Түрүүч нь №020 (3325) дугаарт
“Өглөөний сонин” хөдөө орон нутагт аялал жуулчлалын бизнес эрхэлж, зочид буудал ажиллуулах хүсэлтэй хүмүүст зориулсан цуврал хичээлийг хүргэж эхэлсэн билээ.
Энэхүү буланг Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын чөлөөт ажилтан, магистр Б.ХАЛИУН эрхлэн бэлтгэж байна.
Бид өмнөх хичээлдээ зочид буудлын төрөл, онцлогийн тухай цухас үзсэн. Энэ удаа зочид буудлын үйл ажиллагааны бизнес загваруудын талаар өгүүлнэ.
* * *
Зочид буудлыг өмчлөл, үйл ажиллагааны бизнес загвараар нь хувийн эзэмшлийн буюу бие даасан, түрээсийн, менежментийн гэрээт, франчайз гэрээт болон менчайз гэх мэт ангилдаг. Загвар бүр өөр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талтай.
Манай улсад хамгийн өргөн тархсан бизнес загвар нь бие даасан болон түрээсийн зочид буудал юм. Сүүлийн жилүүдэд эдгээр уламжлалт загвар дээр олон улсын сүлжээ зочид буудлын брэндийг ашиглах онцгой эрхтэй франчайз болон менежментийн гэрээт буудлууд нэмэгдэж байна.
Хувийн эзэмшлийн буюу бие даасан зочид буудал
2020 оны байдлаар, Монгол Улсын хэмжээнд 442 зочид буудал (МУҮСХ, 2020) үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 98% нь бие даасан, хувийн эзэмшлийн, түрээсийн зочид буудлууд байна. Бие даасан зочид буудлын нэр болон брэнд нь хувийн эзэмшилд байдаг тул олон улсын брэндэд харъяалагддаггүй.
Тухайн зочид буудлыг нэг болон нэжгээд хувь хүн эсвэл аж ахуйн нэгж эзэмшихээс гадна хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай байж болдог.
Энэ төрлийн бизнес загварын үед бүх удирдлагыг эзэд гартаа барьж, өөрийн байршил, зорилтот хэрэглэгчдэдээ зориулсан үйлчилгээ, борлуулалт, маркетингийн аргуудыг хэрэгжүүлэх бүрэн эрх чөлөөг эдэлдэг.
Бие даасан, хувийн эзэмшлийн зочид буудлын давуу талуудыг дурдвал:
Бие даасан зочид буудлуудын сул тал нь амжилтад хүрэхийн тулд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг зарцуулах шаардлагатай. Үүнийг дагаад эздийн үүрэх эрсдэл төдий хэмжээгээр өснө.
Бие даасан зочид буудлууд цагаан хэрэглэл, нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл, цэвэрлэгээний материалаа худалдан авах нэгдсэн үйлдвэр, ханган нийлүүлэгчгүй тул нэг бүрийн үнэ харьцангуй үнэтэй тусах ба улмаар зочид буудлын өрөөний үнэ өндөр байх эсвэл ашгийн түвшин багасч болох юм. Мөн маркетинг, борлуулалтын дэмжлэггүй, олон улсын захиалгын системүүдтэй давуу эрхийн гэрээ хийж чадахгүй гэх мэт сул талуудтай.
Түрээсийн зочид буудал
Энэ загвараар, зочид буудлын эзэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө байгууллага, сүлжээ зочид буудал эсвэл хувь хүнд түрээсэлдэг. Ихэнх тохиолдолд Түрээслүүлэгч үл хөдлөх хөрөнгөө тавилга, хэрэгсэлтэй нь цуг түрээсэлдэг тул Түрээслэгчийн хувьд хөрөнгө оруулалтын эрсдэл хүлээхгүй ч үйл ажиллагааны бүх төрлийн эрсдлийг хариуцна.
Түрээсийн төлбөрийг тогтоохын өмнө зах зээл дээрх үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа зочид буудлын түрээсийн үнийг сайн судалж, борлуулалт, ашиг орлогын дүнд үндэслэн хувь тохирох эсвэл тогтмол дүнгээр түрээсийн төлбөр өгөх/ авах эсэхээ шийдэх учиртай.
Мөн Түрээслэгч нь үйл ажиллагааны эрсдлийг бүрэн хариуцдаг тул түрээсэлж буй зочид буудлын нэр, брэндийг өөрөө шинээр үүсгэх эрхтэй.
Франчайз гэрээ
Франчайз гэрээ нь зочид буудлын брэнд болон зочид буудлын эздийн дунд хийгддэг хууль ёсны лицензийн гэрээ бөгөөд зочид буудал нь төлбөрийн үндсэн дээр тодорхой нэг брэндийн нэрийн дор үйл ажиллагаа эрхлэх боломжтой болно.
Олон улсад Marriott, IHG, Hilton, Accor/SBE зэрэг франчайз эрх олгогч группууд бий. Зочид буудлын эзэд нь Франчайз эзэмшигч болсноор Ritz-Carlton, Sofitel, Holiday Inn зэрэг брэндүүдээс сонгоно.
Ийм загварыг сонгосон зочид буудлын эзэн брэндтэй холбоотой үйлчилгээний стандарт, маркетинг болон захиалгын систем зэрэг үйл ажиллагаанд хэрэгтэй бүхнээ Франчайз олгогчийн заавар зөвлөмжийн дагуу гүйцэтгэдэг тул эрсдэл харьцангуй бага, өдөр тутмын үйл ажиллагаагаа өөрсдөө хянах боломжтой байдаг нь хамгийн том давуу тал юм.
Франчайз гэрээт зочид буудлууд Франчайз олгогчид дараах төлбөрийг төлдөг. Үүнд:
Жишээ нь: Marriot International нь Франчайзын гэрээг 20 жилийн хугацаатай хийдэг ба гэрээний хугацаа дуусах үед гэрээг сунгах боломжгүй нөхцөлтэй байдаг.
Хэрэв та The Ritz-Carlton, JW Marriott, Marriot Hotels, Renaissance Hotels, Four Points by Sheraton зэрэг брэндийн франчайз эрх авахыг хүсвэл хамгийн багадаа эхлэл төлбөр болох ойролцоогоор 75,000,000 ам.долларыг төлөх шаардлагатай. Дээр нь нэмж сар бүр өрөөний нийт борлуулалтын үнийн дүнгийн зургаан хувь, хоол ундааны борлуулалтын гурван хувьтай тэнцэх төлбөрийг бусад нэмэлт шимтгэлүүдийн хамт төлөх үүрэг хүлээнэ. (www.franchisedirect.com)
Менежментийн гэрээ
Ийм гэрээг хамгийн энгийнээр танилцуулбал, Marriott, IHG, Hilton, Accor/SBE... зэрэг группууд тухайн зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэсэн үг.
Менежментийн гэрээт бизнес загварын хувьд жил ирэх тусам гэрээний нөхцөл өөрчлөгдсөөр байна. Гэрээний хугацааг, гэрээний төлбөртэй харьцуулан харвал 2008 оноос өмнө дунджаар 21 жилээр гэрээлж, үйл ажиллагааны нийт борлуулалтаас 2,5 хувийн төлбөр авдаг байсан бол жил ирэх тусам гэрээний хугацаа багасч, төлбөр буурсаар байна. Сүүлийн жилүүдэд менежментийн гэрээний хугацаа дунджаар 17 жил, гэрээний төлбөр нь үйл ажиллагааны нийт борлуулалтын 1,7 хувь болж буурсан тохиолдол байна. Зочид буудлын зэрэглэл өсөх тусам гэрээний хугацаа урт байна. (Хала Матар Шуфани, Эрсин Илдрим, 2020)
Менементийн гэрээний төлбөрийн хувьд:
Суурь төлбөрийн хувьд нийт борлуулалтын 2-4 хувь байдаг бол зардлыг бага байлгах тал дээр дэмжлэг болох үүднээс үйл ажиллагааны нийт ашгаас 1,8-3 хувь авдаг байна. Зочид буудлын зэрэглэл өсөх тусам хувь буурна. Эдгээр хоёр төлбөрөөс гадна бусад үйл ажиллагаатай холбоотой буюу захиалгын системийн төлбөр, маркетингийн төлбөр, сургалт болон үнэнч хэрэглэгчийн төлбөр зэрэгт нийт өрөөний борлуулалтын 1-4 хувийг мөн төлнө.
Энэ төрлийн бизнес загварын хувьд эзэн зочлох үйлчилгээний салбарын туршлагагүй хэдий ч мэргэжлийн группуудтэй хамтран эрсдлээ бууруулах боломжтой. Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчид өөрийн аюулгүй байдал, тав тухыг нэн чухалчлах болсноор огт танихгүй дотоодын зочид буудлаас илүүтэй нэгэнт хэрэглээд дассан үйлчилгээ, орчиндоо татагдан, танил дотно олон улсын брэндүүдийг сонгох болжээ. Ингэснээр үйлчлүүлэгчид байрласан хоног, төлсөн үнийн дүнгээсээ хамааран дэлхийн аль ч хотод байрласнаас үл хамааран урамшууллын оноогоо цуглуулан хөнгөлөлт эдлэх, уух зүйлээр дайлуулах, энгийн үнээр өндөр зэрэглэлийн өрөөнд хонох зэрэг олон давуу талыг эдэлж байна.
Ийм загварт, эздийн хувьд өөрийн зочид буудлыг хүссэнээрээ удирдах боломж хомс, ашиг орлогын бялуугаа олон төрлийн төлбөр болгон зүсэж, хуваалцах хэрэгтэй болно. Хэрэв тухайн салбар зочид буудлын буруутай үйл ажиллагаанаас хамааран брэндийн нэр хүнд унавал дэлхийн бүх салбар нэгэн зэрэг хүндрэлтэй байдалд орох зэрэг сул талууд бас бий.
Хэрэв та олон улсын сүлжээ буудлын брэндтэй хамтран ажиллах талаар сонирхож байгаа бол аль загварыг нь сонгож үйл ажиллагаа явуулбал хамгийн тохиромжтой вэ? гэх асуулт урган гарна. Гэрээний төлбөр, нөхцлийн хувьд өөр байдаг боловч ерөнхийд нь хараад үзвэл эзэд өөрсдөө зочлох үйлчилгээний салбарын туршлагатай, зочид буудлын үйл ажиллагаандаа илүү оролцоотой байхыг хүсч байгаа бол франчайз гэрээ, харин өмнө нь энэ салбарт бизнес эрхэлж байгаагүй, анх удаа хүч сорьж байгаа бол менежментийн гэрээ илүү тохиромжтойг олон улсын зөвлөхүүд зөвлөдөг.
Нэмж сонирхуулахад та франчайз гэрээ хийхийг хүсч байгаа ч үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулахад хараахан бэлэн биш байна гэж үзэж байвал Менчайз (Manchise: Management-Franchise) гэрээг сонгож болно. Энэ нь менежментийн гэрээгээр брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлснээс хойш 5-7 жилийн дараа хамтран ажиллах гэрээгээ Франчайз болгон өөрчлөх боломжтой зочид буудлын бизнесийн холимог загвар юм.
Бид дараагийн удаа зочид буудлуудын төлөвлөлтийн талаар мэдээлэл хүргэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )