2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр улс орон даяар онлайнаар зохион байгуулагдаж эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, энэ жилийн шалгалтын онцлогийн талаар БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.
-Энэ жилийн ЭЕШ-д хэдэн хүүхэд хамрагдах тооцоо байгаа вэ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас 12 дугаар анги төгсөгчдийн танхимын хичээл удаан хугацаанд завсардсан. Энэ тал дээр анхаарч, ЭЕШ-ын даалгаварт зохицуулалт хийх үү?
-Энэ жилийн хувьд 12 дугаар анги төгсөж байгаа 35.7 мянга орчим суралцагч байна. Үүн дээр нэмэгдээд өмнөх онд төгссөн буюу дахин их, дээд сургуульд элсэхээр ЭЕШ-д хамрагдахыг хүсэгчдийг өмнөх жилүүдийн дунджаар тооцоход 3500 орчим шалгуулагч бүртгүүлнэ байх. Иймд энэ жил нийт 39 мянга орчим шалгуулагч ЭЕШ-д хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол байна. 2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын нөхцөл байдлын улмаас танхимийн сургалт тасалдаж, онлайнаар хичээл, сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс ЭЕШ-ын даалгаврын агуулгад тодорхой өөрчлөлтүүдийг оруулах юм. ЭЕШ нь шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой уралдаант шалгалт учраас даалгаврын агуулга, цар хүрээ ахисан түвшинд боловсруулагдаж гардаг. Тус шалгалтаар ямар нэг хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг хийх зорилгогүй. Нөгөө талаас зөвхөн 12 дугаар ангид сурч судалсан хичээлийн сэдэв агуулгын хүрээнд даалгавар боловсруулдаггүй. Бүрэн дунд боловсрол эзэмших нийт жилийн хугацаанд юу сурч, мэдсэнийг үнэлж байгаа онцлогтой шалгалт гэдгийг харгалзан үзнэ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн 12 дугаар анги төгсөгчдөд зөвхөн танхимаар судалсан хичээлийн сэдэв, агуулгын хүрээнд ЭЕШ-ын даалгавар ирнэ. Сургалтын хөтөлбөрийн хувьд 12 дугаар ангид судалсан сэдэв, агуулгын тодорхой хувь нь 9, 10, 11 дүгээр ангид судлагдсан хичээлүүд байдаг. Тэр агуулгын хүрээнд даалгаврыг боловсруулна гэсэн үг. Энэ жилийн ЭЕШ-ын бас нэг онцлог нь Монгол хэл, Орос хэл, Англи хэлний хичээлүүдийн шалгалтын даалгаврын агуулга дээр сонсоод ойлгох чадвар шалгасан даалгавар оруулдаг байсанд өөрчлөлт орсон. Энэ жил яг тэр хэлбэрээр оруулахгүй. Сонсоод ойлгох даалгаврыг тест юм уу нөхөх хэлбэрээр оруулахаар зохион байгуулалт хийж байгаа.
-ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Харин шалгалт нь зургаадугаар сарын дундуур товлогдох төлөвтэй гэсэн. Шалгалтын даалгаврын урьдчилсан агуулга, төлвийг гаргадаг шүү дээ. Тэр мэдээлэл нь хэзээ гарах вэ?
-Дөрөвдүгээр сарын сүүлчээр ЭЕШ-ын хичээлийн даалгавруудын хамрах хүрээ, агуулгыг олон нийтэд мэдээлнэ.
-Одоо ЭЕШ-д бүртгүүлэхдээ юунд анхаарах вэ?
-Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар шалгуулагч бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хамгийн түрүүнд хичээл сонголтоо хийнэ. ЭЕШ-ыг 10 хичээлээс сонгож өгнө. Эцэг, эх, багш, найз нөхөдтэйгээ зөвлөлдөж, сурах сургуулиа судалж ямар мэргэжилтэй болохыг хүссэн тэр чиглэлийнхээ дагуу хичээл сонголтоо зөв хийгээрэй. Бүртгэлийн хугацаанд хичээл сонголтыг нэмж болох ч хасаж болохгүй гэдгийг анхаараарай. Мөн бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас заасан хугацаанд бүртгүүлэх шаардлагатай.
-Шалгуулагч монгол хэл бичгийн шалгалт заавал өгөх үү?
-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бүх шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө. Тиймээс тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Монгол хэл бичгийн шалгалт босго оноотой. Тухайн оноог давсан тохиолдолд ЭЕШ-д орох эрх нээгдэнэ. Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Энэ хүчинтэй хугацаандаа батламжтай өмнөх төгсөгч шалгалт өгөх шаардлагагүй.
-Энэ жилийн 12 дугаар анги төгсөгчид онлайнаар ЭЕШ-д бүртгүүлэхэд ямар бичиг баримт шаардах вэ?
-Нэгдүгээрт, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/ хэрэгтэй. Хоёрдугаарт, өнгөт цээж зураг файлаар бүртгүүлнэ. Цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх шаардлагатай. Гуравдугаарт, шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаа бүртгүүлнэ. Тус и-мэйл хаягаар нь цаг тухай бүрт хэрэгтэй мэдээллүүдийг БҮТ-өөс явуулж байна. Дөрөвдүгээрт, нэг хичээлийн шалгалт 5800 төгрөг, батламж 700 төгрөгийн үнэтэй байхаар хураамжаа төлнө. Хэдэн ч хичээл сонгосон нэг батламж хуудас өгнө. Батламж, шалгалтын төлбөрөө бүх банкны картаар төлж болно. Төлбөр төлөх карт заавал шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.
-Бүртгүүлсний дараа шалгуулагчийн хувийн мэдээлэлд алдаа гарвал хаана хандах вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсний дараа хувийн мэдээлэл зөрсөн буюу овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд тухайн сурч буй сургуулийн сургалтын албанд хандсанаар Боловсролын үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж, дараа нь үнэлгээний төв дээр мэдээлэл засагдах боломжтой. Багш, эцэг, эх, шалгуулагчид help.eec.mn сайтаас ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )