Монгол-Японы хамтарсан «Шинэ зуун» төслийн хүрээнд хийсэн археологийн судалгаагаар XIII зууны үеийн Монголын их хааны өргөөг илрүүлжээ. Чингис хааны «Аураг орд» буюу «Аварга хот» хэмээн түүхийн эх сурвалжуудад дурдагддаг энэ хосгүй чухал байгууламжийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнгийн хөдөө арлын орчмоос олов. Мөн энд төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлж байсан тогтоцыг илрүүлсэн нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаж мэдэх юм. Тэртээх найман зууны өмнө их хаан өргөөгөө засан, төрийн их хэргээ шийдэж байсны ул мөртэй энэ газарт Чингисийн «Аураг орд» нууцлагдан байна гэдгийг хамгийн сүүлийн үеийн металл хайгчаар хийсэн геофизикийн судалгаагаар тогтоожээ. Манай нэрт археологич Хөдөөгийн хэмээн ачдаршсан Пэрлээ гуай өнгөрсөн зууны жараад онд энэ хавийн газрыг судласнаар «энд төмөрлөг боловсруулдаг үйлдвэр ажиллаж байжээ» гэсэн таамгийг анх дэвшүүлж байсан билээ. «Аураг ордон»-ы нийт талбайн хэмжээ 1200x400 метр орчим хэмээн одоогоор тогтоогоод байна. Судалгаагаар мөн хоёр ч давхар хэрэм тогтоогдсон нь Чингис хаан, Өгөдэй болон Юань гүрний үед холбогдоно гэж үзэж байна. Энэ талаар Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч Б.Цогтбаатараас тодруулбал «Тийм» гэсэн товчхон хариу өглөө. Харин энэ нь Монгол улсын нийслэл Хар Хорумын ач холбогдлыг огтхон ч бууруулахгүй, үгүйсгэхгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )