улаан цагаанаараа эргэлдэн, нус, нулимс нь холилдон, аан гэхийн ч сэхээгүй болчихсон хэвтэх ажгуу. Нэгэн хөвгүүн ховоотой ус толгой руу нь юүлж, нөгөөх нь дээлийг нь тайлж, толгойг нь өргөн түшивч өвгөн ухаан орсонгүй, харин ч бие нь сулран гар нь мэдээгүй унжив.
-Хөөе, наад өвгөн чинь үхлээ шүү дээ. Биднийг нухчихсан гээд бөөн ял, зарга заальхай болно. -Яваарай. Гэр орныхонд нь хэл хүргээч! Нэгэн залуу улаан тоос босгосоор гэрийн нь зүг морины хурд мэдэн довтолгов. Адуу янцгаах, залуус инээлдэхээс өөр анир чимээгүй байсан Ар сүүжийн усан дээр гэнэт аюулт дайсан нөмрөн буусан мэт аюул түгшүүр дэгдэв...
-Наадахь чинь яачихаав? Согтуу байгаа лүд юм уу? гэсэн хүнгэнэсэн дуу гарсан нь олны танил, сумын заан Сампил өвгөн хөглийтөл бууж байв.
Тэр болсон явдлыг сонсож, бандгайн нүүр лүү нэг харснаа,
-Босго, наадахыгаа! гэж камаандлав. Мэдрэл алдаж, ухаан тавьж буй Бандгайг хоёр залуу сугадан өндийлгөхөд Сампил заан хусан муна шиг зантгар гараа зангидан далайж далайж шилэн хүзүүн дээр лүгхийтэл дэлсэв. Бандгайн амнаас уур савссан халуун засаа бууны сум шиг бүлт үсрэн гарч үүдэн хойморын тэртээх элсэн дунд тоос татуулан өнхрөн унав.
-Ёо ... оо ...ох! Золтой л шамбалын оронд явчихсангүй. Чи минь ирээгүй бол энэ мал шиг амьтад намайг алах байлаа шүү.
-Диваажингийн босго өндөр шүү хөө. Чиний л ховдог сувдаг зан. Хахаж үхэж нутгийн нэр, уул ус бузарлах чинь дутаа юу. Чи бид хоёрт үрээний засаа ямар хэрэгтэй юм бэ?
Бандгай нутгийн анд руугаа нүд буландан харж, хулгай хийгээд баригдсан хүүхэд шиг гөлөлзөн, өврөөсөө түлэнхий хар засаа хэд хэдийг гарган чулуун дээр тавив.
Залуус саяны аймшигт явдлын дараа тэдгээрийг идэх нь байтугай харахаас ч ой нь гутаж, огиудас нь хүрэв. Хэл дуулгасан залуу эмгэнийг нь сундлан давхиж ирэв.
-Яачих ваа чи минь. Дайрлага дайрчих нь энэ үү гээд эмгэн толгойг нь тэврэн орилоход бандгай түүнийгээ өнхөрч ойчтол нь түлхэж, дээрэнгүйгээр,
-Хуцваа чи. Хүүхдүүдтэй зүгээр л тоглосон юм. Яв, хонио хураагаад бушуу харь! Би Сампил анд, энэ хэдэн сайхан залууст шүдлэн ямаа гаргаж шөл уулгана.
Чамаас л болж би дандаа түмний шившиг болж байгаа юм гэж хангинав. Эмгэн нь уйлан дуулсаар гүйж одов. Сампил түүн рүү харж мушийгаад,
-Хүндээ хөнгөнөөс битгий өгч бай! гэж чамд мөн олон хэлсэн дээ. Чи ч засрахгүй байсаар тамын оронд тарчилах туучий даа гэж суув. Бандгай сэмхнээр,
-Энэ хэдэн банди нар сая надад хараал хийчихснээс зайлахгүй шүү. Чухам хэн нь бол гэхэд сумын заан янзгүйгээр,
-За боль! Хараалыг сайн сэтгэлээр уучилбал тэр нь ерөөл болдог юм гэж бурхан багш сургасан байдаг. Бушуу очиж ажлаа бод! гэхэд бандгай шилээ шөргөөсөөр мориндоо мордвой.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )