Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн А/208 дугаар тушаалаар зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим санг бий болгох ажлыг судалж, санал танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.
Үүнтэй холбогдуулан тус яамнаас “Зөрчлийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн ажлын даалгаврыг боловсруулж, өнөөдөр Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.
Зөрчлийн дундын нэгдсэн санг бий болгосноор хууль хяналтын 31 байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх 12 мянган эрх бүхий ажилтан зөрчлийн хэргийг тухай бүрт нь цаг алдалгүй бүртгэж, дундын мэдээллийн цахим санг үүсгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тоон мэдээллийг нэгдсэн нэг системээс харах, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа хойшлох, хугацаа сунгах явдлыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно.
Түүнчлэн улсын хэмжээний зөрчлийн хэргийн тоон мэдээлэл, бүртгэл баримтыг цаг алдагдалгүй, бодитоор гаргах, иргэдэд төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох, ил тод мэдээллээр хангах чухал үүрэгтэй.
Тухайлбал, Прокурорын байгууллагын тухайд хэрэг бүртгэж, шивэлт хийх шаардлагагүй болох бөгөөд зөвхөн системээс ирсэн гомдлыг шалгадаг болно. Харин эрх бүхий албан тушаалтны хувьд механик ажиллагааг халж, зөрчлийн хэрэг маргаан, хянан шийдвэрлэх цогц цахим бүртгэлтэй болох юм. Тэгвэл иргэн, хуулийн этгээдийн зүгээс өөрт хамааралтай зөрчлийн мэдээллийг мессеж болон вебээс авах, прокурорт цахимаар өргөдөл, гомдлоо гаргаад зогсохгүй зөрчлийн талаарх мэдээллээ цахимаар шалгах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг маргаан, хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ гэж Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс үзэж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )