1. Ганжир: Бурхадын орд харш, сүм дуганы орой дээр залдаг ганжирыг тойрсон хүрээ лянхуа цэцэг нь Обагмэд бурхан, хүрд нь Нанзад бурхан, хонх нь Дондүв бурхан, бумба нь Мижод бурхан, эрдэнэ нь Ринжүн бурханыг тус тус төлөөлдөг. Тиймээс ганжирт язгуурын таван бурханы бэлгэдэл багтдаг.
2. Жанцан буюу Дуаз: Гурван давхар шамба буюу цацагтайг “Намсрайн жанцан”, есөн давхар шамбатайг “Есөн давхар өлзий хутаг жанцан” гэдэг. Жанцангийн дээр гарьд тэргүүнт арслан, лавай сүүлт матар, загасны хайрст халиу гэсэн гурван дүрс байх ба түүгээр үл зохилдох зүгээс машид ялгуусныг бэлгэддэг.
3. Номын хүрд ба бодь гөрөөс: Ялж төгс нөгчсөн Бурхан багш бурханы хутгийг олоод аглаг орноо дияанд суужээ. Эсрүн их тэнгэр мянган хигээс төгөлдөр алтан хүрдийг, хурмаст тэнгэр баруунаа эргэсэн цагаан лавайг өргөж, дээдийн ном зарлиглахыг айлдсанд Бурхан багш гурван номын хүрд эргүүлэхийг зөвшөөрчээ. Тэр мөчид ойрхи цэцэрлэгээс эр эм хоёр гөрөөс гарч ирээд нүдээ үл цавчин хүрдийг харан хэвтжээ.
Хүрд нь Бурхан багшийн зарлигласан номын хүрд, хоёр гөрөөс нь Эсрүн ба Хурмастын номхотгохын шавь нарыг төлөөлдөг бөгөөд чихээ сортойлгосноор номын дээдийг сонсох, нүдээ цавчилгүй ширтсэнээр дээдийн номыг санах, хөлөө газар тулсан нь бясалгахын ёсыг бэлгэдсэн домогтой. Орон хийд бүхний дээр залдаг болсон нь ийм учиртай.
Сэтгэгдэл ( 0 )