Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдыг төлөөлөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ сарын 12-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 674.6 мянган толгой мал хорогдсон. Үүнээс хамгийн их малын хорогдолтой байгаа Баянхонгор аймагт 344.9 мянган мал хорогдсон бөгөөд энэ нь улсын хэмжээний нийт мал хорогдлын 50 хувь юм. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зургаан сумын 23 өрх огт малгүй болсон. 15 сумын 238 өрх малынхаа 50-иас илүү хувийг хорогдуулсан. Гуравдугаар сарын сүүлийн 10 хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтрэх учир хаваржилтыг хүндрүүлэх эрсдэлтэй байна. Дөрөв, тавдугаар сард дулаан боловч хуурайшилт ихтэй байхыг анхааруулж, бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэж хэлснийг мал сүргийн хаваржилтын талаарх танилцуулгад онцоллоо.
Дараа нь 2021 оны намрын ургац хураалт хүртэл хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гарахгүй, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ. Монгол Улсын хэмжээнд 2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, долоон мянган га-д жимс, жимсгэнэ тариалахаар төлөвлөжээ. Ийнхүү нийт 530.3 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Мэдээлэлтэй холбогдуулан АН-ын байр суурийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, үг хэлэв.
С.Одонтуяа: -Польш улсын 10.2 сая еврогийн санхүүжилтээр хүнсний агуулахууд барина гэж байна. Үүнийг хувийн хэвшил барих уу эсвэл төрийн өмчит байгууллага нэмэгдэх үү. Хоёрдугаарт, нийслэлд байгаа гэр хорооллын айлууд хашаандаа хүнсний ногоо тарихад яамнаас дэмжлэг, бодлого байна уу. Өрхийн буюу гэр хорооллын иргэд хүнсний ногоо тариалахад хөнгөлөлттэй зээлд хамрагдах уу.
З.Мэндсайхан: -Польш, Монголын хоёр улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.2 сая еврогийн санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийн сүлжээ өргөжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд 8.5 мянган тонн багтаамжтай хүнсний агуулах найман аймагт байгуулна. Хүнсний ногоо тариалалтад нэг талдаа үр болон техник тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байна. Нөгөө талдаа гол асуудал бол ногоочдын маань бүтээсэн, тарьсан хүнсний ногоог агуулах, хадгалах асуудал хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг хоёр улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэе гэсэн зорилт тавиад энэ хавар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тус агуулахуудыг хувийн хэвшлүүд цаашдаа өөрсдөө аваад явна. Энэ жил “Өрхийн тариалан” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж, хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлж, ингэхдээ өрхүүдэд үр, хүлэмжийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.
Н.Алтанхуяг: -Хөнгөлөлттэй зээлээр агуулах зоорь барих нь зөв. Гэхдээ нэг юм ойлгосонгүй төр барьж байгаа юм уу. Дараа нь хэний өмч болох юм. БНХАУ-ын хэдэн төгрөгийн зээлийг юунд зарцуулж байгаа юм. Төсвийн хөрөнгөөр суулгац үржүүлгийн төвийг Төв аймагт байгуулсан гэлээ. Ямар хэмжээний мөнгөөр яагаад төсвийн хөрөнгөөр барьж байгаа юм бэ. Хувийн хэвшлүүдээ дэмждэггүй юм уу. Ерөнхий сайдыг өөрөө орж ирж мэдээллээ хийнэ гэж бодоод иргэний хүсэлт тавъя гэсэн алга байна. Гэхдээ иргэний асуултыг хэлье. “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлдэг хүн бүр тодорхой хэмжээний зээлтэй байгааг автоматаар гурван хувь руу шилжүүлж болдоггүй юм уу. Учир нь банк өмнөх зээлээ хаагаад дахиж зээл хөөцөлд, судалгаа явуулна гэх юм. Хэдэн сар хөл хорионд байсан хүмүүст ямар орлого байх вэ. Иймээс зээл авах боломжгүй болж байна” гэдгийг уламжилж өгөөрэй гэж иргэн хэлсэн. Энэ хүний саналыг би ч мөн дэмжиж, асууж байна.
З.Мэндсайхан: -Төр газар олгох, хувийн хэвшлүүд санхүү, хөрөнгө оруулалтаа босгох замаар уг агуулахуудыг барьж, дотоодын төв, суурин газрын хүнсний хэрэгцээг таслахгүй байх талаас нь шийднэ. Тус газрыг нь НЗДТГ-тай хамтран шийдсэн. Өмнө нь БНХАУ-аас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжид зарцуулах 40 сая ам.долларын зээл хэрэгжсэн. Эргэн төлөлтөөр төлөгдөж байгаа. Жимсний үр суулгацын 55 сая төгрөгийн дэмжлэгийг Жимсний холбоогоор дамжуулж олгоно. Гурван хувийн хүүтэй зээлд Засгийн газраас “НӨАТ-аа төлөөч” гэсэн ганцхан шалгуурыг аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа. Бусад шалгуур нь арилжааны банкуудын тавьж байгаа шалгуур. Засгийн газраас гурван хувийн хүүтэй зээлд өөр нэмэлт шаардлага тавихгүй.
Ц.Туваан: -Энэ жилийн хавар өвөлжилт хүндэрсэн аймгуудад онцгой хүнд хавар болно. Хөдөө аж ахуйн яам урьд урьдаас илүү бэлтгэлтэй байх ёстой. Саяын шуурга бол маш том нэрмээс боллоо. Өнгөн хөрсөнд байдаг өвсөн бүрхүүл хийссэн. Малын хамар хатгах хялгана байхгүй болсон шүү. Ялангуяа Төв аймгийн урд талын сумууд, Дундговь аймаг бүхэлдээ. Үүнд бэлтгэлтэй байгаарай. Улаанбаатар хотын гудамжны хөрс шиг хөрс бий болсон. Мал, аж ахуйд онцгой эрсдэл учирсан. Засгийн газарт УИХ-д асуудлаа сайн танилцуулж бэлэн байгаарай гэж хэлмээр байна. Хаврын тариалалтын үрийн нөөц, урамшуулал дээр ямар бодлого явуулж байгаа вэ. Шаардлагатай үр хангалттай байгаа юу. Үрийн үнэ ч тэнгэрт туллаа. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгнө гэж байсан. Үүний гүйцэтгэл яг хэдэн хувьтай явж байна вэ. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 500 тэрбум төгрөг гээд том тоонууд яваад байна. Өмнөх зээл нь юу болоод байгааг эхлээд тодруулъя.
З.Мэндсайхан: -Энэ жил хаврын тариалалтад бэлтгэж гурван аж ахуйн нэгжээр дамжуулан ОХУ-аас 12 мянган тонн үрийн будаа авч байгаа. Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр 5000 орчим тонн үрийн будаа байна гэхээр нийт 16 мянган тонн үрийн будааг тариалалт эхлэхээс өмнө бэлэн болгоно. Хаврын тариалалтад дунджаар 45-50 мянган тонн үр хэрэгтэй болдог. Үүнээс 30 орчим хувьд үрийн шинэчлэлт хийнэ гэсэн тооцоогоор бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх жилээс үрийн үйлдвэрлэл явуулах болон урамшууллын тогтолцоог бий болгоно. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгосон. Үүнээс 76 тэрбум төгрөгийн зээлд 833 аж ахуйн нэгж хамрагдсан. Энэ салбарт оролцогч 1400 орчим аж ахуйн нэгж бий. Энэ жилийн хувьд тус хөнгөлөлттэй зээлд зориулж 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй гаргаж байгаа юм. Харин 500 тэрбум гэж том тоо биш. Бодитоор хэрэгжих, эх үүсвэрүүд шийдэгдсэн зээлүүд юм шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )