Танай хүүхэд ямар тоглоомоор тоглодог вэ? Удахгүй наадам болно. Аав, ээжүүд хүүхдүүддээ баярын өдрөөр амтат идээ ундаанаас гадна ямар нэг тоглоом авч өгөхийг хичээдэг. Тэгвэл бага насны хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоом хаана байдаг вэ. Ямар тоглоом хүүхдэд хортой, ямар нь хоргүйг бид хэр зэрэг мэдэх вэ. Харамсалтай нь эдгээрт тоймтой хариу өгөх хүн одоогоор бараг алга байна. Мэргэжлийн байгууллагууд нь ч олигтой хариу өгдөггүй. Уг нь стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс дөрвөн төрлийн стандарт баталсан юм гэнэ. Үүнийг нь мэддэг худалдагч, бизнесмен, эрүүл мэндийн яамны ажилтан ч ховор бололтой. Эдгээр стандартууд батлагдаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байгаа боловч Эрүүл мэндийн яаманд нь ирээгүй байгаа ажээ. Яамны дарга нар нь болохоор “Стандартчлал хэмжил зүйн газрынхан батлагдсан стандартаа 4-5 сая төгрөгөөр худалдана гэдэг. Бидэнд батлагдсан төсөв байхгүйгээс авч чадахгүй байна” гээд сууж байдаг юм байна. Стандартуудыг нь анх боловруулахад Эрүүл мэндийн яамны ажилтан, холбогдох мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсэг томилогдон ажиллажээ. Гэтэл тэдний бүтээлийг Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөл нь батлан хэвлүүлж аваад хав дарчихсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагуудад цөөн тоогоор үнэгүй өгөөд бусдад нь үнэ хүргэж байгаа нь тэр юм болов уу даа. Манайд гаднаас орж ирж байгаа бага насны хүүхдийн толоом ихэвчлэн Хятадынх. Европын орнуудаас тун цөөн ирдэг. Хятадын тэдгээр тоглоомуудад нарийвчилсан шинжилгээ хийх гэхээр бас л мөнгөгүйдээд чаддаггүй гэж Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд үгээ барж сууна. Бага насны хүүхдүүдийн тоглоомонд хийсэн зарим нэг шинжилгээгээр формалин хэмээх бодис илэрч байжээ. Энэ нь аль ч насны хүнд хортой. Үхсэн хүний цогцосыг муутгахгүйгээр хадгалахад зориулагдсан химийн элемент агуулагддаг бодис юм. Шарил хадгалах газрынхан үүнийг маш сайн мэддэг. Эмч нар ч андахгүй. Хүүхдээс хол байлгахыг онцгой анхааруулсан тусгай санамж бүхий бичигтэйгээр хадгалах журамтай. Ийм хорт агууламж бүхий бодис ялгаруулдаг тоглоомыг бид мэдэхгүй л хүүхдүүддээ худалдан авч өгөөд байдаг ажээ. Мөн хар тугалга, кадми зэрэг хортой бодис ч илэрчээ. Цаашид судалгаа шинжилгээ шаардсан олон ажил хүүхдийн тоглоомыг тойроод байж л байна. Ядаж эцэг эхчүүд маань ямар тоглоом худалдан авч болохгүйг сайтар мэдэхгүй байгаа нь аймшигтай юм. Хил гаалиар оруулж ирдэг тоглоомуудыг хянах тал дээр мэрэгжлийн хяналтынхан анхаарах цаг болсон байна. Уг нь тэрхүү стандартууд нь 4-5 сая төгрөг биш 164 мянган төгрөгөөр үнэлэгддэг юм билээ. Гэтэл яагаад Эрүүл мэндийн яамныхандаа тийм өндөр үнэ хэлээд гэдийж буйг бодитой тайлбарлах хүн Стандартчилал хэмжил зүйн газарт одоогоор олдохгүй байна. Харин төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаа нь л эндээс илүү тод харагдлаа. Уг нь Улсын мэргэжлийн хяналтын байгууллага нь стандартыг мөрдөхөд хатуу хяналт тавих үүрэгтэй. Тэднийхэн ч олигтой юм хийдэггүй бололтой. Гэхдээ та хүүхдийнхээ тоглоомыг хар тугалга, кадми, формалин зэрэг хорт бодисын хольцтой эсэхийг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содсүүгээс сайтар лавлаарай. Тэр л мэдэх байх.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )