Дахиад л Ардчилсан намын даргын сунгааны тухай бичихээс аргагүй боллоо. Энэ намын гаргах шийдлээс шалтгаалж улс төр цааш хэрхэн зурагдах нь шалтгаалах болохоор бас орхиж болохгүй юм. Тус намын хувьд хоёр хуваагдсан байдалтай байгаа. Анх УИХ-ын 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсний дараа С.Эрдэнэ АН-ын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлээд “Усанд хаясан чулуу шиг алга болсон”. Ингээд тамга атгах эрх мэдэлтэй үлдсэн үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын Их хурлаа өнгөрсөн оны аравдугаар сард цахимаар хуралдуулж дүрмийн өөрчлөлт хийв. Ялагдсан намын туулдаг л зам. Гэхдээ дүрмийн өөрчлөлт хийхдээ намынхаа дүрмийн 5.12.4.2.1 гэдэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл Үндэсний бодлогын хороогоор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн утгатай байсан нь илрэв. Дагаад 2021 оны долоодугаар сарын 01-н хүртэл хүчинтэй байна гэж тодотгосон уг заалтыг намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гишүүддээ мэдэгдэлгүй нууцаар оруулсан гэдэг маргаан өрнөсөн юм.
Ганцхан Ерөнхийлөгч Х.Баттулгад хамааруулж ойлгох уг заалтыг АН-аар өөрийгөө авторлодог олон лидерүүд нь эсэргүүцэж эхэллээ. Улмаар намаа УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдуулсан хариуцлагаа хүлээгээд улс төрөөс үүрд явсан мэт байсан С.Эрдэнэ аврагчийн дүрээр эргээд ирэх нь тэр. Ц.Туваанаас тамгаа нэхээд өгөхгүй болохоор нь улсын бүртгэлийн баримтаа ашиглаад өөртөө нэгийг хийлгэчихэв.
Түүний талд өнөөдөр ил харагдаж байгаагаар Э.Бат-Үүл, С.Одонтуяа, Р.Амаржаргал гээд басаж болохооргүй хүмүүс бий. Наана нь харагдаж байгаа нь энэ хэд болохоос цаана нь Ц.Элбэгдоржоос эхлээд дэмжиж байгаа хүмүүс олон гэх. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Да.Ганболд, М.Энхсайхан зэрэг хэрэгт сэрдэгдэж, ял шийтгэл авсан олон хүн Ерөнхийлөгчид гомдолтой байгаа. Зарим нь бүр нуудаг ч үгүй. Тэднийг тойрон хүрээлсэн хүмүүс өдийг хүртэл энэ намд өчнөөгөөрөө байгаа нь дамжиггүй. Харин Ц.Тувааныг залуус гол төлөв хүрээлж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжиж байгаа юм билээ. Ийнхүү албан тушаалтай, тушаалгүй ардчилагчдын зодоон эхлээд одоо өрнөөд явж байна. Хэн нь ялах тухайд одоо ямар ч таамаг алга.
Тамга тэмдэг булаалдсан маргааныг нь Дээд шүүх тасалж өгөх ёстой байтал бараг л эс үйлдэхүй хийж өнөөг хүртэл АН-ыг хагарал дунд нь тарчлааж байгаа. Хоёр намынх нь даргыг аль алийг нь Дээд шүүх баталгаажуулаагүйг хэлж байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад АН-ын лидерүүд хоорондоо хэлэлцэж эвлэхээс илүүтэй тус тусдаа үйл ажиллагаа явуулахыг сонгож байгаа нь сонин л зүйл. Ц.Тувааны АН нь намын даргын сунгаагаа эхлүүлээд өчигдөр нэр дэвшигч нартаа албан ёсоор үнэмлэхийг нь гардуулснаа зарлалаа. Анх 16 нэр дэвшигч бүртгүүлсэн тус сунгаанаас үлдэж хоцорсон нь С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин нар юм. Ц.Оюунгэрэлийн хувьд дэнчингийн мөнгийг хандиваар босгосон боловч Дотоод сонгуулийн хорооныхоо дансанд эргэлзсэний улмаас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авч чадсангүй. УИХ дахь АН-ын намын бүлгийн гишүүд нь О.Цогтгэрэлийг дэмжиж байна гэсэн мэдээлэл ч цацагдсан байна лээ. Тус нэр дэвшигчид өнөөдрөөс сурталчилгаагаа эхэлж 12 хоног үргэлжлүүлээд энэ сарын 26-нд дуусгана. Дараа нь энэ сарын 28-нд АН-ын гишүүд даргаа сонгох санал хураалт өгч тодруулах учиртай. Гэхдээ эдгээр нэр дэвшигчид нь нам дотроо өнөөдрийг хүртэл арын эгнээнд явсан хүмүүс. Заримыг нь бүр улстөрч ч гэж харахад эргэлзээтэй намтартай л даа. Тийм болохоор тус сунгаанаас аль нь ч тодорсон эрх мэдлээ хэрэгжүүлж чадна гэдэг нь өнөөдөр эргэлзээтэй байна. Бас энэ сунгаанаас тодорсон хэнийг ч Х.Баттулгынх гээд цоллоод байхад олон нийт хүлээж авахгүй шүү дээ.
Эргэлзээтэй байлгаад байгаа ганц шалтгаан нь нэр дэвшигчдэдээ байгаа ч юм биш. С.Эрдэнийн АН нь бас сонгууль зарлаад байгаа. Гэхдээ АН-ын даргын сонгуулиас өмнө намын дунд шатны байгууллагын дотоод сонгуулиа хийхээ зарлаж өчигдөр нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө. Улмаар энэ сарын 19-нөөс намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж дөрөвдүгээр сарын 25-ны өдөр намын даргаа сонгоно гэж мэдэгдэв. Энэ үеэр нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл “Би нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлж байгаа олон шалтгаан бий. 2016 онд намайг явснаас хойш нийслэл ажил хийсэнгүй. Бидний эхлүүлсэн ажил бүгд зогссон. Тиймээс энэ миний нэр дэвших шалтгаан гэж үзэж болно. Мөн Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас АН-ын дотор нэлээд төвөгтэй, зөрчилтэй байдал үүссэн. Уг нь Үндсэн хуулиар шүүх гэдэг бол үүссэн маргааныг шийдвэрлэх эцсийн шат байдаг. Дээд шүүх энэ үйл ажиллагаагаа хийгээгүйгээс болоод манай нам дотор зөрчилтэй байдал үүссэн. Энэ асуудлыг бид шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2024 оны сонгуульд ч эрсдэл үүсэж мэдэхээр байна. Тиймээс би энэ намын гол зүрх, хүндийн төв болсон нийслэлийн АН-ын даргад нэрээ дэвшүүлж байна. Хэрвээ энэ сунгаад амжилт үзүүлбэл энэ намыг нэгтгэх том үйл ажиллагаанд нийслэлийн намыг дайчилж ажиллана гэсэн хүсэл зорилго байгаа” гэжээ.
Мөн өчигдөр АН-ын удирдлагууд гэж өөрсдийгөө нэрийдсэн С.Эрдэнийн талынхан мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Улсын бүртгэлийн гэрчилгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын долоодугаар Их хурлаас гарсан тогтоол бүгд хүчинтэй. Бусад үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу биш гэсэн үг. Намын дүрэм хаана хүчинтэй байна тэнд хууль ёсны үйл ажиллагаа, шийдвэрүүд гарна. Дотоод сонгуулийн хорооны гишүүн байсан И.Мөнхжаргал, Ц.Туваан зэрэг хүмүүс хууль бус үйл ажиллагаануудаа зогсоохгүй бол Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл болно шүү гэдгийг анхааруулмаар байна. Намын тамга тэмдэг, баримт бичиг, бланкыг хуурамчаар ашиглах нь гэмт хэрэг” гэсэн байна. Энэ зэрэг зарласан АН-ын даргын сонгуулиуд, намаа хувааж авсан хүмүүсийн байр суурийг харахад АН мөд эвлэрэхгүй бололтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Хоорондоо учираа ололцож чадахгүй бол тараа наад намаа, урд урдаасаа харж суугаад нэг нэгнийхээ үгийг сонсож чадахгүй байгаа хүмүүс Монгол Улсад байгаа олон үзэл бодолтой, олон нам бүлгийн хүмүүстэй хэл амаа ололцоод манлайлаад явна гэж байхгүй. Ийм нам ч Монгол Улсад хэрэггүй хурдхан тарах эсвэл их хурал зарлаад ор тас шинэ хүмүүс хурал удирдаад, чиглүүлээд, шинэ хүмүүсийг удирдлагадаа сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ нам цаашид дэмжлэг авахад хэцүү боллоо
Ychraa olood nam shig nam bj chadahgvi bol bplitsgoo.
АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД ТАЛЦАЖ БАЙГАА ХОЁР ТАЛААС ДАРГА, АЖЛЫН АЛБА, ГЕНСЕК, НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧИД ТЭР ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР НЭРЛЭГДЭЖ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСИЙГ, ТЭР ОЮУ ТОЛГОЙ БОЛОН ГАДНЫ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДТАЙ ХОЛБОГДСОН БҮХ ХҮМҮҮҮСИЙГ АРДЧИЛСАН НАМААС ШУУД ХӨӨЖ ЭНЭ НАМЫН ГИШҮҮНЭЭР ДАХИН ЭЛСЭХ ЭРХГҮЙГЭЭР АРДЧИЛСАН НАМААС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ ЧАДВАЛ ЭНЭ НАМ ЦЭВЭРШИЖ, БОДИТ УТГААРАА УЛС ТӨРИЙН ЗАМНАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ. ҮҮНИЙГ АН-ЫН ЧАДАЛТАЙ ЗАЛУУС ДУНД ,АХМАД ҮЕИЙХЭН, ЭМЭГТЭЙЧҮҮД БҮГД ХАМТАРЧ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ НАМАА АВРАХ ХЭРЭГТЭЙ.