Мьянмарын “цуст” өдөр: 38 жагсагч амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Мьянмарын цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн сарын эхээр эхэлснээс хойш нийт 50 гаруй хүн амиа алдаад байна. Өнгөрсөн лхагва гарагт /2021.03.03/ НҮБ-ын тусгай төлөөлөгчийн мэдээлснээр, хэлснээр, 38 хүн амь насаа алджээ. Хууль хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд илүү хэрцгий хандах болсон тухай жагсагчид, ажиглагчид ярьж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.

“Мьянмарын томоохон хотууд Тяньаньмэний талбайг санагдуулам болсон” гэж Янгон хотын ширээт лам Чарлз Маунг Бо твиттертээ бичсэн байна.

НҮБ-ын Мьянмарын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кристин Шранер-Бургенер лхагва гарагийг цэргийн эргэлт гарснаас хойших хамгийн “цуст өдөр” боллоо гэж тодорхойлжээ.

АСЕАН-ы гадаад хэргийн сайд нар Мьянмарын хунтын засгийн газарт хандан жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэхгүй байхыг уриалжээ.

Мьянмарын Иргэний үл дагнах хөдөлгөөн ихэнх томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байна. ВВС агентлагийн мэдээллээр, лхагва гарагт амиа алдсан хүмүүсийн ихэнх нь цээж, толгойдоо бууны шарх авсан байсан нь цэрэг, цагдаагийнхан байг онилж буудаж байсныг илтгэж байна гэжээ. Жагсаал зохион байгуулагчдын ярьснаар, цагдаа нар нулимс асгаруулагч хий, гэрэлт болон дуут гранат ашиглан, жагсагчид руу бууджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баасан гарагт /2021.03.05/ Мьянмарын асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр болов. Зарим улс орнууд Мьянмарын эсрэг хориг арга хэмжээ авахаар зэхэж байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд жагсагчид янз бүрийн арга ашиглан, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Уламжлалт тайван алхалтаас авахуулаад гаднын улс орнуудын элчин сайдын яамны гадаа хөгжимт үзүүлбэр, ажил хаялт зохион байгуулах, зам хаах зэрэг арга хэмжээг зохион байгуулсан билээ. Зарим үед заан хөлөглөн жагсаалд оролцох тохиолдол мөн гарсан.

Мьянмарын арми хоёрдугаар сарын 1-нд засгийн эрхийг булаан авсны дараа тус улсад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа билээ. Цэргийнхэн эрх баригч намын дарга Ан Сан Сү Чи, Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин зэрэг албан тушаалтнуудыг баривчлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шүүмлэх сайхан(103.212.119.109) 2021 оны 03 сарын 05

зөв

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 05

Одоо удахгүй олон улсын чөлөөлөх арми орж Афганистанархуу дайны гал зогсдоггүй нэг тийм талхлагдсан орон болох буйзаа.

1  |  0
Top