Санхүүгийн үнэлгээний алдарт "Fitch Ratings" Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал зээлжих зэрэглэлд нөлөөлж болзошгүй талаар албан мэдэгдэл гаргажээ. Монголын цагаар хоёрдугаар сарын 02-ны өдөр гаргасан дээрх мэдэгдлийг уншигч та бүхэнд нэмэлт тайлбаргүй хүргэж байна
Эрх баригч Монгол ардын нам (МАН) нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон. Хэдийгээр шинэ кабинет хурдан хугацаанд эмхлэгдэн байгуулагдсан ч ойрын хугацааны эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхгүй гэж Fitch Ratings онцоллоо.
Цар тахалтай тэмцэж буй Засгийн газрынхаа бодлогыг иргэд нь төв талбайдаа эсэргүүцэж жагссаны дараа өмнөх Засгийн газар өөрсдийн хүсэлтээр огцорсон юм. Тус улс сүүлийн таван жилийн дотор дөрвөн Ерөнхий сайдын нүүрийг үзээд байна. Энэ нь Монголын Засгийн газар хэр зэрэг эмзэг болохыг харуулж байгаа юм. Гэсэн хэдий ч манай байгууллага Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдлыг үл харгалзан 2020 оны тавдугаар сард зээлжих зэрэглэлийн үнэлгээг одоогийн “тогтвортой B” түвшинд хэвээр үлдээсэн болно. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн аль, аль талдаа маргаан хурцдаж байгаа нь ялангуяа цар тахлын үед ихээхэн дэм болж байсан хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.
Тус улсад томоохонд тооцогдох “Оюу Толгой” цаашлаад стратегийн ач холбогдолтой уул уурхайн төслүүдэд улс төрийн халаа сэлгээ, төр засгийн хандлага өөрчлөгдөж байгаа нь тус улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэл хэвээр үлдээхэд улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсээд байсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тасалдуулах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн тул одоогийн түвшинд нь хэвээр үлдээсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлснээс харвал тус улсын засгийн газар “Оюу Толгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах байр суурьтай байсан гэж үзэж болохоор байна. Гэсэн хэдий ч тус улсын Ерөнхий сайд энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. Монгол Улсын Засгийн газар болон тус төслийн томоохон хөрөнгө оруулагч Рио Тинто компанийн хооронд харилцаа удаан хугацааны турш амаргүй байсаар ирсэн. Ирэх зургаадугаар сарын 09-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор төслийг эргэн харах, үр өгөөжийг нэмэгдүүлэх санаачилгууд өрнөх бололтой.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд өмнөх Засгийн газарт “Оюу Толгой”-н асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг ахалж байснаас гадна "Рио Тинто" компанийн Зэсийн салбарын гүйцэтгэх захирлаар Монгол хүн томилогдоод байна. Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтаас шалтгаалах учир тус улсын Засгийн газар болгоомжтой хандаж, хамтарч ажиллана гэсэн бидний таамаг хэвээр байгааг уламжилъя. Рио Тинто компани хэдийнээ хөрөнгө оруулаад ажлаа эхэлсэн тул болгоомжтой хандана гэж бид үзэж байна.
Монголчууд жагсахдаа хилийн цаана үлдсэн нутаг нэгтнүүддээ хатуу гараар хандаж байгааг эсэргүүцэн жагссан. Түүнчлэн эдийн засгаа илүү чөлөөлөхийг шаардсан юм. Монгол Улсад коронавируст цар тахлын тохиолдол харьцангуй доогуур байна. Гэсэн хэдий ч тус улс 2020 оны арваннэгдүгээр сард дотооддоо халдвар алдсан нь хязгаарлалт, хөл хорионы дэглэмийг чангатгах нөхцөл болж тус улсын эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг улам доройтуулж байна.
БНХАУ-ын дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан нүүрс, зэсийн эрэлт сэргэсэн нь Монгол Улсын ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Монгол Улсын экспорт 2020 оны эхний хагаст 28.2 хувиар унаад байсан ч ашигт малтмалын тээвэрлэлт мэдэгдэхүйц сэргэсэн нь 2020 оны дөрөвдүгээр улирлын дүн мэдээнд эерэгээр нөлөөлсөн юм. Бидний зүгээс 2021 оны эхний хагаст БНХАУ-ын нөхцөл байдлаас шалтгаалан эрдэс бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байна гэж таамаглаж байгаа ч тус улсын зүгээс дотооддоо төсвийн идэвхжүүлэлтийн арга хэмжээ авна. Үүнээс шалтгаалан Хятадын эрэлт оны сүүл гэхэд саарна гэж таамаглаж байна.
Манай байгууллага дотоодын үйл ажиллагаа нь сэргэнэ гэж тооцон Монгол Улсын ДНБ-ний өсөлтийг 2021 онд 6.1 байна гэж тооцлоо. Эдийн засгийн чадамж бага, гаднын санхүүжилтээс ихээхэн хамааралтай Монгол Улсын эдийн засаг гаднын цочролд өртөмтгий хэвээр байна гэж бид үзэж байгаа болно. Тус улс 2020 оны есдүгээр сарын сүүлээр 600 сая ам.доллартай тэнцэх үндэсний бонд гаргасан нь ойрын хугацаанд үүсэж болзошгүй гадаад эрсдлийг бууруулсан. Монгол Улсын гадаад валютын нөөц 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 2.5 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа ч 2022-2023 оны хооронд төлөгдөх гадаад өрийн хэмжээ 2.4 тэрбум ам.доллар байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )