Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Мьянмарт хууль хүчнийхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн мэдээллээр, өнгөрсөн ням гарагт 1100 гаруй хүнийг саатуулсан байна.

Тус улсад цэргийн эргэлт гарсны дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан өдөр ирэх тусам илүү ширүүсэж, жагсагчид хаалт барьж эхэлсэн байна. Хууль хүчнийхэн жагсагчдыг тараах зорилгоор ус шүршигчээс авахуулаад галт зэвсэг зэргийг ашиглаж байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд хүчирхийлэл газар авч буйг буруутгаж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг зогсоохыг цэргийнхнээс шаарджээ.

Энэ оны хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын арми  тус улсад нэг жилийн хугацаанд онц байдал тогтоож, тус улсын Ерөнхийлөгч, Төрийн зөвлөх зэрэг удирдлагуудыг баривчилсан билээ. Үүний дараа улс орон даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж эхэлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top